Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй ажлын хэсэг Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ-ын хилийн хамтын ажиллагааны олон улсын Хоргос төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, дэлхийд анх түрүүн хоёр улсын санаачилгаар байгуулагдан амжилттай үйл ажиллагаа үйл явуулж буй тус чөлөөт бүсийн эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалт, тусгай дэглэм, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэтийн төлвийн талаар бүсийн захиргааны дэлгэрэнгүй мэдээлэл сонслоо.

2005 онд байгуулсан хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу анх хоёр талдаа 560 га талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хоргос чөлөөт бүс сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж, эдүгээ 764 га хил дамнасан нутаг дэвсгэр бүхий, зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараа чөлөөтэй солилцдог, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын үлгэр жишээ төв болон хувирчээ. Чөлөөт бүсийн Казахстаны талын, Хятадын талын нутаг дэвсгэрт нэгэн адил томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж, худалдааны төвүүд, үйлчилгээний газрууд олноор байгуулагдан, хөрөнгө оруулалтын олон ирээдүйтэй төсөл төлөвлөгдөн хэрэгжиж байгаа юм байна. Хоорондоо замаар холбогдсон, татваргүй, хилийн болон хөдөлмөр эрхлэлтийн хялбаршуулсан дэглэмтэй хоёр талын нутаг дэвсгэрт өглөө 7 цагаас орой 19 цаг хүртэл өдөр бүр Казахстаны талаас 4000, хятадын талаас 7000 хүртэл хүн чөлөөтэй зорчиж худалдаа бизнес эрхэлдэг ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн БНХАУ-д өнгөрсөн 4 дүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцан тохиролцсоны дагуу Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин ийнхүү Хоргос бүсийн туршлагыг газар дээр нь судаллаа. Түүний ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, Шадар сайдын ажлын алба, Гадаад харилцааны яамны төлөөлөл ажиллав. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Л. Баттулга ажиллалаа гэж Шадар сайдын ажлын алба мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *