Шилэн данс гээд шуугив. Нийгэм тэр аяараа ч биш л дээ. Хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд шуугиж байна. “Шилэн дансны шилийг хагалаад харсан чинь энэ муусайн төрийнхөн ямар аймаар идэж уудаг юм бэ гэх нэгэн “шилэн” Дамдин гарч ирсэн хэрэг. Телевиз, сонин хэвлэлээр тэрбээр ярьж, сайтууд, сошиал ертөнцийнхөн дэвэргэж ер бусын луйврыг шилэн данснаас хараад илрүүлсэн мэт ойлголтыг нийгмийн сэтгэл зүйд тулгах гэсэн оролдлого. Юун “шилэн” Дамдин яриад эхлэв гэж асуух хүн гарах биз. Тэгвэл тэртээх 50, 60 оны үед “шилэн” Дамдин хэмээх нэгэн цуутай хулгайч Монголын нийгэмд амьдарч байсан юм. Монголын “Бриттаника” толь дээр Монголын хамгийн алдартай хулгайч гэх хоёр хүнийг онцлон оруулсны нэг нь энэ “шилэн” Дамдин. Нөгөө нь “чонон” Борис гэгч. “Шилэн” Дамдин гэж нэршсэн учир нь тэр нөхөр нүдний шил зүүдэг байсан юм билээ. Мань эр хулгайчдын бүлэглэл зохион байгуулж тэднээрээ хулгай хийлгэдэг. Өөрөө ард нь зүгээр үлддэг. Хаана их мөнгө байгааг Шилэн дансанд харагдаж байгаа юм шиг харж чаддаг байсан тийм л хүн гэсэн.
Үүнтэй үйлдэл нь адилхан нэгэн “шилэн” Дамдин гарч ирж Шилэн дансаар дагнан ярьж эхлэв. Тэгэхээр Шилэн дансны хууль нь ч тэр, үүнийг яриад зогсож буй “шилэн” Дамдин ч тэр, түүнийг дэмжин элий халай болж байгаа хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид ч тэр бүгд буруу байна. Төр дэх “Шилэн данс”-ны тогтолцоо нь өөрөө дэндүү амьдралгүй байгаад хэлэх үг олдохгүй байна. Энэ хуулийг, энэ дансыг, эдгээрийг ярин шуугиж буй хүмүүс нь үнэндээ өнөөдөр Монголын төрийг улам сульдааж, хэврэгшүүлж, айдаст автуулж байгаа нь санаатай, санамсаргүй үйлдэл болоод байна. Энэхүү Шилэн дансны тогтолцоо нь Монголын төрд ардчилал хэрээс хэтэрснийг, бүр гай болж байгааг өдөр ирэх бүр ойлгуулж байна. Төрийн бүх мөнгө ил байх нь захын нэг архичин гарч ирээд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар ажлаа хийж буй хүнийг заамдан авч “Чи тэдэн төгрөг авсан байна, архины мөнгө өг” гэж хэлэх нь. Компанийн санхүүгийн нууцлал гэдэг нь хөгжсөн улс оронд бол компанийн засаглалын номер нэг асуудал байдаг. Манайд бол Шилэн дансаар дамжаад лөөлөө болох нь. Энэ ардчилал мөн үү. Манайд дарамтлагсдын бүлэг бий шүү дээ. Тэд хэн хэдэн төгрөгийн тендерийн ажил хийж байгааг алган дээрээ мэт хараад сууж байгаа юм байна. Цаг нь болоогүй байхад хэрэгжиж эхэлсэн хууль гэдэг энэ дээ. Төрийн байгууллагуудын “Шилэн данс”-ны шилийг мөн ч амархан хагалж эхэллээ дээ. Цаашид хичнээн “шилэн” Дамдин гарч ирэх юм бол.
Өнөөдөр хүмүүсийн үзэн ядаад байгаа Шилэн дансаар харагдах төрийн мөнгөний урсгал чинь Монгол төрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал юм шүү дээ. Дэлхийн 200 гаруй улс орон төрийнхөө бүх ажлыг мөнгөөр явуулдаг. Ганцхан Монголд л “шилэн” Дамдин гарч төрийн ажлыг мөнгөгүй явуул, пүүх паах, явуулбал эд нар идэж уугаад байна гэж хашгираад байгаа нь үнэндээ эрүүл зүйл биш юм. Төрийн мөнгө шилний цаанаас харагдаж, зарлагдахыг харчихаад “шилэн” Дамдин “Ямар булай юм бэ” хэмээн цовхчиж түүнийг нь сэтгүүлчид тэр чигээр нь нийгэмд хүргэж байгаад эмгэнэл нь оршиж байна. Энэ нь шууд утгаараа Монгол төр ажлаа битгий явуул гэсэн үг. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид сая гаруй хүнтэй энэ хотыг яаж хөгжүүлэх вэ хэмээн нойр хоолоо хасан, ар гэрээ умартан, хэдэн өдрөөр ард түмний төлөө хөдөлмөрлөж байгаагийнх нь төлөө төрөөс хэдэн төгрөгөөр урамшуулж яагаад болохгүй гэж. Эдгээр хүмүүс хийх ажлаа олж ядсандаа ингэж суудаг юм уу. Бразил улсад ажлын туршлага судлахаар очсон хэдэн төлөөлөгчийг тэр үед нь сэтгүүлчид, сошиал ертөнцийнхөн элдвээр хичнээн хэллээ. Тэдний зүтгэлийн хүчинд өнөөдрийн хот чинь өнгөө засаад, бид барууны хотод яваа мэт байшин барилгатай, гудамж талбайд нь тайван сайхан алхаж байна. Энэ бүхэн тэгээд төрөөс мөнгө хөрөнгө гаргахгүйгээр хар аяндаа хийгдчих ажил болж байна уу. Сая нэг инээдтэй яриа Их хурал дээр боллоо. Ерөнхий сайд 9.5 сая төгрөгийг мөнгөн аяга авахад зарцуулчихсан юм уу, өөрийг нь мөнгөн аяга авчихсан гээд байгаа юм уу. Шилэн дансаар олж харсан л мөнгөн дүн бололтой. Ерөнхий сайд нь тийм юм байхгүй л гэх. Би л оронд нь байсан бол хэрэглээгүй байсан ч “Тэгсэн, би тийм мөнгөний зардал гаргасан. Харинчиг багадуулсан. Ерөнхий сайдад энэ бол юу ч биш” гэж гөжүүдлэх байлаа. Үнэндээ Монгол Улсын Ерөнхий сайдад энэ байтугайг авах эрх байх ёстой. Зарж үрэх эрхтэй. Төрд зүтгэж буй хүн төрийн хайр ивээл, шанг хүртэх эрхтэй. Энэ мэт ганц нэгхэн жишээнээс харахад л “Шилэн данс” гэдэг Монголын төрийг ямар муухай жижигрүүлж, арчаагүй болгож байна вэ. Төр хүчгүй бол та бид ч хүчгүй. Хүчгүй, аймхай харагдуулах шалтгаан нь шилэн данс болчихож.
Тэгэхээр шилэн данс хянагч “шилэн” Дамдины үзлээр бол төрийн албан хаагч нь наад зах нь гадаад томилолт төрөөс авч болохгүй юм байна. Жишээ нь Монголбанкны ерөнхийлөгчийг гадаадад ажлаар явахдаа 30-300 ам.долларын буудалд хоногло гэж загнажээ. Олон улсын санхүүгийн зах зээл дээр очиж буй ямар ч улсын банкны ерөнхийлөгч хүн таван одтой зочид буудалд байрлаж, вип таксигаар үйлчлүүлэхээс ажлаа эхэлнэ. Бод л доо, 50 ам.долларын буудалд буусан, таван долларын зангиа зүүгээд давхиж очиж байгаа хүнтэй хэн гэрээ хэлцэл хийх юм бэ. Тоож мэндлэх хүн ч олдохгүй. Монгол Улсын банкны ерөнхийлөгч гээд байгаа нөхөр чинь залилан хийгч байна, эсвэл мэдрэл нь муудсан, галзуу нөхөр байх гэнэ. “Шилэн” Дамдин минь дээ, энэ дэлхий дээр чинь манай алтан тэвшийн хонхроос огт өөр дүрэм журам үйлчилдэг юм шүү дээ. Манай “шилэн” Дамдин өөрийнхөө хэмжээгээр сэтгэж, манай сэтгүүлчид түүний хэмжээгээр мэдээлж байгаа юм. Төрийн бүх ажлыг Шилэн данс ийнхүү царцаах нь. Шилэн дансыг хянагч “шилэн” Дамдин гэж олон сэтгүүлч бараа бологчтой, даналзсан аймаар амьтан гарч ирснээ “Шил авъя, шил авъя” гэдэг гудамжны нөгөө нөхдүүд шиг чарлаж эхэлсэн нь энэ төр засгийг мөн ч гутааж байна даа. Муу ч сайн ч энэ чинь тусгаар Монгол Улсын төр шүү. Одоо ч үзэгдэхээ байж дээ, хэдхэн жилийн өмнө бол гэрийн гадуур, гудамж талбайд “Шил лааз авъя” гэж орилолдсон нөхдүүд таардагсан. Аваад очихоор өнөө шил лаазчин нөхөр чинь “П… минь наад лаазаа гишгэж няцалж өг” гэж загнадаг. Өнөөдрийн “шилэн” Дамдингийн даналзаж байгааг харахаар энэ дүр зураг буух юм.
Шилэн дансны тогтолцоо ингэж л Монголын төрийг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн тулгалтад орууллаа. Аль ч улс орны төр засаг хийсэн ажлаа ард түмэнд ойлгуулахын тулд хэвлэл мэдээллээр сурталчилдаг. Тэр нь өөрийн үнэ хөлстэй олон улсад тогтсон жишиг. Шилэн дансны ач буянаар лав сэтгүүл зүй-төр хоёрын өмнөх 20 жилд тогтсон хамтын ажиллагаа дуусгавар болсон. Үүнийг ардчиллынхан төр засгийн эрхэнд гарснаар хийх шив дээ. Төртэй холбоотой үйл ажиллагаа бүхэн санхүүжилттэй. Тэр нь шилэн дансаар харагдах учраас “шилэн” Дамдин хянаж олон нийтэд “Төр булай юм хийж байна та минь ээ” гэж орилж хашгираад байх нь гэж айгаад. Шилэн Дамдингийн үг үйлдэл бүхнийг бүх сэтгүүлч уухайлан мэдээлж, даган бархиралдсаар. Уг нь төрийн үйл ажиллагааг нийгмийн сэтгэл зүйд хүргэх нь сонин хэвлэлийн хамгийн том үүрэг. Гэвч төлбөрөө “шилэн” Дамдинаас айгаад өгөхгүй. Үүнийг нь хэвлэл мэдээллүүд шуугин дэмжээстэй. Үр дүнд нь мэдээллийн байгууллагууд дампуурах хурдаа нэмээстэй. Манай улсаас өөр хаана ч байхгүй хачин логик харагдаж байгаа биз.
Өнөөдөр Монголын сэтгүүл зүй, сошиал ертөнцтэйгөө онь холбож аваад аль нэг асуудлыг барьж авч балбаад, түүнийгээ бүр шуургалуулаад, давалгаалуулаад ирэхээрээ буруу замаар явчихдаг болсон. Энэ бүгдийг хэн залуурдаад байдгийг мэдэхгүй. Өнгөрсөн хугацааны шуургаллын үр дүнг харъя. Жишээ нь Оюу толгой төсөл байна. Эх орноо гэсэн баахан ардын баатрууд гарч ирсэн. Баахан Иргэний хөдөлгөөнүүд бий болсон. Бүгдэд Монголын сэтгүүл зүй, сошиал ертөнцийнхөн хайр зарласан. Тэдний цээжээ хэрхэн дэлдэж, Оюу толгой төслийг зүхэхийг сэтгүүлчид хийгээд твиттерчид дуу алдан дэмжиж хамтдаа бөөлсөн. Үр дүнд нь Монголын эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэн, дэлхийг дэлдийлгэсэн энэ төслийн амыг барих хэмжээнд аваачив. Одоо өөрсдийнхөө байгаа царайг хар даа. Мөнгө ч үгүй, юу ч үгүй. Одоо төсвийн тодотгол хэлэлцэх гэж байна. Улсын төсөв нь нэг их наядаар сох дутах нь. Айлаар бол хоногийн хоол ч үгүй хонож мэдэх нь. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн Оюу толгой минь хэмээн эргээд хашгирцгааж эхэлсэн. Мөн ШӨХТГ анх гарч ирэхэд сэтгүүл зүй, сошиал ертөнц хамтран хэрхэн хүлээн авч, балиашиглаж шуургаллаа. Үр дүнд нь үндэсний хэдэн том үйлдвэр болох Алтан тариа, АПУ… гэхчилэн хөл дээрээ боссон хэдэн компаниа дампууруулчих шахав. Одоо ШӨХТГ нь аль л болж бүтэж байгаа ажил бүрийг очиж шалгадаг, торгууль тавьдаг, хаалга үүдийг нь хаана гэдэг, түүнийг сэтгүүлчид шаагилдаж очоод орь дуу тавин мэдээлдэг. Ямар сэтгүүл зүй, сэтгүүлчид өнөөдөр Монголд бий болоод байгаа юм бэ. АТГ-ыг анхнаасаа сэтгүүл зүй, сошиал ертөнц хэрхэн шагшин шаагилдан магтан дуулав. Сүүлдээ энэ байгууллагынхаа өгөөш загас болж хувирсан. Зарим сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд өөрсдөд нь АТГ-ын дарамт ирснээр сая нэг сэхээ авч байх шиг. Гэвч бас л оройтсон борооны хойноос… Хувь хүний асуудлууд байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр камазын тэвш дүүрэн доллартай байжээ хэмээн зорилгот шуугиан дэгдээхэд сэтгүүл зүй тэр чигээрээ чарлалдан шавж очоод “Камазын тэвш дүүрэн ам.доллар байжээ” хэмээн бүтэн сар шуургалсан. Одоо хар, өнөө их ам.доллар чинь тэгээд хаана байна. Монголын сэтгүүл зүй одоо ингэж бууны нохой болдгоо боль. Монголын сэтгүүл зүй нийгмээ урагш нь чирч, хөтөлж явах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийн сэтгүүл зүй дэлхий ертөнцөөс арчигдан сөнөж буй социализм руу Монголын нийгмийг уллан чангааж байгаа нь гутамшиг. Ингэхгүй шүү найзууд аа, мэргэжил нэгтнүүд ээ. Одоо өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болж.