Categories
гадаад мэдээ

Си Зиньпин айлчлалаа Арабаас эхлүүллээ

Си Зиньпин айлчлалаа Арабаас эхлүүллээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Арабын Нэгдсэн Эмират Улсад төрийн айлчлал хийснээр 29 жилд анх удаа тус улсад айлчилсан БНХАУ-ын төрийн тэргүүн болж байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хүлээн авснаас хойших анхны гадаад орнуудад хийж буй айлчлал энэ өдрүүдэд болж байна.

БНХАУ бол Африкийн хамгийн том худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдаа 2014 оны судалгаагаар 220 тэрбум ам.долларт хүрсэн нь АНУ, Африкийн худалдааны орлогоос илүү үзүүлэлт юм.

БНХАУ-ын худалдааны гол бай бол Африкийн орнууд байдаг. Тиймээс худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах үүднээс нарийн нягт хамтран ажилладаг байна. 2013 онд Си Зиньпин ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Африкийн улсуудад анхаарлаа хандуулж гурван ч удаа айлчилсан байдаг. Хятадын сонирхол дан ганц худалдааны түншлэл бус юм. Африк нь Хятадад түүхий эд материал нийлүүлдэг гол холбоотон.

Си Зиньпин айлчлалаа Арабаас эхлүүллээ

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум болон Абу-Даби хотын Хунтайж Шейх Мухаммед бин Зайед Аль Нахайян нар халуун дотноор хүлээн авчээ.

Үүний зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улсын дэд Ерөнхийлөгч Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр Си Жиньпин болон Пэн Лиюань нарыг хүндэт харуулын жагсаалтай танилцаж байх үед ёслолын буудлагыг 21 удаа гүйцэтгэжээ.

Хүлээн авалтын дараа Си Зиньпин АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч болон Хунтайжтай хэлэлцээ хийсэн байна. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс АНЭУ-ын Засгийн газар, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлээд, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.

Мөн тэрбээр, “34 жилийн өмнө БНХАУ болон АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс үргэлж бие биенээ хүндэтгэж, тэгш харилцаатай байсаар ирсэн билээ. Салбар бүр дэх хамтын ажиллагааны ололт амжилт нь хоёр улсын харилцаанд гайхалтай дэвшлийг бий болгосон” гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын даргаар дахин сонгогдсоноос хойш хийж буй гадаад айлчлалын минь анхны зогсоол АНЭУ болж байна гэж тэрбээр мэдэгдээд, энэ нь хоёр улсын харилцаанд БНХАУ өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр цааш үг хэлэхдээ, Абу-Даби хотод ирмэгцээ АНЭУ-ын ард иргэдийн урам зориг, найрсаг харилцааг шууд мэдэрснээ дурдаад, хоёр улсын харилцааг бэхжүүлэх талаар тус улсын удирдагчидтай санал бодлоо солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Харин түүнийг халуун дотноор хүлээн авсан АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч болон Хунтайж нар БНХАУ-ын төрийн тэргүүнийг эртний анд нөхөр, АНЭУ-ын ард иргэдийн сайн найз юм гэдгийг дурдаад, гадаад айлчлалынхаа хамгийн түрүүнд АНЭУ-д ирсэн нь бидний хувьд маш том хүндэтгэл юм гэж мэдэгджээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин тэргүүтэй төлөөлөгчид Арабын нэгдсэн Эмират улс, Сенегал, Руанда болон Өмнөд Африк зэрэг дөрвөн орноор хийх айлчлал долдугаар сарын 19-24 нийг хүртэл үргэлжилнэ. Мөн долдугаар сарын 25-27-нд Иоханнесбург хотод болох 10 дахь удаагийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагын урилгаар оролцохоор болсон. БРИКС-ийн уулзалтын дараа буюу Бээжин буцах замдаа Ши Жиньпин Мавритус улсад нөхөрсөг айлчлал хийхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *