Categories
мэдээ цаг-үе

Шүдний өвчлөл хорт хавдрын нэг үүсгэгч болдог

Нэг л унасан, өвчилсөн бол насан туршдаа нөхөн сэргээгддэггүй эрхтний нэг нь шүд юм. Тиймээс шүдэндээ маш гамтай байх хэрэгтэй. Монгол Улсад сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл эрс нэмэгдэж, чимээгүй тахлын хэмжээнд хүрээд байгааг гадна дотнын эмч нар, судалгааны ажлууд харуулж байна. Тэр дундаа бага насны хүүхдийн дундах шүдний цоорол, өвчин чимээгүй тахлын хэмжээнд хүрчээ. 2014 онд хийсэн судалгааны дүнгээс харахад 3-5 настай хүүхдүүдийн дунд 79 хувь, 6-8 настнуудын дунд 85 хувь,12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байжээ.

Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм.

Шүдний цоорол нь араа шүдний зажлах гадарга, түшилцэх гадарга, хацар талын гадарга, төвгөрүү дээр, үүдэн шүдний түшилцэх гадарга, хэлэн талын хонхор гэсэн байрлалуудад үүснэ.

Халуун, хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд ажиглагддаг байна. Ямар нэг шалтгаангүйгээр шүд тань өвдөөд байвал цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед голдуу шөнийн цагаар өвддөг. Мөн халуун хүйтэн ундаа, хоол унд идэж уухад янгинаж өвдөнө. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.

Шүдний цоорлын гаралтай өвчин гэдэгт шүд цоорох өвчин ба түүний хүндрэлүүд орно. Үүнд:

∙шүд цоорох өвчин

∙шүдний зөөлцийн үрэвсэл

∙шүдний холбоос эдийн үрэвсэл

∙ясны хальсны үрэвсэл

∙буглаа, нэвчээс, эрүүний ясны үрэвсэл гэсэн дарааллаар хүндэрдэг.

Шүдний цоорлыг гүнээр нь:

Толбон цоорол-Энэ нь өвчтөнд зовиургүй, зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрдэг бөгөөд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаагүй, цагаан болон хар өнгөтэй толбо байдаг.

Өнгөц цоорол – Чихэрлэг болон исгэлэн зүйл идэхэд өвдөнө. Зарим хүнд өвдөлт мэдрэгддэггүй. Шүдний паалангийн түвшинд бүрэн бүтэн байдал алдагдах буюу паалан барзгар болно.

-Дунд цоорол-Дунд цоорол нь хурц болон архаг хэлбэрээр явагдана.

1. Хурц үед нь халуун хүйтэн, исгэлэн зүйлд мэдрэх бөгөөд шүдний хатуу эд зөөлөрсөн, цагаан өнгөтэй байна.

2. Архаг үед өвчтөнд зовиургүй, тугалмай нь хатуу хар хүрэн өнгөтэй байна.

Гүн цоорол- Энэ үед шүд халуун хүйтэн, исгэлэн, чихэрлэг зүйл идэхэд, мөн цоорлын хөндийд хоол хүнсний зүйл ороход богино хугацаанд өвдөлт өгдөг. Шүдний доторх зөөлцөд маш их ойртсон, цоорлын том хөндийтэй байна. Аль ч цоорол архаг нь удаан явцтай , хурц нь хурдан явцтай учир яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Шүдний эрдэсжилт яагаад алдагддаг вэ?

1.Тухайн хүний бие дэх кальци , фтор гэх мэт эрдсүүд аль нэг шалтгааны улмаас алдагдах. Тухайлбал, тамирчид хөлсөөрөө эрдэс алдах , жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эрдэс дутагдсаны улмаас, өсөлтийн насны охид хөвгүүдэд кальци илүү их хэрэгтэй болдог.

2. Шүдний өнгөр, дутуу арчилгаа. Амны хөндийн ариун цэврийг муу сахисны улмаас хоол хүнсний үлдэгдэл дээр бичил нян ихээр үрждэг. Бичил нян нь хоол хүнсний зүйлийг задалж амны хөндийд хүчил, хорт бүтээгдэхүүн үүсгэнэ. Үүссэн хүчил, хор нь шүдний хатуу эдийг хайлуулж халдварлуулдаг.

3. Шүлс түүний найрлага, хэмжээ-Амны хөндийн орчин буюу шүлс хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихэсч, эрдсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг.

4. Хооллолт , буруу дадал зуршил

Шүдний өвчлөл хүүхдийн биеийн хөгжил төдийгүй оюуны чадамжид муугаар нөлөөлдөг

Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь нэмэгдүүлдэг болох нь батлагдсан байна. Эдгээр эмгэг үүсэх магадлал нь өвчилсөн шүдний тоотой шууд хамааралтайгаар өсдөг аж. Түүнчлэн хүүхдийн өсөлт шүдний цоорол, өвчлөлөөс хамааралтайг АНУ, Японы эрдэмтэд баталжээ. Жишээлбэл зургаагаас дээш шүд нь цоорсон хүүхэд үеийнхнээсээ дунджаар хоёр кг-аар бага жинтэй байдаг аж. Учир нь нэг шүд хорхойтсон юм уу буйл нь үрэвссэн байвал зажлах чадвар буурдаг. Мөн шүдний цоорол их байх тусам сэтгэн бодох, оюуны чадамж мууддаг аж. Энэ нь зажлах үйл явц нь тархины эсийг сэргээдэг гэж үздэгтэй холбоотой юм. Иймээс хүүхдээ бүр нярай үеэс нь шүдийг нь арчилж байх нь чухал юм.

Хэрвээ та шүдээ хайрладаг бол эдгээр зөвлөмжийг дагаарай

Халуун, хүйтэн хосолсон хоол хүнсэнд шүдний паалан цочирдог. Ингэж гэмтээхгүйн тулд шоколад, кофе, зайрмагнаас татгалзах хэрэгтэй. Орчин үеийн хоол хүнс хэт чихэрлэг болсон тул чихэр идэхээс аль болох зайлсхий. Чихэрлэг хүнс нь шүд болон шүдний пааланг маш ихээр гэмтээдэг. Түүний оронд жимс идэж, жинхэнэ натурал жимсний шүүс уух нь дээр.

1.Кальци ихтэй бүтээгдэхүүн хэрэглэ

Фтор болон кальци нь шүдэнд хамгийн тустай элемент юм. Эдгээр нь шүд хорхойтохоос сэргийлж, шүдний пааланг бэхжүүлэхэд нөлөөлдөг байна. Иймд өдөр тутмын хүнсэндээ фтор кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн, хатаасан жимс зэргийг хэрэглэж занших хэрэгтэй. Тэр дундаа аарц, хатуу ааруулыг цайнд дэвтээгээд шүүсийг нь уух нь бэлэн кальцитай дүйцэхүйц их хэмжээний кальцийг өгдөг байна. Далайн гаралтай бүтээгдэхүүн ч кальциар баялаг байдаг. Шүдний пааланг бэхжүүлэхэд алим, лууван, өргөст хэмх, зэрэг жимс ногоо ашигтай.

2.Зажил бас дахин зажил

Хоолыг сайн зажилж буталж идэх нь хоолны шингэлт, цадахад дэмтэйгээс гадны шүдний бэхжилт, зөв ургалтад хамгийн чухал үүрэгтэй. Хүүхдийг ой хүрэнгүүт өөрөө хоолоо идэхэд сургах бөгөөд томрох тусам хоолыг нь бага багаар бүхэл болгох хэрэгтэй. Монголчууд эртнээс хүүхдүүддээ хатуу ааруул, бяслаг, ээзгий идүүлж шүдийг нь бэхжүүлдэг байсан ч сүүлийн жилүүдэд төв, суурин газар эл зуршил алдагдаад байна. Харин үүний оронд багаас нь чихэр жимс, хийжүүлсэн ундаа ихээр хэрэглүүлэх болсноор хүүхдийн шүдний өвчлөл ийнхүү гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Хоолыг сайн зажилж буталж идээгүйн улмаас цаашлаад эрүү нүүрний гажиг үүсдэг байна.

3.Шүдээ тогтмол арчил

Эцэг эхчүүдийн дунд нярай болон бага насны хүүхдийн шүдийг арчилдаггүй, сүүн шүд юм чинь солигдчихно гэж тоохгүй орхидог буруу ойлголт, зуршил ажиглагддаг. Гэтэл хүүхдийн сүүн шүд нь жинхэнэ шүд ургах суурь болдог. Сүүн шүд нь буруу ургалттай, цооролтой байсан бол жинхэнэ шүд нь ч тэр хэв маягаар буруу ургадаг байна. Хүүхдийг нярай үед нь марльтай хөвөн, зориулалтын хэлний өнгөр цэвэрлэгчээр амыг нь цэвэрлэж шүд нь ургаж эхэлсэн үеэс зориулалтын ам цэвэрлэгч юм уу цэвэр усаар байнга цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хоёроос дээш настай хүүхдийн шүдийг өдөрт хоёр удаа зориулалтын фтортой оогоор угаана. Фторын хэмжээ нь 500ppm байна. Мөн чихэрлэг зүйлс хэрэглэсний дараа ус уух, амаа угаах, зайлах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Шүдний завсар орсон мах хоолны үлдэгдлийг тухай бүрд авч байх нь чухал. Хүмүүс ихэвчлэн өглөөний цайны өмнө шүдээ угаадаг. Тэгвэл хоол хүнс хэрэглэсний ард буюу өглөөний цайныхаа дараа шүдээ угаах нь илүү зөв сонголт юм.

Шүдний пааланг хортой нөлөөллөөс хамгаалахын тулд фтор агуулсан оо хэрэглэ. Фтор агуулсан оонд байдаг пирофосфат хэмээх бодис нь шүдний чулуу үүсэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн амттан идсэний дараа шүдээ угаах эсвэл амаа зайлах, алим идэх зэрэг нь шүдний пааланг гэмтэхээс сэргийлдэг сонгодог арга юм. Хэрэв та аяллаар явах үедээ шүдээ байнга арчлах боломжгүй байгаа бол алим нөөцөлж аваарай. Хоол идсэний дараа алим идвэл шүдэнд үржсэн микроб устаж амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.

4.Зургаан сар тутамд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх

Шүдийг гаднаас нь харахад нарийхан харласан зураастай, бүтэн шүд мэт боловч, мэргэжлийн эмчид үзүүлэхэд дунд эсвэл гүн цоорсон байдаг. Учир нь шүдний паалан хүний биений ясан дахь хамгийн хатуу хэсэг учир, дотроо хөндий үүсэн цоорч байгаад хамгийн сүүлд гаднах паалан нь эмтрэн унаж, цоорсон хөндий ил болдог байна. Энэ цоорол нь аль эрт эхэлсэн байдаг учраас зургаан сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.

5.Нэмэлтээр кальци хэрэглэх

Шүд цоорох эрсдэл ихтэй тамирчид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өсөлтийн насны хүүхдүүд, ясны сийрэгжилттэй хүмүүс D3-витаминтай кальцийг эмчийн заавраар нэмэлтээр ууж байх хэрэгтэй. Жирэмсэн болон хөхүүл үед өөрийгөө болон хүүхдээ кальцийн дутагдлаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ заавал эмчийн заавраар уух хэрэгтэй. Өсвөр насны охид , хөвгүүдэд өсөхөд нь Ka , D3-витамин хэрэгтэй байдаг учир шүдэнд нь дутагддаг байна.

Хүний эрүү, нүүрний цогц системээс нэг л шүд авахад тэр системийн үйл ажиллагаа, байрлал алдагдан гоо сайхны дараа дараагийн асуудлууд урган гарч ирдэг. Иймд шүдийг аль болох авахуулахгүй, эмчлүүлж үлдээхийн төлөө бололцоотой бүгдийг хийх хэрэгтэй.

Шүдний эмчилгээнд дэвшилтэт технологиудыг ашиглаж эхэллээ

Шүдний эмчид очих дуртай хүн гэж үгүй бизээ. Харин өнөө цагт шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд шүд эмчлэх арга улам бүр боловсронгуй, амар болсоор байна. Тухайлбал, Японы Казуэ Ямагиши нарын эрдэмтдийн шинэ синтетик материалаар бүтээсэн шүдний оо шүдийг нөхөн төлжүүлдэг аж. Энэхүү оо нь анхан шатны цоорлыг өрөмдөлгүйгээр нөхөж чадах юм. Химийн найрлагын хувьд шүдний паалантай ижил, сайжруулсан гидроксилапатитын талстаас бүтжээ.

Тэгвэл Их Британийн эрдэмтэд цахилгаан энергийн тусламжтайгаар шүдийг дахин эрдэсжүүлэх эмчилгээг амжилттай туршиж байгаа аж. “Реминова” фирмийн нэвтрүүлж буй энэхү технологи нь богино давтамжийн цахилгаан гүйдлийн тусламжтайгаар эрдсийн ионуудыг шүдний цоорлын гүнд нэвчүүлэн дахин эрдэсжүүлдэг аж. Энэ үйл ажиллагааг тусгай зориулалтын төхөөрөмжөөр гүйцэтгэх юм байна. Үүнийг хийлгэснээр хүний шүд яг өмнөх шигээ бүрэн бүтэн болох гэнэ.

АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаачид ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах шинэ нано технологийг хөгжүүлж байгаа аж. Энэхүү технологиор шүдийг дахин ургуулах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *