Categories
мэдээ цаг-үе

ШШГЕГ-ын анхны генерал Ж.Содномынх

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын анхны генерал Ж.Содномынхоос бэлтгэлээ.

Өдгөө нас сүүдэр 87 хүрч байгаа ч ухаан санаа саруул, нуруу тэнэгэр, насандаа баймгүй цовоо харагдах энэ хүн бол тэртээ 1953 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын босгыг хянагчийн албаар давж, дарга болтлоо дэвшиж, ШШГЕГ-ын анхны генерал цолыг энгэртээ гялалзуулсан эрхэм юм.

Тэрээр ШШГЕГ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газрын нэгдүгээр орлогч даргын албыг хавсарч хашиж байгаад 1989 оны тавдугаар сард тэтгэвэртээ суужээ. Биднийг очиход Ж.Содном гуай гэргийтэйгээ сонинынхон ирэв үү хэмээн угтаж, ширээний ард урилаа.

Тэрбээр “Өдрийн сонины өнөөдрийн дугаарыг уншиж сууна. Би сүүлийн хэдэн жил ганцхан танай сониныг л захиалж уншиж байна. Нэг бүрчлэн уншдаг юм” хэмээн инээмсэглэлээ.

Ж.Содном гуай эхнэртэйгээ нэг гэрт орсноос хойш өдгөө 66 дахь жилтэйгээ золгож байгаа аж. Түүний гэргийг Э.Ичинхорлоо гэдэг. Гэр бүлийн хоёр хар багаасаа айл саахалт явж, хамтдаа хонь хариулж явснаар ижил дасал болжээ. Э.Ичинхорлоо гуай залуу насаа дурсахдаа “Бид хоёр бие биенээ хар багаасаа мэднэ. Өвгөнийг хойшоо Москвад сурах гээд явсан хойгуур их санадаг байлаа. Ижий минь уйлаад л хүү минь аавынхаа зургийг харж өмөлзөөд л би гэдэг хүн өдөр хоногийг тоолж хүлээдэг байлаа” хэмээв.

Хошууч генерал Ж.Содномын 50 насны ойгоор Ю.Цэдэнбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулж байгаа нь. 1983 он

Тэрбээр оёж шидэх үйлд уран бөгөөд амьдралынхаа туршид оёдолчноор ажилласан дөрөвдүгээр зэрэгтэй оёдолчин хүн. Ж.Содном гуай эхнэрээ “Үйлэнд уран бүсгүй байлаа шүү дээ. Аливааг нямбай, уран сайхан оёчихдог үйлчин явлаа” хэмээн бахархалтайгаар хөөрч суулаа. Хорвоог хамтдаа туулж буй тэдэнд нандин зүйл бишгүй олон. Түүний нэг нь гэрлэснээсээ хойш өнөөг хүртэл нандигнан хадгалж буй оёдлын машин юм. Э.Ичинхорлоо гуай “Хань минь надад энэ оёдлын машиныг гэрлээд удаагүй байхдаа тэмээн дээр үүрч дүүрч авч ирэн бэлэглэж байлаа” хэмээв.

Бидний яриа хөөрөө түүний бага нас ШШГЕГ-тай хэрхэн холбогдсон талаар өрнөсөн юм.

Тэртээ 1981 онд Ж.Содном ШШГЕГ-ын анхны генерал цолыг хүртэж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргаар энгэрээ “цоолуулж” байсан нь түүний амьдралын нандин дурсамжуудын нэг аж. Гэрийнх нь хойморт түүний энгэрээрээ дүүрэн медальтай зургийг залсан байх агаад одоо тэдгээр тэмдэг, шагнал нь өөрт нь байдаггүй талаараа ч дурсаж байлаа. Тэрбээр төрсөн нутгийнхаа музейд гавьяа шагналын одон медалиудаа бүгдийг нь дурсгал болгон өгчээ. Учир нь гэрийн мухарт хадгалагдаж байснаас төрийн музейн үзмэр байсан нь дээр гэж бодсон аж.

Гэрийн эзэн 1950 онд 17 настай Дэлгэрцогт сумын бүрэн дунд сургуулийн долдугаар ангийг төгсчээ. Төгсөөд Улаанбаатар хотод Анагаах ухааны дунд сургуульд хуваарилагдаж очоод хэдхэн хоног суугаад нутгаа санаад байсан учир жинчдийн ачаатай тэмээтэй хамт гэртээ ирж малчин болжээ. Тэрээр энэ талаараа “Би чинь Дундговь аймгийн хоёрдугаар багийн иргэн, малчин хүн шүү дээ. Ажил амьдралын гараа маань малчны үйлсээр эхэлж, насны босгонд малаа малласаар хот руу орж ирсэн” хэмээв. Ж.Содном гуай үргэлжлүүлэн “Ижий, аав хоёр маань цэргийн алба хаагаад ир, бид хоёр хүлээхийг бодъё гэж хэлсэн юм. Ингээд би гэдэг хүн 1953 онд 20 насандаа цэргийн алба хашихаар аймгийн төв рүү явж байлаа. Цэргийн крантинаас 10-аад цэргийг авч үлдэн нэг, нэгээр дуудан уулзсан юм. Тэр үед хэлтсийн дарга хошууч н.Цэрэн-Очир гэж хүн цэргийн крантинд сууж байлаа. Яваад ортол элдэв бусын түүх, гарал үүсэл, улс төр, сонин хэвлэл, орон нутгийн амьдрал, гэр бүл гээд л бүгдийг л асуусан. Би ч “Цэрэгт яваагүй, 20 ч хүрээгүй байна. Гэрлэх болоогүй” гээд л их том дуугарч байлаа. Тэгсэн:

-“Чи энд цэргийн алба хаах уу, зөвшөөрөх үү” гэж асуудаг юм байна.

-“Зөвшөөрөлгүй яахав. Аав, ижий хоёр минь өндөр настай, ямар сайн юм бэ. Надаар юу хийлгэх юм” гээд л асуулаа.

Урдаас “Пийшин галлуулна гэж байна”.

-Би хээр гадаа хонож, аян жинд явж их юм үзсэн хүн. Дотор байгаа пийшинг ч өлхөн галлачихна гэлээ.

-“Чи хөлдөөчихгүй биз” гэж байна.

-Дотор байгаа пийшинг хөлдөөхөөс цаадахыг би хийж явсан гээд хэлээд тавьчихлаа.

Ж.Содном, гэргий Э.Ичинхорлоогийн хамт

Яг цэрэг ачих үед нэр дуудаад “Хэлтэстээ оч” гээд үлдээчихдэг юм байна. Ингээд л пийшин галлахаар үлдлээ гэж бодтол хорих ангид хянагчаар томиллоо. Ийнхүү Дотоод яамны хаалгыг анх удаа шүүхийн шийдвэрээр хянагчийн ажлыг гардаж авч байлаа. Хянагчаар таван сар гаруйхан хугацаанд ажиллаад хэлтсийн нарийн бичгийн бичээчээр томилогдож, тэр жилдээ хэсгийн төлөөлөгч болтлоо дэвшсэн юм. Ингээд 21-хэн настай малчин, юу ч мэдэхгүй хүү хэсгийн төлөөлөгч болж байлаа. Энэ бүхэн миний амьдралыг ШШГЕГ-тай салшгүй холбож өгсөн дөө” хэмээн хуучиллаа.

Тэрээр “Намайг Дундговь аймгийн хорих ангид хянагчаар очиход голдуу ахмад настай хүмүүс хоригдож байсан. Тухайн үеийн нийгэм их хүнд байлаа. Ард түмэн ноогдол үүргэндээ дарагдчихсан, үүрэгт албаа дийлэхгүй, төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйн улмаас шоронд орчихсон. “Яаж байгаад шоронд орчихов доо гэхээр, яахав дээ хүү минь хэдэн мал толгой цустаад ийм боллоо” гэнэ. Тэр үед хөдөө аж ахуйд маш их дарамт өгч байсан даа. Энэ жил 100 хонь тоолуулсан бол ирэх жил 125 хонь тоолуул гэдэг. Үүгээр ч зогсохгүй арьс шир, хялгас, хөөвөр, мах, ноос гээд бүх зүйлийг хэмжээтэй ногдуулна. Тэр төлөвлөгөөнд нь хүрч чадахгүй бол шоронд явуулдаг. Хоригдсон хүмүүсийн ихэнх нь монгол гуталтай, хөлөө чирсэн өвөгчүүл байгааг хараад их л өрөвддөг байсан юм, хөөрхий” хэмээв. Тэрбээр тусгай хэлтэст бичээч нарийн бичгийн даргаар ажиллаад удаагүй байхдаа. Аюулаас хамгаалах яамны хэсгийн төлөөлөгчөөр сум руу томилогджээ. Аюулаас хамгаалахын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёрын ажил тэр үед их өөр байсан талаар дурссан юм. Тухайн үед төлөөлөгч төр засгийн бодлого шийдвэр орон нутагт яаж хэрэгжиж байна. Ямар нөлөө гарч байна, хэн юу ярьж байна, хэн эсэргүүцэж байна, хэн төр засгийн бодлогыг дэмжиж байна гэсэн чиглэлээр ажилладаг байжээ.

Ж.Содном гуай ЗХУ-ын Москва хотын Дотоод яамны Шинжээчийн дунд сургуулийг шинжээчээр төгсөж, 1966 онд эх орондоо буцаж ирсэн аж.

Тэрээр “Тухайн үед шинжээч хийгээд төв газар сууна даа, одоо ч хэсгийн төлөөлөгч хийхгүй дээ гээд их л бардам ирсэн. Гэтэл “Хаа явуулахаа бид мэддэг юм аа” гээд яамнаас намайг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилчихдог юм байна. Ингээд 1972 оныг дуустал зургаан жил Дорноговь аймгийн Цагдаагийн даргын албыг хашсан. Тэр үед би өөрийгөө сайн ажилласан гэж боддог. Тухайн үед Дорноговь аймаг хамгийн их анхаарал татсан аймаг байлаа. Учир нь төмөр замтай. Үүнээс болоод хулгай дээрэм их гарна. Өнөөдөр хулгайд алдагдсан зүйл маргааш нь зах дээр зарагдаж байдаг. Хүн ам ч олонтой байв. Тухайн үед Дорноговь аймагт гарч байсан бүхий л хэргийг илрүүлж байлаа. Тэр дундаа онц ноцтой хэргүүдийг ч илрүүлж явлаа. Улсынхаа цагдаагийн байгууллагын шилдгээр ч шалгарч байсан удаатай. Ингээд Дорноговиос 1973 оны нэгдүгээр сард Увс аймгийн Аюулаас хамгаалахын хэлтсийн даргаар томилогдон очиж байлаа. Увсад гурван жил ажиллаад 1976 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар томилогдож ирсэн. Одоогийн ШШГЕГ тухайн үед засан хүмүүжүүлэх байгууллага гэдэг нэртэй байсан. Засан хүмүүжүүлэх газар их том газар байлаа. Ер нь Засан хүмүүжүүлэх байгууллага улсад их зүйл хийсэн шүү. Үүнийг ил гаргаж хэлэхэд хэцүү байдаг байх. Улсын хамгийн анхны Засан хүмүүжүүлэх байрыг барьсан. Анхны барилга, анхны тариалан, анхны сангийн аж ахуйнууд, анхны гар үйлдвэрүүдийн эхлэлийг Засан хүмүүжүүлэх газар тавьсан. 1944 онд улсын хэмжээгээр маш хүнд зуд болсон. Тэр үед ЗХУ-д дайн гарчихсан Монголд туслах боломжгүй. Тэр үед Засан хүмүүжүүлэх газар тариа тарьж Хараагийн хөвөөнд модон тээрэмж хийж бор гурил үйлдвэрлэж ард түмэндээ 3-4 хилээр өгч байсан. Тэр оны Цагаан сараар ардууд бор гурилаар хэвийн боовоо хийж байсан. Хайрцаг ёотонгоос 30, 30 ширхэгээр нэг айлд тоолж өгч байсан. Хэдэн ёотонгоо бор гурил дээрээ тавиад Цагаан сараа тэмдэглэж байсан үе. Ингээд бодохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар олон зүйлийг үндсийг тавьсан. Эх орны дайны үед Зөвлөлтөд манайх их бэлэг өгсөн шүү дээ. Тэгэхэд маш их цагаан нэхий дээл, хүрэм хийж өгсөн. Тэрний бүх арьсыг элдэж өгч байсан газар чинь Засан хүмүүжүүлэх газар. Нэг арьсыг 4-7 хоног элддэг. Гэтэл Засан хүмүүжүүлэх газрын нэг хүн хоногт 10 гаруй арьс элдэж өгч байсан. Тэр арьсаар нь улсын үйлдвэр зөвлөлтийн армид цагаан дээл, хүрэм хийж өгч байсан. Анхны замыг засангийнхан л барьж байлаа. Барилгыг ч мөн адил. Анх нэгдүгээр 10 жилийг анх удаа барьсан. Энэ бол Монголын анхны барилга. Тэр барилгын үүдэнд “Маршал Х.Чойбалсан, Д.Сүхбаатар, В.И.Ленин, В.Сталины толгойн баримлыг хийж тавьсан уран барималч дүү Чоймбал гэдэг хүн хоригдол лам байсан юм шүү. Чоймбол нэгдүгээр сургууль болон баримлуудыг хийж одон аваад шоронгоос гарч байлаа. Сүхбаатарын хөшөөний загварыг хийсэн хүн дээ” хэмээн залуу насаа дурсан санав.

Тэрээр Ю.Цэдэнбал даргаас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардан авч байсан талаараа ч дурсан ярьсан юм. Гэрийн эзэн ургийн бичиг хөтөлдөг юм байна. Үүнээс цаашаа хүүхдүүд хөтлөөд явна биз дээ ч гэж хэлээд авсан юм. Ирэх жил чинь ШШГЕГ, ЦЕГ-ын 100 жилийн ой тохионо доо. Хэр баргийн хүн 100 жилийн ойг үзэхгүй шүү дээ. Ээ дээ, энэ хоёр ойг их хүлээж байна даа хэмээн инээмсэглэв.

Ж.Содном Дорноговь аймагт. 1970 он

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *