Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна

Монголчуудын туурвисан “Содура” кино Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх урилга хүлээж авсан гэнэ. Хэдхэн хоногийн өмнө бас Хонгконгийн олон улсын кино наадамд оролцох урилга авсан гэнэ. Сүрхий байгаа юм байхаа. Цаа буга маллан тайгад амьдарч буй тува угсааны цаатан иргэдийн аж байдал, соёл, ёс уламжлалын тухай дэлхийн хүмүүс энэ киноноос үзэх юм байна. Үнэ­нийг хэлье, дэлхийн үзэгчид “За монголчууд гэдэг чинь нэг иймэрхүү амьдардаг хүнд гарууд байх нь” гэж хүлээж авна. Тийм л сурталчилгаа болно. Гэтэл монголчууд нь өөрсдөө цаатнуудаа мэдэхгүй байдаг. Үнэн ийм байтал өнөө­дөр сошиал медиа, мэдээллийн хэрэгслээр юу гэнэ вэ, “Монголын соёлын өвөрмөц хэсэг цаатны ахуй амьдралын онцлог, нүүдэлчин соёл иргэншил, улаан тайга, хөх тэнгэрээ нартад гайхуулцгаая. Таван тивийн хүмүүсийг уулга алдуулж, оргилсон сэтгэлийг нь даллацгаая. Бөмбөрцгийн сод уран бүтээлчидтэй өрсөлдөх монголын залуу киночдын том амбиц, хүсэл зоригийг нь урмаар мялаацгаая” гэнэ ээ. Хэзээ байтлаа цаатнууд монгол үндэстний соёлын өвөрмөц хэсэг болчихсон юм бэ. Энэ кино бол Монголыг яаж дэлхийд муухайгаар харуулъя даа гэсэн зохиолуудын нэг гэдгийг шулуухан хэльё.

“Содура” киног шагшин магтаад байгаа хүмүүс цаатнуудын дунд очиж үзсэн юм уу, тийм гайхалтай ёс заншилтай, уламжлалтай, тэнгэрлэг ард түмний хэсэг тэнд амьдарч байдаг юм уу. Харин би бол очиж үзсэн, “Ишш, ийм нэг хэдэн амьтан, ингэж ч амь зуух гэж дээ, өөр улс оронд л энэ хэдийг үзүүлмээргүй юм байна даа” гэж бодогддог юм даа, тэнд очсон монгол хүнд бол. Тэгсэн тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг тэднээр кино хийгээд, тэгээд зогсохгүй дэлхийд таниулах гэж байгаа юм байна. Дэлхий ийм л бүдүүлгүүдийг монголчууд гэнэ хэмээн хүлээж авна даа. Өөрөөр юу ч гэж ойлгохгүй. Энэ киноны эхлэлийг үзсэн хүн байвал санаж байгаа байх, …Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж зэвүүн муухайгаар эхэлдгийг. Чингисийн Монгол гэдэг чинь ийм балар эртний, хүн сүргийн хэлбэр агуулгаар өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд оршин байгаа хэрэг үү гэж дуу алдмаар. Энэ киноны ид шид, үр дүн гэвэл үнэн хэрэгтээ зохиолч, найруулагч нарын хэдэн хүнийг л мандуулах, ашиг орлого авчрахад орших байх. Тэрнээс өөрөөр ч… Монгол хүн та өөр дээрээ бодоод үз дээ, энэ мэт киног үзсэн гадаад ертөнцийнхөн таныг, таны үр хүүхдийг “Өвлийн хүйтэнд ноорхой урцанд хөлдөж үхэх шахан амьдардаг, бичиг үсэг мэддэг­гүй, цааныхаа махнаас өөр хүнс мэдэхгүй, амь өрссөн уул асга, хад мөргөцөг дунд хэзээ үхэхээ мэдэхгүй явж байдаг, өнөөдрийн соёлт ертөн­цөөс хол тасархай хүмүү­сийн нэг” хэмээн хүлээж авна. Хүлээж авахаар барахгүй яаж харьцана гээч “Англи гэдэг хэлээр дэлхий нийт ярьдаг юм, өнөөдөр дэлхийд хүмүүс ийм хоолыг ингэж иддэг юм, компьютер гэж ийм юм байдаг, машин, гар утас, зурагт гэж үүнийг хэлнэ” хэмээн зааж сургана шүү дээ. Дэлхийд монголчуудыг ийм л ард түмэн хэмээн “Содура” мэт киногоор сурталчлаад өгөхөөр үүнээс өөрөөр яаж хүлээж авах юм. Бусад улс орны иргэд, таныг, таны үр хүүхдийг ингэж хүлээж авахыг, ингэж хандаж, харьцахтай та эвлэрэх үү. Ганцхан та ч бус монголчууд шартай ард түмэн, ёстой солиор гэж нийтээрээ арзаганах байх. Бодит үр дүн ийм байтал яагаад байгаа юм бэ. Нийтээрээ л “Содура” сод бүтээл боллоо гээд бархиралдаад байх юм. Аливаа уран бүтээлийн амин сүнс, ач холбогдол, том зураг гэж байдаг. Гэтэл “Содура”-гийн агаараар хийгдэж буй бүх кино, уран бүтээлийн том зургийг харвал Монгол Улсыг, монголчуудыг хөдөө хээрээр хэдэн мал адгуулаад нүүж тэнэж явдаг, уранхай ноорхой хувцастай, баяр баясал нь гэхээр баахан навсгар нөхдүүд барилдаж, уралдсан, махнаас өөр идэшгүй, эрт галавын, элэнц хуланцаараа амьдардаг нөхдийн үлдэгдэл, мөхөж буй их үндэстний шавхруугаар ойлгуулах ямар нэгэн бодлого яваад байх шиг санагдах юм байна шүү дээ. Өнөөдрийн соёлт хүн төрөлхтний дунд эх орон, ард түмнээ ингэж сармагчинтай ойртгон сурталчилдаг уран бүтээлчид Монголоос өөр газарт байдаг юм уу.

Цаатнууд хэзээ Монгол Улсад орж ирсэн түүхийг нь мэдэх хүн тэр киночид дотор нь байсан юм уу. 1940-өөд оны дундуур Хөвсгөл аймаг дахь Дотоодын хамгаалах газрын төлөөлөгчөөс нэгэн сонин мэдээлэл төвд ирсэн байдаг юм. Хөвсгөлийн хойд талын тайгад буга унасан сонин хүмүүс мэр сэр үзэгдэх боллоо гэж. Ингээд шалгаж тогтоотол Сибирийн тайгаас явсаар манай хилээр нэвтэрчихсэн угсаа гарвал, удам судар нь тодорхойгүй, уул тайгад үе удмаараа амьдарсан хэдэн хүн хаана ч ирснээ мэдэхгүй байсныг Монгол Улс бүртгэж авсан байдаг юм. Ердөө 60-аадхан жилийн өмнөх түүх. Тэгэхээр эд нөхөд бол монголчууд биш, Монголын түүх бүр ч биш, Монгол Улсыг төлөөлөх ч эрхгүй хүмүүс. Гэтэл монголчууд өөрсдөө ч мэдэхгүй ийм хэдэн хүний аж байдлаар Монгол Улсыг төлөөлүүлж, сурталчлах гэж дэлхийн киноны хамгийн том наадам, кино урлагийн дэлхийн хамгийн том зах зээл рүү явж байдаг.

“Содура” гэдэг кинон дээр гардаг шиг Монголд амар­жих гэж байгаа эмэгтэй хүнийг нөгөө нэг эмэгтэй нь хорлодог, төрөх гээд чадахгүй болохоор нь хүүхдийг нь суга татдаг, модны орой дээр нас барсан хү­нийхээ шарилыг тавьчихаад тэр модоо орой дээрээс нь оосор­лон бөөнөөрөө чивчир­тэл нь татаж, дээр нь байрлуулсан талийгаачийг чавхны чулуу шиг харваж, буян заяа байвал усны цаад газарт унаг, эс бөгөөс усан тохойд унаж там руугаа яваг гэдэг ёс заншил байсан юм уу. Өнөөдрийн соёлт хүн төрөлх­төн үүнийг хараад монголчуудыг юу гэж ойлгох вэ. Ийм өрнөл, үйл явдалтай киног л манайхан, “Содура” бол Монголын кино урлагийн түүхэнд эш татан тэмдэглэгдэх содон бүтээлийн нэг болов. “Чонон сүлд” кинонд дэвшүүл­сэн нүүдлийн болон суурин соёл иргэншлийн мөргөл­дөөн “Содура”-д нэгэн адил үргэлжлэв. Хүн төрөлхтний өмнө, өнөө цаг дор тулгамдаж буй нийгмийн хурц асуудлыг уран бүтээлч хүний билиг оюунаар олж харж, туурвил зүйн өндөр түвшинд бүтээс­нээрээ дэлхийн кино урлагийн өндөр босгыг давах бүтээл болж чадлаа” хэмээн ярьж, бичиж байх юм. Монгол хүн танаас асууя, Та төрж байгаа эхийн умайнаас үрийг нь тэгж авахыг харсан уу, үүрд нойрссон өвгөдийнхөө цогцсыг модон дээрээс голын цаад эрэг рүү шиддэг гэж сонссон уу. Тэгвэл бид­ний монголчуудыг яг ингэж аж төрж, амьдран суудаг ноорхойнууд хэмээн дэлхийд сурталчлах гэж байна.

Бас тэгээд болоогүй, уг ки­но­гоо монголчуудыг өнөөд­рийн дэлхий ертөнцөд дээд зэргээр шившиглэн сур­тал­чилж буй “Чонон сүлд”-тэй жишсэн байгаа юм. Өнөө­­дөр дэлхийн 30 гаруй хэл­нээ хөрвүүлэгдсэн энэ ном Монгол Улсыг дэлхийд муухай харагдуулахад гол үүргийг гүйцэтгэж байгаа юм. Энэ номын зохиогчийг манайхан саяхан урьж “Мон­голыг дэлхийд өндрөөр суртал­чилж байгаа” хэмээн шагнасан. Тэнэглэнэ гэхэд ингэж тэнэглэж болохгүй л дээ. Тэр “Чонин сүлд”-д гардаг шиг монгол эмэгтэйчүүд хонины бэлчээрт хятадуудтай энгэр зөрүүлсээр ирсэн юм уу. Монгол залуу эмэгтэй чонын нялх бэлтрэгийг суйлж аваад савж алдаг түүх Монголд байдаг юм уу. Монголчууд үхсэн амьтны сэг зэм идэх нь бүү хэл “Турж үхсэн ч тургийн зэм бүү ид” гэж сургаж захиж ирсэн ард түмэн шүү дээ. Монголчууд хар нялхаасаа өвөг дээдсээсээ үгийг сонсож ирсэн. Язгуураар нь монголчуудыг ингэж гутаан доромжилсон зохиолуудыг өнөөдрийн монголчууд яасан их хөхиүлэн дэмжиж, баясана вэ. Урьд “Нохойн орон” гэж монголыг доромжилсон ки­­­ног хичнээн магтлаа. Мон­голчуудыг луйварчин, заль­дагчаар сурталчилсан “Бодлын хулгайч” гэж киног ОУ-д өрсөлдөхөөр боллоо гэж хэрхэн шуугилаа. Дэлхийн сэтгэл шимшрүүлсэн гэрэл зургууд дотор 13 настай, мөрөн дээрээ бүргэд суулгасан охины зураг монголоор хаяг­лагдсан. Монголыг төлөөлөх тэр зургийг “ВВС” агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн. Ингэснээр дэлхий дахинаа сүүлийн үед хамгийн олон удаа татаж авсан, хамгийн их сэтгэгдэлтэй зургаар тодорсон нь сайн юм огт биш шүү дээ. Олны анхаарлыг татаж байгаа гол санаа нь “13 настай анчин охин” гэх тайлбартаа байсан юм. Хэзээ ч монголчууд охин үрээрээ амьтны амь таслуулж байгаагүй. Монголчууд охин үрээ муу бүхнээс хол, хар хорын сүүдэр хүртэл тусчихвий гэж нандигнадаг ард тү­мэн. Өнөөдрийн Монголд 13 настай охин бол дуртай сургуульдаа сурч бо­ловс­рон, интернэтээр дэл­хийн улс орны хүүхдүүдтэй найз нөхөд болж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад амралтаараа аялж, iPhone утасны бүх функцыг ашиглаж, iPad дээр youtube-ийн бичлэг үзэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа. Гэтэл яавал Монгол орныг, монголчуудыг удам судар, үүх түүх, үр хойчтой нь хамт муу муухай харагдуулах вэ гэсэн бүгдийг манай уран бүтээлчид сэтгэн олж, бүтээл туурвил болгон дэлхий да­хинд сурталчилж байна. Сур­талчлахаар завдсаар байна.

Монгол орон, монголчуу­дыг муухайгаар дэлхийд сурталчлагсад одоо наад үйлдлээ зогсоо. Монгол цус­тай, монгол хүмүүс мөн л юм бол. Монголыг муухай харагдуулсан үйлдэл бүр чинь эх орноосоо урвасантай адилхан үр дагавартай байна. “Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна. Гэвч хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгэмд амьдарч буй болохоор хүнд юу хийх, хийхгүйг нь заах эрх хэнд ч алга. Тийм болохоор Монголыг муухай харагдуулсан бүтээ­лүүд олон улсад гарлаа гэхэд өндөр татвар тавьдаг болъё. Тэгээд Монголд байгаа сайхан бүхнийг барьж авч Монголыг баруунд эерэгээр сурталчлаад өгөөч гэж гуйя.

Б.НЯМАА

One reply on ““Содура” киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна”

za ystoi heden jiliin daraa bicij baigaa c ingej uv ulamjlalaasaa ichdeg cham shg garaad iccihlee, tsaatangiin yos zanshiliig mash boditor haruulsn medeej kino uchraas uran saihn adal yvdal urnul heseg baij l baigaa, urlag oilgohgui bj iim tom site aar ingej bicij baisn hun bas bainaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Содура киног олон улсад хэзээ ч гаргамааргүй байна” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы арваннэгдүгээр сарын 16-ны даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо. Монголчуудын бие даан бүтээсэн “Содура” кино Каннын олон улсын кино наадамд өрсөлдөх урилга хүлээж авсснаас гадна хэдхэн хоногийн өмнө Хонг Конгийн олон улсын кино наадамд оролцох урилга авсан билээ. Тэгвэл кино эхлэхээсээ өгсүүлээд монголчуудыг уруу дорой, бүдүүлэг мэтээр харуулахаар болжээ. Тодруулбал эхлэл хэсэг дээрээ “Зүүн хойт захад навсайн харагдах хар урц, түүний дэргэд зогсох хүнэнцэрийг заан удган эх “Хар дарсан зүүд гэж энийг хэлдэг юм. Энэ зүүднээсээ яаж сэрэх ухаанаа бид олохгүй байна” гэж зэвүүн муухайгаар эхэлдэг. Энэ талаар манай сонины гуравдугаар нүүрт томоохон нийтлэл хэвлэгэдэж байна.

Төрийн наадмын түрүүгээр тасраагүй Монгол Улсын спортын түүхийг бичиж буй олимп, дэлхий, тивийн үе үеийн алдартнууд өсөн өндийсөн “Алдар” спорт хорооноос энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Даваа гариг бүр “Танайд өнжье” алдарт булангаа хүргэдгийг уншигчид хэдийнэ мэдэх билээ. Алдрынхны алдрын түүхийг эндээс уншаарай.

Харин улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д энэ сарын 9-нөөс 11-ний хооронд хийсэн айлчлалын талаарх дэлгэрэнгүйг мэдээллийг нийтэллээ. Айлчлалын үр дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн эрчим хүчний хангамж, баталгааг сайжруулахад хэрэгцээт санхүүжилтийг шийдвэрлэсэн, ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад экспортлох эрх хоёр компани авсан, Эрчим хүчний сайд Д.Зоригт нэг тэрбум төгрөгийн зээлийн ихэнх хэсгийг Эгийн голын усан цахилгаан станцад зарцуулахаар болж 2022 онд ашиглалтад оруулснаар ОХУ-аас эрчим хүч экспортлох шаардлагагүй боллоо хэмээн дүгнэжээ. Д

Тэгвэл нийгэмд гарсан гэмт хэрэг, ямар нэгэн дуулиант үйл явдлыг шуурхай хүргэдэг Баримт, үйл явдлын долдугаар нүүрт өөрийгөө шатаасан С.Эрдэнийн хэргийн эргэн тойронд юу өрнөсөн талаар олон талын эх сурвалжаас авсан мэдээлэл гарлаа.

Харин Дэлхий мэдээ буландаа өнгөрсөн баасан гаригт Парис хотноо болсон террорист халдлагын талаарх сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн орууллаа.

Түүнчлэн “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл энэ сарын 5-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрлийн баг цогцсыг нь Хөвсгөл далайгаас олсон. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр талийгаач энэ сарын 5-ны үүрээр машинаа гараашид хийнэ гэж гараад сураггүй болжээ. Гэрээсээ гарснаас хойш зургаа хоногийн дараа буюу энэ сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгоноос 35 км-ийн зайд Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээрээс машин нь олджээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл мөн өнөөдрийн дугаарт орлоо. Ганц модны боомтоор нүүрс зөөдөг ачааны автомашины жолооч нарын аж байдлын талаарх “Янхан хочтой жолооч нарын бараан амьдрал” сурвалжлагаас уншаарай. Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж цуврал сурвалжлага хүргэж байгаа юм.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Т.Билгээгийн ярилцлага 17 дугаар нүүрт хэвлэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *