Categories
мэдээ нийгэм

Ш.Сүхбаатар: Хууль зүйн салбарт хийсэн бүтээснийг минь үнэлж гавьяат цол хүртээсэнд баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатарт өчигдөр гавьяат хуульч цол хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын дараа гавьяат хуульч Ш.Сүхбаатарын сэтгэгдлийг сонссоноо хүргэе.


-Юуны өмнө гавьяат хуульч цол хүртсэнд тань баяр хүргэе. Хуулийн сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Би чинь Хуулийн сургуулийн 1982 оны төгсөгч. Сургуулиа төгсөөд л Төв аймгийн прокурорын газарт ажилд орсон. Хэсгийн прокуророос хуульчийнхаа ажил амьдралыг эхэлж байлаа. Дараа нь 1994-1996 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан.

-Хууль зүйн дэд сайдаар ажиллахын өмнө таныг Хууль зүйн яаманд газрын даргаар ажиллаж явсныг санаж байна. Яг аль газарт нь ажиллаж байлаа?

-Хууль зүйн яаманд би гурван ч газрын даргаар ажилласан түүхтэй. Тамгын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мониторинг, хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүйн дэд сайд болсон юм. Дараа нь Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яаманд ажилласан. Ер нь хуулийн чиглэлээр нэлээд жил ажилласан даа. Бас хууль зүйн чиглэлээр багагүй бичсэн. Наад захын жишээ гэхэд прокурорын байгууллагын түүхийн талаар ном бүтээл хийсэн. Хууль зүйн салбарт хийсэн эдгээр ажлыг маань үнэлж энэ эрхэм шагналыг өгсөн болов уу. Монгол Улсын гавьяат хуульч хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсандаа баяртай байна.

-Та ерээд оны ид шилжилтийн үед Хууль зүйн яаманд ажиллаж байсан. Эрх зүйн шинэчлэлд өндөр оролцоотой ажилласан байх…?

-Ерээд оны үе бол сая таны хэлсэнчлэн Монголд эрх зүйн шинэчлэлийг хийж эхэлсэн цаг л даа. Тэр үед Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүний хувьд нийгмийн шинэчлэлтэй холбогдсон олон төслийг хэрэгжүүлэхэд гар бие оролцож ажилласан.

Батлан хамгаалах яаманд батлан хамгаалах чиглэлийн хуулийн төслүүд дээр ажиллаж байлаа. ГХЯ-нд ажиллах үедээ хилийн чандад амьдардаг монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хилийн чандад гараад эх орондоо ирж чадахгүй байсан хүмүүсийг эх оронд нь авчрах тал дээр нэлээд идэвхтэй ажилласан. 2013 онд 82 хүнийг, 2014 онд 182 хүнийг эх оронд нь авчирсан түүх бий. Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа хилийн чандад хуулийн хариуцлага хүлээж ял шийтгэл эдэлж яваа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байлаа.

Ц.БИЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *