Парламентын доод танхимыг тарааж, хугацаанаас нь нэг жилийн өмнө ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнийг тус улсын “Киодо” агентлаг уламжиллаа.
Гэхдээ Ш.Абэ хэлэхдээ “Сонгуулийг ардчиллын зарчимд тулгуурлан явуулдаг. Сонгууль хийх болсон нь Умард Солонгостой шууд холбоогүй” гэжээ.
Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзах хүртэл нь Умард Солонгост Япон улс шахалт үзүүлсээр байх болно гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.
“Киодо” агентлаг саяхан сонгогчдын дунд санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгад оролцогчдын 64.3 хувь нь Ш.Абэгийн ээлжит бус сонгууль хийх төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 23.7 хувь нь дэмжсэн байна.
Ээлжит бус сонгуулийг ирэх сарын 22-нд хийхээр товложээ. Харин сонгуулийн кампанит ажил 10 дугаар сарын10-наас албан ёсоор эхлэх аж.