Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Түүх өгүүлэн үлдэх гэрэл зураг DNN.mn


Хүн болгон өөрийн түүхтэй. Бид насан туршдаа өөр өөрсдийн орон зай, цаг хугацаанд түүхээ бүтээж амьдардаг. “Ер нь хүн гэдэг амьтан түүхээр, дурсамжаар амьдардаг нь үнэн шүү дээ” гэж оюун санааны томчууд бүгд шахам хэлсэн байдаг. Тэгвэл тэрхүү түүхийг, дурсаж явах дурсамжийг гэрэл зураг л хамгаас илүү мөнхлөн үлдээдэг. Бас зураач урчуудын хувьд ч тэдний уран бүтээл нь тухайн цаг үеийнхээ хамгийн томруун илэрхийлэл болж байдаг ажгуу. Хүмүүс дурсамжаа сэргээхдээ бас л гэрэл зургийг хэд дахин илүү ашигладаг. Гэрэл зураг өнөө цагт тийм сонин биш санагдаж болох. Гэтэл үгүй аж. Хүн төрөлхтөн харин ч гэрэл зурагт бүүр илүү ач холбогдол өгдөг болсон. Учир нь мөнөөх л дурсамжаа хадгалж үлдэх гэсэн санаа шүү дээ. Саяхныг болтол айл бүрийн хойморт тэдний түүхийг өгүүлэх гэрэл зургуудаар дүүрэн жааз гэдэг зүйл байлаа. Харин өнөө цагт тэрхүү айлын түүхийг өгүүлэгч жааз гар утас руу эргэлтгүй шилжсэн байх юм. Гар утсаар авсан зураг бүхэн хувь хүний, өрх гэрийн дурсамж болон мөнхлөгдөж байна. Гэрэл зургийн бас нэг чухал нь маш богино хугацаанд маш их мэдээлэл олж авах бололцоог бүрдүүлдэг гэж боддог. Урт сунжирсан зүйл үзсэнээс хэдэн зураг хараад алив зүйлсийн, тухайн хүний тухай эхний ээлжинд боломжийн мэдээллийг авчихаж дөнгөнө.

“Өдрийн сонин” эрхэм уншигч та бүхэнд нэгэн сонирхолтой зүйлийг санал болгож байгаа юм л даа. Та бүхэн манай сонины арын нүүрэнд гардаг гэрэл зургийн буланг мэдэх биз. Тэгвэл тэр буланд та өөрийн түүхийг өгүүлэх гэрэл зургийг хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгож болно. Хамт олноороо, ах дүү, аав ээжтэйгээ гээд аз жаргалтай, түүх болон үлдсэн нандин дурсамжуудаа манай сонинд хэвлүүлж аваад цаадуулдаа бэлэг болгож өгвөл бас л тун дажгүй өвөрмөц бэлэг болох бус уу. “Гэрэл зураг түүх өгүүлнэ” булан маань таны ч түүхийг бас өгүүлье. Дээрх зураг бол бичигч би оюутан болсон намар буюу 1997 онд төмс хураалтанд явах үедээ ангийн хэсэг залуусын хамт авахуулсан зураг. Баруун гар талаас Батхолбоо, Нямсүрэн, би, Зоригтбаатар, Цогт нар. Оюутан цагийн дурсамж сэргэчихлээ байна… Хамаг бүхэн бороо мэт арилахад гэрэл зураг шороо мэт үлдэнэ…

Гэрэл зураг хүлээн авах мэйл: tsetsegjargal1978@gmail.com

Утас: 88039559

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *