Өдрийн сонины архиваас………………………………
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуайг зорьж очлоо. “Надад засаг Хөдөлмөрийн яаман дээр өрөө гаргаж өгсөн л дөө. Зүгээр сууж чаддаггүй. Амьтан хүн орж гарах юм. Надад хувийн компани, хувьцаа, алгын чинээ газар байхгүй. Нэг талаасаа өөрийгөө тэнэг ч юм уу гэж боддог. Нөгөө талаар миний хувь заяа тэгж л явах тавилантай байсан юм байлгүй. Миний хийж байгаа ажил, зөвлөгөө буяны шинжтэй, ашиг орлого олдоггүй. Гэхдээ тэтгэвэр аваад болоод л байна. Миний эхнэр хүүхэд өлсөөгүй. Би нэг машинтай, байртай, өөр надад юу хэрэгтэй юм” хэмээн тэр хуучлав.
-Ш.Гунгаадорж гуай та Дорноговь аймгийн Их хэт сумын хүн. Ингэхэд Дорноговийнхон юугаараа алдартай вэ?
-Говийнхон хөдөлмөрч шүү дээ. Говийнхоо хатуу хахир улиралд зохицсон хүмүүс. Гэрт зүгээр сууна гэж байхгүй. Байнга хөдөлж, малаа хариулна, аргалаа түүнэ, алтан харганаа зулгаана. Алтан харгана түлнэ. Голцуу аргал түлнэ дээ. Би багадаа жижиг шээзгий үүрээд ээжтэйгээ цуг аргалд явдаг байлаа.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Хоёулаа. Ах бид хоёрын дээд талын хоёр ч хүүхэд тогтоогүй юм билээ. Ах маань надаас гурав ах хүн байсан. Одоо байхгүй л дээ. Манай аав Чойрын хийдийн том хэргэмтэй Б.Шарав гэж хүн байлаа. 1937 онд намайг ой найман сартай байхад баригдаад явсан юм билээ, зайлуул. Тэгээд ирсэн л дээ. Лам харгүй барьж байсан тэр үед элэг бүтэн амьдрах хувьтай байж. Аав сүүлд гарч ирээд ярьж байсан юм. Ажааг маань Улаанбаатарт авчирсан юм байж. Нэг байшинд баахан хоригдол дүүрэн, гурван сар болсон гэсэн. Нэг удаа шөнө дунд өнгөрөөгөөд, хоригдлуудыг ачсан юм билээ. Хоёр машин үүдэнд нь тулгачихаад ачаад, чихээд байсан. “Машин дүүрлээ” гэж чихсээр байгаад хаалгыг нь хаачихсан гэсэн. Ажаа ямар ч байсан машинд багтаагүй. Өглөө болсон чинь Хэнтийн нэг лам тэр хоёр үлдчихсэн. Маргааш нь Дотоод яам хаана байдаг юм, аваачаад арван жилийн ял өгчээ. Машинд багтсан бол толгойгүй. Машинд багтаагүй учраас арван жил хорих ял авсан. Зүүнхараад ямтай адуу хариулж, яс арван жил суугаад гарч ирсэн. Манай ээж их мундаг хүн. Эмээтэйгээ бид дөрөв үлдсэн юм. Ээж өртөө хийнэ. Дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн сургуульд явах байсан чинь “Ажаатай нь уулзуулна” гээд тэр жил сургуульд явуулсангүй. Зун мориор майхан ачаад, нутгийн нэг сайн хүн хөлслөөд явсаар байгаад Улаанбаатарт ирээд, таньдаг айлд байж байгаад Зүүнхараа явсан юм. Орхироогийн ам гэж тариа тарьдаг газар аав маань адуу хариулаад арван жил болсон. Уяан дээр адуу уячихсан, баахан хоригдлууд байгаа юм. Би 13-тай байсан юм. “За, чи ажаагаа ол” гэсэн. Би яаж мэдэхэв дээ. Аминдаа бүх хүнийг нэг бүрчлэн харж явсаар сүүлчийн уяаг дуусгаад хэлсэн байгаа юм. “Хамгийн сүүлчийн уяаны энэ талд байгаа өндөр хөх хүн миний аав мөн. Биш бол энэ дотор байхгүй” гэсэн тэр хүн нь байсан.
-Мундаг зөн совинтой байжээ?
-Хэлхээ холбоо байж. Надад нэг зүүд шиг дурсамж байсан. Зуны сайхан өдөр эсгий үүдээ гэр дээр тавьчихсан, манай ажаа намайг өвөр дээрээ суулгачихсан, баруун талд нь хоёр хүн суугаад, ээж цай чанаж байсан хачин зураг сэтгэлд буудаг юм. Тэгсэн хоёр хүн барих гэж ирээд, манай ажаа даахийг маань самнаж суусан юм билээ. Ээж цай чанаж хоол хийсэн. Тэр хоёр хүн сайхан сэтгэлтэй улсууд байсан бололтой юм. Нэг муу жаахан хүүхэд орж гараад, нэг нь өвөр дээр нь дэрвээд, “Яаж энийг барьж авна” гэж бодсон болов уу. Хоол цай идэж уугаад, нэгжлэг хийгээд, бариад явсан. Аав хоёр гурван мөнгөн аяга орон доогуур шидчихээд, алтан бөгжөө бас шидээд, ингэлээ шүү гэдгээ ээжид хэлсэн гэсэн. Тэгээд 1948 оны өвөл гараад ирсэн л дээ.
-Та сургууль номондоо хэр байсан юм. Малчин болно гэж бодож байсан юм уу, ном үзэх дуртай байсан уу?
-Ер нь би малчин болох тухай бодоогүй. Манай ахыг малчин болгоно гээд сургуулиас гаргачихсан. Ахыг малчин болгоод намайг сургуульд явуулах бодол ээжид байсан шиг. Би бол номонд дуртай. Ээж их ойтой. Аргалд явж байхад түвд, тангад ном уншаад, орой аялгуутай үлгэр хэлнэ. “Арын улаан хаан”, “Бигэрмижид хааны үлгэр” ярина. Тэрнийг нь бид чих тавин сонсоод цээжилчихнэ. Ээж маань жирийн малчин эмэгтэй л дээ. Гэхдээ ухаантай. Б.Жаргалбуян гэдэг хүн байлаа. Тэр ч бас надад нөлөөлсөн байх. Манай ах малд нүдтэй. “Шаравын том хүү малд сайн” гэдэг. Би бол хурга ишиг эргүүлнэ, аргал түүнэ. Өвөл нь манай ажаа ирээд “За, хүү минь ирэх жил сургуульдаа яв” гэсэн. Сайншандын арван жилийг 1954 онд төгссөн.
-Таны Гунгаадорж гэдэг нэр ямар учиртай вэ. Аав тань өгсөн үү?
-Аав өгөөгүй. Энхрийлсэн нэр Их ухна, Бага ухна гэдэг. Би Бага ухна нь. Говьд Ухна гэдэг нэр түгээмэл. Сэмбээринбүүчи гэж их том хувилгаан Түвдээс заларч байсан үе. Чойрын хийдээр залардаг. Улаанбаатарт ирдэг. 1936 онд хэлмэгдүүлэлтийн их салхийг мэдрээд буцсан шиг байгаа юм. Буцаж явахдаа Чойроор яваад Мааньт гэж миний төрсөн нутаг газраар урагшаа заларч л дээ. Тэгэхэд Ерөнхий сайд А.Амар Сэмбээ ринбүүчийг гаргаж өгсөн гэдэг. Тэгэхээр тэр амаргүй том хүн байж. Залрахад нь манай аав номын хүн болохоор тэр хувилгааныг гэртээ залсан юм уу яасан юм ах бид хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. Гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай л гэсэн утгатай гэнэ. Би номондоо сайн, шүлэг уншина, нэг уншаад цээжилчихнэ. Их ойтой. Сургуульдаа явна. Бага сургууль гучаад хүүхэд төгссөн байх. Гурав, дөрөв нь аймгийн сургуульд очсон. Тэр үед мал дээр их гардаг байлаа. Дунд сургууль төгсөхөд 10а гэж аравхан хүүхэдтэй анги төгсч билээ. Сургуульд байхдаа онцоос өөр дүн бараг авахгүй. Дөрөв авбал их гонсойдог шартай хүүхэд байв. Спорт сонирхохгүй. Айлд сууж байсан. Номоо үзнэ, өөр юм хийдэггүй. Аравдугаар ангиа онц төгссөн. Тэгэхэд гадаадад явах хүүхдүүдийг Төв хорооны боловсон хүчингээр оруулдаг. Манай аав гадаад явахад жаахан дургүй байсан. “Миний хүү дотоодын сургууль багадахгүй дээ” гээд анагаахад л оруулах санаатай байсан шиг байгаа юм. Гэхдээ намайг шахаагүй. Би “Гадагшаа л явж байвал тогоочийн сургуульд ч байсан явна” гэдэг. Тийм л өвчин байсан. Москвагийн К.А.Темяразовийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академи гээд мундаг сайхан сургуульд сурсан. Агрономи мэргэжил эзэмшсэн.
-Гадаадад сургууль төгссөн хүн ямар бодолтой ирэв?
-Ер нь яаманд л ажиллах байх гэж бодож байсан. Лоохууз дарга “Сангийн аж ахуй явна аа” гэсэн. Тэр үед Амгалангийн сангийн аж ахуй улаан буудай тариална, гахай тахиа, үнэг булга үржүүлдэг. Саалийн фермүүдтэй, том аж ахуй байсан. Сангийн аж ахуйн ерөнхий агроном улаан мотоцикльтэй давхина. Тэндээ дасаад жил болох гэж байтал Сангийн аж ахуйг удирдах газар гайхал Лоохууз сайд дуудлаа. “Атар газар эзэмших намын шийдвэр гарсан. Намын том зорилтыг биелүүлэх үйлсэд залуучуудыг ажиллуулна” гэсэн.
Сангийн аж ахуйг удирдах газар ирсэн. Атар эзэмших их ажилд олон хоногоор явна даа. Майхан гэрт хэдэн зуун залуучууд, зөвлөлтийн олон хүн ирчихсэн байсан. Би чинь Атрын нэгдүгээр аяныг эхлэхэд ажиллаж байсан хүн.
-Яаж таныг олж харсан байхав?
-Тэр үед боловсон хүчний бодлого сонин байсан. Нэг өдөр аж ахуй дээр хүн ирээд намын дарга, ногоочид, тариачидтай уулзаад явсан. Өдөржингөө яваад сүүлд нь надтай уулзаад баахан юм асуусан. Тэгсэн чинь гурван сарын дараа намайг Төв хороон дээр дуудаад, Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэст зааварлагчаар авсан. Гэтэл тэр хүн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн орлогч дарга Лувсанцэрэн гэдэг хүн байсан. Төв хороонд ирээд жил болоод 1968 онд Хөдөө аж ахуйн яам усны аж ахуйн яам нийлэхэд орлогч сайд болсон. Найман жил орлогч сайд хийсэн дээ.
-Эхнэр авахдаа ямар шалгуур тавьсан бэ?
-Би чинь хоёр дахь амьдрал зохиосон хүн. Тэр ч оюутан, би ч оюутан байсан. 21-тэй байсан юм уу даа. Энийг бичээд байх хэрэггүй. Нэг их туршлага яриад байх ч юм биш.
-Орлогч сайд хүн таван хүүхэдтэй эхнэрээсээ салаад өөр хүнтэй суусан гэхээр тухайн үед шуугиан тарьсан хэрэг байсан болов уу?
-Тэр их хатуу цагт харин ч хэвлэлээр нэг их юм болоогүй өнгөрсөн. Яахав, одоогийн эхнэртэйгээ дөч гаруй жил амьдарч байна.
-Дундаасаа хүүхэдтэй юу?
-Хоёр хүүхэдтэй. Би анхны эхнэртэйгээ муудалцаад, таарч тохирохгүй болсон юм биш. Амьдрал хэвийн явж байсан. Ер нь хувь заяаны зураг тавилан гэж байна. Зурсан зургаар л явж байна гэж би боддог.
Тэгээд л орлогч сайдаасаа буугаад Завханы Тэсийн сангийн аж ахуйд очсон. Тэжээлийн аж ахуй руу явж байгаа нь тэр л дээ. Орлогч сайдаасаа болино гэдэг бас тийм амархан ч ажил биш. Би энийг зөвхөн хайр дурлал, нэгийг нөгөөгөөр солих юм байгаагүй гэж боддог. Нэг л өдөр би яваад өгсөн. Хэрэлдэж муудаагүй. Эмзэг сэдэв. Гэхдээ би үүндээ харамсдаггүй. (Энэ үеэр гэргий нь орж ирсэн ч азаар бидний ярилцаж байсан эмзэг сэдэвт сайнаар нөлөөлөв. “Дусаадаг эм дуусчихаж. Такси аваад яваад ирье” гэж гэргий хэллээ. Намайг сонины сурвалжлагч хэмээн нөхөр нь танилцуулахад гэргий нь “Манай өвгөнийг байцаагаад сууж байна уу “ хэмээн инээж байна. “Та сайхан хүүхэнд сэтгэлд алдраад бүх юмаа орхичихсон юм уу гэж байна хэмээн Ш.Гунгаадорж гуай “ховлов”. “Сайхан ч юу байхав” гэж гэргий нь хэлэв. “Орлогч сайд байсан хүнийг буулгаад хаячихлаа гэж та санаа зовж байв уу” гэхэд маань “Тэгэхээс биш яахав. Таньдаг хүн гараад ирвэл ийшээ бултаад, эндээс хүн гараад ирвэл ийшээ бултаад л явдаг байлаа. Би багш хүн. Зарим хүн сургууль дээр очоод сайдын үнэтэй авгайг үзнэ” гэж байсан. “Аймаар байсан” гэж эхнэр нь илэн далангүй хуучиллаа. “Та энэ хүнд сэтгэл алдарсан уу, энэ хүн танд илүү сайн байв уу” гэхэд “Хоёулаа адилхан даа” гэв. “Одоо ч дөч гаруй жил хамт амьдарчээ. Би ч бас тэр үедээ үс гэдэг чинь тахимаа хүрсэн, өндөр, дан дээл өмсч явдаг гунхалзсан охин байлаа. Энэ сайхан хүүхэн л гэж ярьдаг байлаа. 27-28-тай байсан. Надтай цуг ажиллаж байсан багш таараад “Амгалан, чи наймаанд их сайн юм аа” гэнэ. “Би наймаа гэж мэдэхгүй” гэсэн чинь “Хүний наймаанд сайн юм аа” гэсэн хэмээн гэргий нь дурсав. Түүнийг өрөөнөөс гарсны дараа Ш.Гунгаадорж гуай “Миний хүүхдүүд сайн яваа. Цөм сургууль төгссөн. Гарсан хоёр хүүхэд маань дажгүй. Би тэгэхэд гуч гарч байсан. Энэ хүн гуч хүрэх гэж явсан. Одоо дөч гаруй жил хамт амьдарч байна. Энэ миний амьдралын түүх хэмээн тайлбарлав.
“Тэр хол Завхан руу явуулахад мэргэжил маань хэрэг болсон доо. Найман жил ургац алдсан алдагдалтай аж ахуйд очлоо. Би орлогч сайд байсан болохоор шинэ технологийн тухай мэдээлэлтэй.
Одоо яваад байгаа хөрсний элэгдэлтэй тэмцэх технологийг орлогч сайд байхдаа Канад руу хүмүүс явуулаад судлуулж байсан. Түүнийгээ нэвтрүүлээд, хоёр жилийн дотор хоёр удаа Засгийн газрын шагнал авч, тэргүүний аж ахуй болгоход, намайг эргүүлж татаад газрын дарга болгосон. Намайг хэзээ эргүүлж татах бол ч гэж бодоогүй. Ажиллаад л байсан. Сангийн аж ахуйн яамыг байгуулаад, намайг дахин нэгдүгээр орлогч сайд болгосон. Дараа нь Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга болоод,1986 онд Хөдөө аж ахуйн яамны сайд, Сайд нарын зөвлөлийн орлогч, Сайд нарын зөвлөлийн дарга болсон доо. Би тийм овсгоотой байсангүй. Миний хийж бүтээсэн ажлаар үнэлж байсан. Сэлэнгэ аймагт очиход ажил нь уначихсан байлаа. Улс төрийн товчооны хурал дээр Ю.Цэдэнбал дарга хэлж байсан юм. Орлогч сайд найман жил хийхдээ Ю.Цэдэнбал даргатай анх нүүр тулж уулзсан нь тэр, 1981 онд. “За, чи залуу хүн. Тариагаа чи өөрөө мэднэ. Тэнд навсайчихсан газар болсон байна шүү. Тэнд архи ууцгаадаг. Чи хариуцлага дээшлүүл. Энийг л чамд захъя. Моломжамц нэг хуралд нь очсон чинь “Тужийн нарсандаа буриадууд архиар шахаад би золтой л үхэлгүй ирлээ гэж ярьж байсан” гэсэн. Сэлэнгэд зургаан жил болоход бас л улсын тэргүүний аймаг болж, одон авсан. Надад авгайг ч татах ард түмнийг ч татах юм байсан юм байлгүй дээ” гэж Ш.Гунгаадорж гуай наргиа болгов.
-Та жинхэнэ шилжилтийн, завсрын эвгүй үед Ерөнхий сайд болсон?
-Ерэн онд Сайд нарын зөвлөлийн орлогч байж байгаад 1990 оны гуравдугаар сарын 21-нд энэ Очирбат Их хурлын дарга, би Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга болж байсан юм. Яг зах зээл рүү уруудаж эхлэх үе. Д.Бямбасүрэн миний нэгдүгээр орлогч байв.
-Ерөнхий сайдаар зургаан сар ажилласан гэдэг билүү?
-Тийм. 180 хоног доо. Тэгэхэд тэр үеийг яаж туулсан юм. Би бол тэр зургаан сарыг тайван цагийн дөрвөн жилтэй тэнцэнэ гэж боддог юм. Улс төрийн товчоо аль хэдийнэ огцроод явчихсан. Талбай дээр битүү хүн сууцгаачихсан. Найман аймагт өлсгөлөн зарлачихсан. Контортоо хонодог. Айхавтар үе байсан. Тэр олон хүн дотор согтуу хөлчүү эсэн бусын хүн байсан байх л даа. Тэгэхэд ордны нэг цонх хагараагүй. Би ямар ч байсан хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж боддог юм. Хэлэлцээр хийхээр С.Зориг, Баабар, Р.Гончигдорж эд нар миний өрөөнд орж ирнэ. Байр нэхнэ. Тав зургаан нам байлаа, бүгдэд нь байр гаргаж өглөө. Баабар “Социал демократ намд байр өгөхгүй бол дөрвөн ханатай гэр барилаа” гэж байсан. “Битгий дэмий юм ярь. Юу ярьж байгаа юм” гээд СТӨ-ний “хүзүүвч”-инд байр гаргаж өгч байсан л даа. Тэр зун таван сарын найман зургаанд давалгаа арилаад, хэлэлцээр явсаар байгаад ардчилсан сонгууль явуулъя гэсэн тохиролцоонд хүрсэн. Тэгэхэд “Засгийн газар огцор”, Ардын түр хороо байгуулна. Ордонд бид орно гэдэг байсан. Ярьж хэлэлцсээр байгаад сонгууль явуулахаар болсон. Тэгсхийгээд тайвшраад, сонгуульдаа бэлтгэж эхэлсэн. Олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль ерэн онд болсон шүү дээ.
Жинхэнэ сонгууль тэр болсон. Хотод нэг тойрог дээр 27 хүн өрсөлдөж байсан юм. Би ч яахав Өмнөговиос дэвшсэн. Надтай өрсөлдөх хүн байгаагүй. Бүх нэр дэвшигч цуг явдаг. Хүмүүсээ цуглуулаад бүгдээрээ ээлжилж юмаа яриад л явдаг байлаа.
Сонгуулийн үр дүнд шинэ их хурал бүрдсэн. Манай Засгийн газар тайлангаа тавиад, дараагийн Засгийн газар байгуулагдсан даа. Социализмаас зах зээлд шилжих эхний тоосгыг бид тавьсан. Арай зөөлөн, холбогч маягийн Засгийн газар байлаа.
-Та лам хүний хүүхэд амандаа уншдаг тарнитай юу?
-Би айхавтар шүтэгч биш гэхдээ өглөө бүр уншдаг хэдэн тарнитай.
Б.Янжмаа
Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн
2 replies on “Ш.Гунгаадорж: Би өглөө бүр уншдаг хэдэн тарнитай DNN.mn”
Бодлого байхгүй, урсгалаараа, хэдэн юу ч мэдэхгүй баагийд улс орноороо найр тавьсанд харамсдаг. Ер нь манай төрийн дээд албанд Гунгаадорж гуай мэт төрийн бодлоготон бус аж ахуйн ажилтнууд л байсан нь манай Монголыг ийм эмгэнэлт байдалд авчирсан шүү. Зориг зүрх, бодлого үгүй, мэдлэг, замын философигүй, үхээнц, өөрийгөө л мэнд аваад гарчихая гэсэн бодолтой, аз ёндооны хөгшчүүдийн л нэг бол энэ хүн мөн. Эх орон гэх бодол их өнгөц, зүгээр л цэрэг сэтгэхүй төдий л хүн. Жирийн иргэний хувьд бол мундаг хүн. Харин улс төрийн бодлоготон, дээд тушаалтан байсны хувьд өгсөн үнэлгээ шүү дээрх бүхэн…
Үнэхээр яг тийм л юм болсон. Батмөнх гуайг бас их сул удирдагч байсан гэдгийм билээ. Перестройкаг дууриаж Монгол монголоо алдсан юм даа. Үр дүнг хүн бүр мэднэ, хувьчлал нэрийн дор ажиллаж байсан бүх үйлдвэрлэлээ устгасан, траншейн хүүхдүүд траншейнд амьдардаг хүмүүсийг бий болгосон түүх бий.