Categories
мэдээ цаг-үе

Шинэ цагийн дууны шүлгийн мастер Д.Ган-Очирынд зочлохуй

МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт, орчин цагийн дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирынд өнжиж, уран бүтээл, амьдралын яруу сайхан, гоо зүйн талаар хүүрнэлдэж сэтгэл зүрхний цангаа тайлав. Амьдрал дэндүү богинохон юм. Амьдралын номын хуудсууд юутай хурдан эргэнэ вэ гэж залуу насны андтайгаа уулзаж хөөрөлдөх зуур бодогдов. Тэр нэгэнтээ, тэртээ ерэн дөрвөн оны намар Баруун дөрвөн замд байсан сургуулиар минь орж, хамтдаа цаахна талын байрны орцонд очин шүлгээ уншин, найз охин Булганаасаа ирсэн гэгээн захидлуудыг уншиж байсан хөвүүн мөн гэж үү гэмээр өөрчлөгджээ. Өөрчлөгдсөн гэдэг өсөж өндийжээ гэсэн үг л дээ. Нэгэнтээ манай хоёрынх “Зуун-айл”-ын цагаан байшингуудад айл хөрш ч явсан үе бий. Гэтэл тэр минь өнөө арвантавдугаар хороололд ажил, орон гэрээ тохинуулчихсан “анд минь чи хаалгыг минь тогшооч” гэж сууна.

“Болор цом”-ын айргийн тавд уралдав

Арвантавдугаар хороолол дахь яруу найргийн урланд айлчлах үед Д.Ган-Очир маань эгэл жирийн, энгийн даруухан байдлаар угтан авав. Эгэл жирийн энгийн даруухан угтав хэмээхийн учир нь тэр болбоос үргэлж эрхэмсэг, гял цал байдаг найрагч билээ. Үүнийг нь Оросын их зохиолч Чеховын хэлдэгчлэн “Яруу найрагч бүхий л талаараа эрхэмсэг байх учиртай” хэмээн ойлгодогтой минь ч холбоотой байх юуны магад. Нэг давхар эзэгнэсэн яруу найргийн урлан, номын өргөө нь нам гүм, анир чимээгүй. Ямар нэгэн бясалгалын өрөөнд саатав уу гэлтэй. Д.Ган-Очирыг мэдэх нэг нь “орчин цагийн дууны шүлгийн их мастер” гэх биз. Гэвч, номын өргөөнд нь аль тэртээ дэлхийн сонгодог болсон Бетховены намуун аялгуу дуурьсаж, чингэснээ мөнөөхөн их туурвилч Моцартын яруухан концерт чихний үзүүрт сонсдоно. Нэгэнтээ Монголын их хөгжмийн зохиолч Т.Сэр-Од андын уран бүтээлийн өргөөнд зочилсныг санагдуулам сайхан аязууд ар араасаа эгшиглэнэм. Уянгалах хөгжмийн аялгуунд уран бүтээлч хүн ховсдуулдаг байнам. Ерэн дөрвөн оны “Болор цом”-д шүлгээ уншин айргийн тавд орж байсан найрагч хүү өнөө найргийн эрийн цээн хүрснийг түүний олон бүтээл гэрчилнэ. Д.Ган-Очир найрагч өнөө “Монголчууд” хэмээх угсаатны ёс заншил, утга зохиол, түүх, танин мэдэхүйн сэтгүүл эрхэлж Монголын оюуны язгууртнуудад “Төгрөгийн ашиг бус түмний гэгээрлийн тусыг зориулна” хэмээн яруу тодорхой өгүүлж суугаа аж. “Хар мянган сэтгүүл гарч байхад…” гэж асуултаа залгихуй тэрбээр “Харин тийм л учраас ашиг хараагүй сэтгүүл гаргаж, тарааж сууна” гэж нэг л их саятан имиж гаргав. “Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн өдөр гэж арваннэгдүгээр сард л ганц тэмдэглэдэг. Харин би энэ жилийн бүх дугаараа их зохиолчдоо зориулж байгаа. Ер нь их хүний их ой гэдэг жилд ганц тохиодоггүй юм. Ноднин жил “Монголчууд”-ынхаа бүх дугаарыг билгүүн номч Бямбын Ринчен гуайн 110 жилийн ойд зориулж гаргасан. Ер нь бид монгол түмнийхээ оюун гэгээрлийн од болсон ийм хүмүүсийг хэзээ ч мартаж болохгүй” гэхийн ялдар номын өргөөнийхөө хойморт залрах яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хөрөг зурагт мөргөх амуй. Дорнын их найрагчийн харахад алгын чинээ ч харах тусам цаанаа л нэг утга төгөлдөр санагдах эл хөргийг Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, нэрт зураач Пүрэвийн Мэлс зурсан аж. Гучхан минутын дотор зурсан гэх эл зураг зурсан, зуруулсан хоёр их бодьгалаа туулан элээж тэднийхээ агуу төгөлдөр авьяас билигт шүтэгч эрхэм дүүд нь л гуниг, баярын гэрч болж үлджээ. Ай, яалтай ч гэх вэ, хүмүүний зуурдхан хорвоо.

Гэвч, Ган-Очир найрагч сэтгэл цэлмэтэл мишээж “Бид өнгөрсөн бүхнийхээ араас дэндүү гуниад яах вэ хө. Чи бидэн Болд-Эрдэнэ, Содномнамжил нарынхаа араас элгээ эгштэл л бэтгэрлээ. Одоо эднийгээ хойч үед үлдтэл амьдаар нь мөнхөлж үлдээмээр байна. Би Нямсүрэн багшийнхаа энэ дутуу хөргийг гэр-музейг нь байгуулахаар өгнө. Орост Сергей Есениний гэр-музей гэж байдаг. Тэрэн шиг Эрээнцавд Данзангийн Нямсүрэнгийн гэр музей байгуулагдаад, найрагчийн гэргий Хандмаа эгчийг төр засгаас жаахан ч гэсэн цалинжуулаад суулгачихвал Монголын зүүн хойт цэг яруу найргийн аялал жуулчлалын төв цэг болоод мөн ч сайхан даа. Ээ дээ, тэр Хөх нуурын хотгор, их бага Тарь нуурт жил бүр түм түмэн шувууд чуулдаг шувуудын диваажин шүү дээ” гэх зуур “Тиймээс найз нь “Хүрээлэн” төслийн Буянбадрахад нэг дуулгамаар санагддаг юм” гэж аминчлан дурдав аа. Би энэ Ган-Очирыг ерээд оны дундуур

“Дээвэр жиндээх цагаан хяруу нь

Дэлхийг аргадсан эжийн минь үс ээ

Амрагаа санасан миний сэтгэл нь

Алтан торон дахь мөнгөн шувуу” гэж бичиж ахуйд анзаараа нь үгүй билгийн нүгэлтэн ажгу.

Д.Ган-Очир найрагчийн төрсөн нутаг Чулуунхороот сум байгуулагдаад жаран жил, энэ сум Эрээнцав сангийн аж ахуй болоод 42 жил болж. Энэ түүхт ойгоор саяын улсын наадмаар тав давж улсын начин болсон З.Анар очиж барилдан түрүүлж. Энэ Анар начин болбоос Сүхбаатар аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатартай тунаж давсан бөх. Шарын Мөнгөнбаатар начинг уналаа гэж яруу найрагч Ай.Төмөр-Очир ах солиулсан элгээ унатал гоморхлоо гэж ярихыг сонссон. Гэтэл Анар начинг давлаа элэг юугаа дэвттэл баярладаг бас нэгэн Очир хэмээх найрагч санж гэж гайхаж л суув. Одоогоос арван жилийн өмнө Цогзолдорж хэмээх аавын хүү тав даван улсын начин болчихоод Эрээнцавын ойн наадамд очин түрүүлж байсан гэхээр хаа газрын нутаг усаа гэх элгэн халуун сэтгэлийн үзүүрт нутгийн бөх гэдэг үргэлж уяатай байдаг бололтой.

Яруу найрагч Д.Ган-Очир аав ээж, гэр бүлийнхний хамт

Д.Ган-Очирын ажлын өрөөний номын санг хайрт хань Баярсайханы Булган нь төрсөн өдрөөр нь тохинуулж өгсөн гэнэ. Номын сан гэдэг бол өрж баяжуулсан хүн төрөлхтний оюун сэтгэлгээний их ертөнц юм. Гайхамшиг юм аа. Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч Ононгийн Чинбаярын орчуулсан арвандөрөвдүгээр Далай лам Данзанжамцын “Шилмэл эшлэлүүд” ном номын сангийн тэргүүн магнайд заларна. Номын сангийн дээрх хос мөнгөн морины баримал анхаарал татав. Монгол хүн бүхэнд морин эрдэнийн дүр дүрс бүхэн сэтгэлийн хойморт залардаг шүтээн болохоор яалтай. Тэгэхнээ энэ сайхан баримлыг “Ноён зууч-1950”-ийн захирал Энх-Амгалан бүсгүй Ган-Очирт дуу зохиож өгснийх нь шагнал болгож бэлэглэжээ. Ган-Очир найрагч “Миний аав арван зургаан нас хүртлээ хурдан морь унасан юм билээ. Тиймээс би энэ бэлэгтээ их бэлгэшээдэг шүү” гэж байх юм. Номын сангийн хүндэт нэгэн сууринд Манлай ван Дамдинсүрэнгийн бяцхан хөшөө байна. Хөшөөний сууринд “Төр улсын хэргийг амьд хүн хөдөлгөх авч тогтсон суурь нь амь, бие хайргүй зүтгэж үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтоно” гэж жигтэйхэн хачин үг сийлж. Үүнийг Манлай ван гуай хэлсэн гэхэд даанч учир дутагдалтай, хожмын өдрийн их мэдэгчид зохиосон буй заа хэмээн таамаглахад буруудахгүй мэт.

Энэ мэтийг таамаглан суухуй Д.Ган-Очир найрагч бодлыг минь уншсан мэт “2011 онд Манлай ван Дамдинсүрэнгийн 140 жилийн ой болж яруу найргийн уралдаан зарлахад миний “Эр хар нулимс” найраглалаас өөр юм очоогүй юм билээ. Тэгээд Баргын холбооноос намайг наад цомоор чинь шагнасан юм” гэж өгүүлэнгээ “Баргын холбооны Нямаа ахын утасны дугаар надад байгаа шүү” гэв. Ээ, хөөрхий монголчууд аа гэж. Зуу ч хүрэхгүй жилийн өмнө эх орон, тусгаар тогтнолоо гэж халуун амиа үл хайрлан тэмцэж явсан эх орончоо мартдаг ийм л нэгэн ард түмэнсэн бил үү, бид?

Д.Ган-Очир найрагчийн номын сангийн тэргүүн эгнээнд Оросын их яруу найрагч Сергей Есениний боть түүврүүд дүүрэн. Хэдийгээр түүнийг “Есенин Монголд” хэмээх алдарт түүврийг гаргасан хэмээн бодовч нүдэндээ огтхон ч итгэсэнгүй. Номонд хорхойтой хүмүүс бол миний энэ байдлыг ойлгох биз. Оросын яруу найргийн мөнгөн зууны их төлөөлөгчийн бурхан болсноос хойших их найргийн судрууд. Еэ бурхан минь, Серёжа Есенинийг дөнгөж тэнгэр зүг болсон тэр жил гарсан түүврийг гэхэд түүний багын анд Дашцэрэнгийн Энхтүвшин Санкт-Петербургийн хуучин номын дэлгүүрээс авчирч өгч. Үүнээс хойш орос хэлээр хэвлэгдсэн хорь гаруй боть нүд хужирлана. Монголд л лав Есениний ийм цуглуулгатай хүнтэй ахин учирна гэж би л лав амлаж чадахгүй.

Би Д.Ган-Очир найрагчийг ихэд ойрд санаж явжээ. Тэгэхнээ, тэр бол оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” шагналыг аль тэртээ 2007 онд “Номин талст” хамтлагийн Батсүхийн дуулдаг “Хүсэл” дуугаараа хүртэж, “ Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг “Сүүлчийнх гэж дурласаар байтал” номоороо хүртсэн туурвилч ажаам. “Урлаг бол хүн төрөлхтнийг араатнаас өөр байлгадаг цорын ганц шинжлэх ухаан шүү” гэж андыгаа хэлэхэд л энэ бүхнийг ухаарав, би. Гуравдугаар ангийн жаалхүү Д.Ган-Очир Д.Нацагдоржийн “Миний нутаг” хэмээх тэр агуу найраглалыг ямар ч үг үсгийн зөрөөгүйгээр уншдаг байсан гэхээр ирээдүйн найрагчийн нямбай, чамбай дүр төрх амилан ирэх нь гарцаагүй. Тиймээс ч тэрээр “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны доор…”, “Урин”, “Үүлсийн галбир” зэрэг яруу найргийн номууд, “Хайр”, “Шүлгэнд ассан аялгуу”, “Хайрын домог”, “Миний сонгодог” зэрэг цомгууд бүтээжээ. Хүн бид нэгнийхээ бүтээсэн хийгээд бүтээхүйг тэгтлээ огтхон ч анзаардаггүй аж. Тээр жил манай сонинд дадлага хийж явсан оюунтан хүү ийм ихийг бүтээсэн гэхээр бахархмаар. Бахархахаар ч барахгүй зохиосон дуунуудыг нь сонсоход баярламаар…

Түмэнд хүрсэн бүтээл хийсэн уран бүтээлчид магтаал гэдэг газраар дэвссэн цагаан хөвөн төдий л билээ. Цагаан хөвөн яах вэ гэвэл салхинд хийсээд алга болох зүйл шүү дээ. “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр аяыг нь зохиож, “Номин талст” хамтлагийн дуулсан “Зүүдэнд ирэх жаргал” гэсэн дуу байна.

“Зурагнаас чинь гунигаа гээх юм

Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан

Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм

Хүслийнхээ эрхээр чамайг санах юм

Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа

Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсаан

Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юм аа” Ган-Очиртойгоо энэ дууг нь сонсож жаахан суулаа. Бас сонсоход сайхан юм. “Харцнаас чинь би хайрыг мэдрэх юм даа…Халуун үг чинь санаанд эргэлдэх сайхан…” Би Ган-Очирыгоо ийм том найрагч гэж бодоогүй ээ. Шууд л хэллээ. “Дуу сайхан ш дээ хө. Со, Болд-Эрдэнэ ах та нар л голоод байдаг болохоос биш” гэнэ. Юу гэсэн үг вэ. Өнөөдөр би эднийд өнжих гэж ирсэн мөн ч их зүйл ойлгоод буцах нь дээ. Яруу найргийн урлангийнх нь хойморт Монголд тийм ч олон үзэгдээд байдаггүй Янжинлхам бурхны хөрөг. “Тийм ээ, энэ О.Дашбалбар багшийн минь номын өргөөнд байсан???” Анд минь удалгүй,

-Бакула Ренбүүчийн бэлэглэсэн Янжинлхам бурхныг Дашбалбар багш чинь Со (яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил.Л.Б.) бид хоёрыг ороход

-Ган-Очир оо, энэ бурхан чамд байх учиртай юм гээд бэлэглэсэн юм. Би их айсан шүү гээд ард нь бичсэн гарын үсэг, огноог үзүүлэв. Багшийн гарын үсгийг манай ангийн Мөнгөндалай, Сүглэгмаа нар бүгд л мэднэ дээ. “1994.08.22. О.Д” гэжээ. Энэ Ган-Очир дэндүү их азтай найрагч юм. Данзангийн Нямсүрэнгийн шавь болж заяагаад Очирбатын Дашбалбарын цүнхийг барьж гүйгээд хожим хойчийн өдөр яруу найргийн эгшиглэнт эхээр шагнуулна гэдэг бас л их хувь заяа. Ган-Очир утга зохиолын ертөнцөд дөчин жил аж төрснөө “Бодролын цонх” хэмээх дурсамж хүүрнэлийн номдоо тов тодорхой өгүүлжээ. Энд тэрээр найрагч ах Содномнамжил, Базарсадын Бат-Орших нарын Дорнод талын найрагчдын талаар хүүрнэсэн гэнэм. Ган-Очирын өндөр өвөө нь Ламын Даваа гэж мундаг лам байсан бөгөөд түүнээс үлдсэн таван зуун жилийн настай “Алтангэрэл” судар нь үлдсэнийг баримтагтай үзүүлэв. Таван зуун настай цаас салхинд хийсч магадгүй гэсэн учраас задалж үзээгүй нь ч зөв болсон байх. Найрагчийн аав бол Чөлөөлөх дайны ахмад дайчин Осорын хүү малын эмч Даваасүрэн юм. Ган-Очирын ээж Ринчений Балжмаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул буриад агаад насаараа түүх-газарзүйн багш хийсэн нэгэн гэнэ. Ган-Очир найрагчийн төрсөн дүү Д.Эрдэнэ-Очир. Харин охин дүү Д.Баярчимэг нь АНУ-ын Вашингтон хотод мастер хамгаалахаар суралцаж байгаа аж.

Аавтайгаа хамт “Алтан гадас”-аар энгэрээ мялаав

Д.Ган-Очир үртэй бүхэн ургаж, үндэстэй бүхэн навчилдаг жамаар нутгийнхаа Баярсайханы Булган хэмээх бүсгүйтэй учирч ууган хүүгээ 1996 онд төрүүлэхэд уран бүтээлийн анд Баатарын Галсансүх нь таарч Амарбаясгалан нэрийг сугалаагаар өгсөн аж. Амарбаясгалан хүү Санхүү эдийн засгийн сургуулийн эдийн засгийн онолын гуравдугаар ангид сурч буй гэх агаад биднийг очих үеэр “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдан Улиастайн цэргийн ангид алба хааж буй гэв. Ган-Очир, Булган хоёр хүүгээ энэ сарын 31-нд эргэхээр захисан хатуу чихэр, хар гутлын тос, захны цагаан даавууг ягштал бэлдээд байгаа аж. Дунд охин Г.Амарзаяагийн хувьд ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч юм билээ. Отгон хүү Г.Амармөнх бол аав, ээжийн алдрай бяцхан гуравхан настай шүтээн юм. Ган-Очир найрагч ууган хүү Амарбаясгалангаа арваннэгдүгээр ангид байхдаа Улсын эсээ бичлэгийн аварга болж сайд Ц.Оюунгэрэлээс өргөмжлөл гардаж байсанд баярладаг төдийгүй тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн болсонд бахархдаг ажгу. Бид энэ бүхнийг ярьсаар Ган-Очирын ажлын ойролцоох гэрт очихуй отгон хүү Амармөнх гэж аашны тулам нэгэн байна аа. Ааш гэдэг тэнгэр заяат монгол хүний мөнхийн дагуул ч байж мэдэх.

Ган-Очир найрагчийн дуу, шүлгийн шидэд илбэдүүлсээр нэгэн өдрийг үдэхүй гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулдаг “Хуучраагүй жийнс”, “Niciton”-ий Баачкагийн “Цамцаа тайл”, “Камертон” хамтлагийн “Явах цаг боллоо, хонгор минь” гэх мэт олон олон дуу чихнээ хоногшин үлдэв. Магад түүний зуу зуун дууны түүх маргааш, нөгөөдөр ч үргэлжилсээр байх билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *