Categories
гадаад мэдээ

Шри Ланка улсад онц байдал зарлалаа DNN.mn

Шри Ланкад эдийн засгийн хямралын эсрэг жагсаал цуглаан өргөжин тэлсэнтэй холбогдуулан улс орон даяар онц байдал тогтоолоо. Тус улсын ард иргэд төр засгаа улс орноо эдийн засгийн гүн хямралд оруулсан гэж буруутган ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, хувийн эдлэнгийнх нь гадна жагсаал хийж байгаа аж.

Тодруулбал, Шри Ланка улсын өнцөг булан бүрт төр засгийн эсрэг жагсаал цуглаан болж, жагсаалд нэгдсэн иргэд хот суурин газруудын замын хөдөлгөөнийг хаажээ.

Иймд нийгмийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай хангамж үйлчилгээг хадгалах зорилгоор онц байдал тогтоолоо гэж тус улсын ерөнхийлөгч мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын цагдаагийн газраас нийслэл Коломбо хот болон Баруун мужид баасан гарагаас эхлэн шөнийн хөл хорио тогтоож, хориотой бүсийн хүрээг өргөжүүлсэн байна.

22 сая хүн амтай Шри Ланка улс 1948 онд Британиас тусгаар тогтнолоо зарласнаас хойш хамгийн том хямралтай тулгарч байгаа юм байна. Тус улсад одоогоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомстол, үнэ огцом өсөж, цахилгаан эрчим хүчийг өдөрт 13 цагаар хязгаарлаж байна.

Шри Ланка улсын цахилгаан станцууд ихэвчлэн дизель түлшээр ажилладаг. Гэвч засгийн газар нь дизель түлш импортлох гадаад валютын нөөцгүй болсон учир эрчим хүчний хомстолд оржээ.

Ковид-19 цар тахлын нөлөө болон цагаа олоогүй татварын хөнгөлөлт тус улсын гадаад валютын нөөцийг сүүлийн 2 жилд 70 хувиар бууруулжээ. Засгийн газар нь Энэтхэгээс 500 сая долларын дизель түлш зээлээр авахаар болсон ч энэ нь хямралыг шийдэж чадахгүй гэж эрх баригчид нь үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *