2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Монгол Улсын Сонгуулийн тухай шинэ хууль Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. Энэ удаа орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан хуулийн зарим заалтыг Сонгуулийн ерөнхий хорооноос тодрууллаа.
Тус хуулийн 125-ын 5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх тухай заасан байна. Өнгөрсөн сонгуулиас эхлэн УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль зэрэг болдог болсон.
Сонгуулийн тухай хуулийн 68-ын 1-д сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана гэж заасанчлан нэр дэвшигч түүнээс өмнө өөрийн сурталчилгааг ямар нэгэн хэлбэрээр явуулахыг хориглох юм байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанаас бусад хугацаанд нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар нэр дэвшиж байгаагаа сурталчилбал хуулиар хариуцлага хүлээнэ.