Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 361 дуудлага хүлээн авчээ. Түүнээс 262 дуудлага нь зам тээврийн осолтой холбоотой байсан байна. Энэ дунд Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг 10 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалж 11 хүн хүнд болон хөнгөн бэртсэн аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамласан байна. Жишээлбэл, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт “Тоёото Ланд Крузер” маркын машины жолооч Г согтууруулах ундаа хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохдоо “Соната” маркийн авто машинтай мөргөлдөж 27 настай эрэгтэй Д гэмтсэн байна. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээгээр өнгөрөгч онд 50 мянга гаруй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан аж. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 24688 жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдаад байгаа юм байна. Оны эхний зургаан сарын байдлаар 898 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд эдгээр ослын улмаас 83 хүн амиа алдаж, 129 хүн хүнд, хүндэвтэр гэмтжээ.
Г.Даваамаа