Categories
мэдээ спорт

Шведийн шигшээ баг дэлхийн аварга АНУ-ын багийг 3:0 харьцаатай хожив

“Токио 2020” зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ.

12 улсын шигшээ баг оролцож буй энэ тэмцээн наймдугаар сарын 6-нд өндөрлөнө. Өчигдөр Шведийн шигшээ баг дэлхийн аварга АНУ-ын хүчтэй багийг 3:0 харьцаатай хожиж, тэмцээний анхны дуулианыг тарилаа. АНУ-ын шигшээ баг Скандинавын хойгийн багт хожигдох хүртлээ 44 тоглолт дараалан ялагдаагүй супер амжилттай байсан юм.

Шведийн шигшээ Америкчуудын хувьд тун эвгүй өрсөлдөгч бөгөөд таван жилийн өмнө Рио Де Жанейрогийн олимпод шөвгийн наймын шатанд АНУ-ыг торгуулийн цохилтоор хожиж, улмаар шигшээ тоглолтод Германы бүсгүйчүүдэд хожигдож, мөнгөн медаль зүүж байсан.

Өчигдөр болсон бусад тоглолтуудын дүнг сонирхуулья.

Европын аварга Нидерландын шигшээ олимпын тэмцээнд анх удаа оролцож буй Африкийн Замби улсын шигшээг 10:3 харьцаатай хожлоо. Бразилын баг Хятадыг илүүрхэж, 5:0 харьцаатай хожсон байна. Бразилын алдартай довтлогч Марта таван олимпод оролцож, 12 гоол оруулаад байна. Их Британийн шигшээ Чилийг 2:0 харьцаатай хожсон бол Японы шигшээ Канадын шигшээтэй 1:1 харьцаатай тэнцжээ. Австралийн шигшээ Шинэ Зеландыг 2:1 харьцатай хожиж, тэмцээнээ амжилттай эхэллээ. Өнөөдөр хөлбөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдана.

Тоглолтуудын дүн:

  • Их Британи – Чили 2:0
  • Хятад – Бразил 0:5
  • Швед – АНУ 3:0
  • Япон – Канад 1:1
  • Замби – Нидерланд 3:10
  • Австрали – Шинэ Зеланд 2:1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *