Хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тасралтгүй суралцах шаардлагатай тулгардаг. Тиймээс ОБЕГ-ын даргын тушаалаар гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сургалтыг нээж үг хэлэхдээ, эрсдэлийг урьдчилан харж, мэдээлэлд суурилсан төлөвлөлт хийх, шийдвэр гаргах үйл явц бидний ажлын зайлшгүй нэг барих бодлого, чиг хандлага болсоор байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг тодорхойлох арга зүй, хянах чадвараас гадна цэргийн хэргийн болоод гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвараа ч байнга хөгжүүлж ажиллахыг онцолсон юм.
Уур амьсгалын өөрчлөлт, хотжилтын улмаас манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд гамшгийн давтамж, эрчим, нийгэм эдийн засагт учруулах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Уур амьсгал дулаарах гэсэн ойлголт “уур амьсгал буцлах” гэсэн нэр томьёогоор хүртэл солигдон яригдаж эхэлжээ. Түүнчлэн зудын гамшгийн улмаас амьжиргаагаа алдсан малчин иргэд хот суурин газарт шилжин суурьшиж байгаа нь эргээд хот суурин газарт гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болж байгааг ч сургалтын үеэр ярилцсан байна.
Энэ удаагийн сургалтад өөрийн орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгэээнд тулгуурлан эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал үүрэг бүхий алба хаагчид хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.