Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Улсын Их Хурал 2020 оны ээлжит бус чуулганы наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг, гишүүнээр Ж.Болд, Э.Түвшинжаргал нарыг томилсон тогтоолыг баталсан билээ. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2020.08.31/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан удирдав. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний үнэмлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийн хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөсөн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд баяр хүргэе. Сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ба гишүүд нь Үндсэн хуулиар баталгаажуулсан “…Иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийн удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох…” эрхийг гардан хэрэгжүүлэгч билээ. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж, хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх, ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэж байна. Ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон Та бүхний ажилд амжилт хүсье” гэв

Ёслолын ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Бямбадулам, зөвлөх Б.Хатантуул болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм улс-төр

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.02.06/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Улсын Их Хурал 2020 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилсон тогтоол гаргасан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилоод байгаа юм.

Эдгээр гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулж, ёслолыг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангарагийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гардуулаад, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, сонгогч олон түмний итгэл найдварыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ёслолын ажиллагаанд Сонгууийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар байлцлаа.

Ёслолын дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан Үндсэн хуулийн байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо. 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага юм. Үндсэн хуульд зааснаар төрийн эрхийг ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдэг учир тэрхүү төлөөллийг хэн нэгнээс хараат бусаар, хуулийн дагуу, шударгаар сонгох ажлыг зохион байгуулах чухал байгууллагын гишүүдийг тангараг өргүүлдэг хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *