Шар айрагны гашуун үнэнийг өчсөн анагаах ухааны доктор И.П.Клименкогийн лекц дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хүн төрөлхтөнд шингэн талх, шингэн алт хэмээн олон зууны турш “өргөмжлөгдөж” ирсэн энэ ундааны талаар ерөнхийдөө эерэг бодол бидэнд байдаг ч үнэндээ нарийн судлахаар сэтгэл сэрдхийлгэсэн зүйл нуугдаж байсныг энэ эрдэмтэн судлаад тогтоочихжээ. И.П.Клименкогийн хувьд химич мэргэжилтэй, ОХУ-д шар айраг судлалаар нэрд гарсан эрдэмтэн юм байна. Түүний лекцийн гол цөм нь “Шар айраг нь эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь дааварт сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ ундаанд эм бэлгийн даавар ихээр агуулагддаг учир эрэгтэй хүнд бүр ч илүү хортой” гэсэн ухагдахуун.
2000 он гартал шинжлэх ухаан хүний биед спиртийн төрлийн ундаанууд хортой, сөрөг нөлөөтэй л гэж сануулдаг байснаас биш хүний бэлгийн эд эс, дааврын бүтцэд хүчтэй нөлөөлдгийг нарийн тогтоогоогүй байсанд л хамаг учир байгаа юм. Шар айрагны гол түүхий эд болох зөрөг цэцэгт агуулагддаг фитоэстроген буюу ургамлын эм бэлгийн даавар нь улаан хошоонгор, царгас зэрэг ургамлуудад байдаг учир уламжлалт эмнэлгийнхэн болоод малчид эрт үеэс эдгээр төрлийн ургамал, ногоо ургасан газруудад малаа бэлчээдэггүй, ийм ургамлуудыг малдаа өгөхийг цээрлэдэг, эм тангийн найрлагад хүртэл оруулдаггүй байж. Ийм төрлийн ургамал идсэн мал хээл авдаггүйг Австралд хийсэн туршилт хүртэл нотолсон байдаг.
Эрэгтэй хүний бие махбод тестерон буюу эр бэлгийн даавар, эмэгтэй хүний бие махбод эстроген буюу эм бэлгийн даавар боловсруулдаг. Тестероны нөлөөгөөр эрчүүл булчинлаг, үсэрхэг, сахалтай, бүдүүн баргил хоолойтой, ааш зан нь ширүүн дориун байдаг. Харин эмэгтэйчүүдийн бие уян налархай, арьс нь зөөлөн, дуу хоолой нь намуухан, ааш зан нь уян байдаг нь өнөө эстрогений нөлөө. Байгалиасаа ийм зохицуулалттай байтал бид шар айраг уух тоолондоо дааврын эд эсийг өөрчлөх бодисыг хүлээж аваад байвал үндсэн дааврууд маань хувиралд орж зөрөг цэцгийн найрлага дахь эм бэлгийн даавраар тэтгэгдэж эхэлнэ гэсэн үг. Шар айраг дахь фитоэстроген нь идэвхгүй хэлбэрт оршиж байгаад хүний биед ороод ирэхээрээ идэвхжинэ. Эрэгтэй хүн шар айрагны “улаан фен” болсноор өнөө байгалиас өгсөн эрэмгий шийдэмгий зан нь бага багаар суларч, алив юманд гомдомтгой болж тууштай зангаа гээсээр амьдралын идэвхгүй болж сүүлдээ эмэгтэй хүн мэт зан гаргаж хэдэр ёдор болоод эхэлдэг аж. Хэвлий, өгзөг, гуя хэсгээрээ таргалж, хөх нь үл мэдэг томордог юм байна. Шар айрагны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Чех улсад шар айраг ихээр хэрэглэдэг эрчүүлийн хөхөнд сүү орж байсан тохиолдол хэд хэдэн удаа тэмдэглэгджээ.
Шар айрагны иймэрхүү синдромоос гадна эрчүүл эрүүл мэндийн хувьд хасах руу орж эхэлнэ. Зүрхний хэм алдагддаг учир сексийн амьдралд нь ч сөрөг нөлөө илэрдэг юм байна.
Шар айраг хүртсэн үед эрчүүлийн хувьд эмэгтэй хүн рүү татагдах төрөлхийн инстинкт нь буурдаг учир сээтэн хаях нь бага байдаг бол шар айрагт халамцсан эмэгтэйн хувьд эсрэг хүйстэн рүүгээ хүчтэй татагддагийг тогтоожээ. Энэ бүхэн нь өнөө цусанд орж ирсэн эм бэлгийн дааврын хариу үйлдэл. Гэхдээ шар айрагны хувьд эдгээр шинж тэмдэг нь илүүтэй мэдрэгддэг болохоос биш бусад архи, сархад хэрэглэхэд ингэдэггүй гэж андуурч болохгүй л дээ. Ер нь архинд хамааралтай болсон хүмүүсийн хувьд эхлээд шар айраг ууж байгаад архинд донтсон байдаг учир шар айргийг донтуулдаг, мансууруулдаг гэдгийг эрдэмтэн И.П.Клименко лекцэндээ дурджээ. Пиво уух нь хөхүүл эхийн сүүний гарцыг нэмэгдүүлдэг гэж үзэх тал бий ч хүүхэд шар айргийн хольцтой сүүгээр бойжвол уг ундаанд донтох суурь нь тавигдаж болзошгүй гэж ойлгож болох юм байна. Хүний цусанд алкоголь шингэх хугацаа нь харилцан адилгүй. Эрэгтэй хүн 500 гр шар айраг уухад эхний удаад хоёр цаг болоод шингэдэг бол дараагийн удаа тав, гурав дахь удаа долоон цагийн дараа шингэдэг юм байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд 500 гр шар айраг эхний удаад зургаан цаг болоод шингэдэг бол дараагийн удаа 12, гурав дахь удаагаа 18, дөрөв дэх удаагаа 24 цаг гээд шингэх хугацаа нь урт болдог аж. Үүнээс юу гэж дүгнэж болох вэ гэхээр эмэгтэй хүний цусанд шар айраг илүү удаан хадгалагддаг учир хатуу ундаанд донтох хувь нь өндөр байдаг юм байна.
И.П.Клименко “Шар айрагны талаар ингэж ярьж байгааг минь та бүхэн өршөөгөөрэй. Би үүнийг олон жил судалсны үндсэн дээр хэлж байгаа юм. Намайг эхлээд ингэж ярихад маш олон хүн эсэргүүцэж ямар нэг архи, вискиний үйлдвэрийн хар пиарыг хийж байна гэж хардсан. Гэвч тийм биш. Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн турш таашааж ирсэн энэ удааг маш нарийн судалснаа л та бүхэнд хэлж байна. Шар айрагт бидний мэддэггүй гашуун үнэн байдгийг дэлгэхэд хүмүүс тэр дундаа эрчүүл маш цочир хүлээж авсан. Бурхныг зүхэж байгаа мэт л сэрдхийн хүлээж авцгаасан. 18 наснаасаа шар айрагт дурлаж 40 нас хүртлээ уусан эр огт архи амсдаггүй үе тэнгийн эрэгтэйтэй өөрийгөө харьцуулаад эр хүнд байх ёстой ямар сайхан бахархам зан чанар, бие бялдраа алдсанаа ухаараад санаа алдсанаар миний энэ судалгааг хүлээн зөвшөөрсөн” гэж ярьжээ. Түүний лекцийг хүмүүс анх хачирхан хүлээж авснаа дараа нь эсэргүүцсэн байр сууринаас ханджээ. Гэвч сүүл рүүгээ эрчүүд олон тоогоор ажилладаг цэргийн анги, цагдаа, үйлдвэрийн газруудын удирдлагууд түүнийг урьж лекцийг нь сонсох болсон байна. “Шар айрган дахь тэдгээр хүчтэй нэгдлүүд нь эр хүний дааврыг дарангуйлж эмэгтэйлэг болгож байгааг бид шууд анзаардаггүй. Бөгсөн биеэрээ тарган, харвин, хөх нь унжсан учир нэлмэгэр хувцас өмсч гадуур явдаг эрчүүл ихэсч, гэр зуураа хэвтэж, буйдан, зурагтын удирдлагыг л “шүтсэн” эр ч биш эм ч биш, тийм саармаг хүйстнүүд битгий олшроосой гэсэндээ л энэ бүхнийг би нийтэд дэлгэсэн билээ. Тийм саармаг хүйстнүүдийн хэрүүлч, гомдомхой онцгүй зангийн талаар энд дурдаад ч хэрэггүй” гэж тэрээр нэмж хэлжээ.