Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэх дуудлагыг аймгийн Цагдаагийн хэлтэс хүлээн авчээ. Дуудлагын дагуу Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, ухуулга сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан таван алба хаагч ослын газар шуурхай очсон байна. Энэ үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 24 настай Г, 24 настай Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, биеэ авч явах чадваргүй усанд живж байсныг уснаас эсэн мэнд гаргажээ.
Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тухай албаныхан мэдээлж байна.