Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байгааг хэллээ.
Мөн “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталсан. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Манай улс урьд нь урагш чиглэлд Замын-Үүд гэсэн төмөр замын экспортын ганцхан гарцтай байсан бол ойрын жилүүдэд Орос Монгол, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридор, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн төмөр замын таван гарцтай болно.
Эх сурвалж: ЗТХЯ