Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас улсын хэмжээнд 9 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд ариун цэврийн байгууламж, хөрсний бохирдлын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад 945 объект хамруулсанаас 399 буюу 42 хувь нь стандартын шаардлага хангасан бөгөөд шаардлага хангаагүй 260 нүхэн жорлонг буулгуулан 1.6 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, 622 га газрын 25197 тн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна..
Хяналт шалгалтад хамрагдсан объектын үйл ажиллагааны төрлөөр авч үзвэл 307 амралтын газар жуулчны бааз, 9 рашаан сувилал, 287 шатахуун түгээх станц, 61 хүнсний үйлдвэр, 64 авто угаалгын газар, 43 барилгын материал, 5 хоёрдогч түүхий эд авах цэг, 135 худалдаа үйлчилгээний газар, 12 газрын тос бүтээгдэхүүн, 38 уул уурхайн, 14 дулаан үйлдвэрлэлийн, 9 баяжуулах үйлдвэр, 1 усны үйлдвэр, 1 махны үйлдвэр, 5 шонхор шувууны отог, 3 төрийн өмчит болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, 15 нүүрс ачилт буулгалтын тээвэр, 246 иргэд хамрагдав.
Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонтой зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн байна.
Зөрчил, дутагдал гаргасан 270 объектод улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн, 43 этгээдэд 53700.0 мянган төгрөгийн торгох шийтгэл, 683200 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулж, зөрчлийн үр дагавар арилгуулахыг даалгажээ.