Тэр намайг тэгээд ойлгочих болов уу, энэ намайг ингээд хэлчих болов уу гэсэн айдас. Тэр намайг тэгсэн байна, энэ намайг ингэж хэлсэн байна хэмээн дамын үгэнд итгэж уурссан хүмүүс. Хүний санаагүйг санаж өөрийгөө зовоох этгээдүүдээр үнэндээ Монгол дүүрч дээ. Ажил хамтдаа хөөцөлдөж яваа анд маань хуралтай байгаад утсаа аваагүй над руу “Ажил бүтэмжгүй болох нь гээд зайгаа авч байна уу” хэмээн мессэж бичих жишээтэй. Утсаар ярьсан найз маань шууд л “Улс орныг самарч яваа төр засаг бол…” хэмээн яриагаа эхлэх. “Төвшин сайхан мэндэлчихэж болдоггүй юм уу, яасан сүрхий улс төрждөг болоо вэ” хэмээн чангахан хэлээтэхвэл “Чиний хажууд хэн байгаа болоод чанга дуугараад байна” хэмээн өөр шигээ сэтгэх. Өмнөх Засгийн үед өндөр алба хашиж явсан нөхрийн маань бухимдал өнөөдрийг хүртэл гараагүй яваа юм байна л даа. Ингэж л бодож сэтгэдэг болчихсон, бухимдаж хийрхсэн хүмүүс болж дээ, миний үеийнхний зарим нь. Ер нь тэгээд өөрийн чинь талаар худал үгийг хэн нэгэн ярьсан дуулдвал, ярьсан гэх тэр хүн рүү нь шууд залгаад л “Чи намайг тэгж ярьсан юм уу, хө” гээд асуучих нь надад амар байдаг юм. Ярьсан хүн бол андашгүй. Яриагүй хүн ч мэдэгддэг. Ингэж шууд асуучихаж чаддаг хүний хувьд хэлэхэд иймэрхүү дамын үгийн дийлэнх нь хий хоосон, бидний хооронд яс хаясан үгс байдаг юм даа.
П.ХАШЧУЛУУН