ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………..
Дэлхийн бүжигчдийн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдөр төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар шавь нарын хамт “Жааз ба модерн” бүжгийн концерт Улсын филармонийн тайзнаа найруулан тавьж үзэгчдэд хүргэв.
–Дэлхийн бүжигчдийн өдрийн хүрээнд та орчин үеийн бүжгийн концертыг найруулан тавьж үзэгчдэд хүргэж байна. “Жааз ба модерн” бүжгийн тоглолтын гол концепц нь юу байна вэ?
-Хүн төрөлхтний өөрсдийнх нь амьдрал, мөнхийн хөдөлгөөнийг бүжгийн хэл илэрхийлдэг учраас Дэлхийн бүжигчдийн өдөр гэж бий болгож тэмдэглэх болсон болов уу гэж би ойлгодог. Монголчууд бид хүн төрөлхтний мөнхийн хөдөлгөөн дээр түшиглэсэн бий биелгээ, уламжлалт бүжгийн дэгийг бүтээж энэ хорин нэгдүгээр зууныг хүртэл удамшуулан үргэлжлүүлж ирсэн ард түмэн. Монголд бид энэ өдрийг тэмдэглээд арваад жил болж байна. Өнөөдөр миний шавь нар өсөж дэвжээд бүжгийн багш, бүжиг дэглээч, найруулагч концертын найруулагч болтлоо өөрсдийгөө хөгжүүлж иржээ. Эд нар маань өнөөдөр жааз модерн гэдэг орчин үеийн бүжгийн нэг урсгалыг хөгжүүлж явна. Энэ тоглолтыг санаачлан хийж байгаа уран бүтээлч бол ҮДБЭЧ-ын Ерөнхий бүжиг дэглээч Хашхүү. Хашхүү хэдхэн жилийн өмнө ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг найруулагч-бүжиг дэглээчээр төгсч ирсэн. Түүнтэй хамтарч ХБК-ийн бүжгийн багш Цэцгээ, Энхбаатар гээд бүжиг дэглээч ийм авьяаслаг залуучууд энэ уран бүтээлийг хамтарч хийе гэсэн санал дэвшүүлээд бид хамтдаа дэглэлээ. Энэ бүтээлийг хийснээрээ ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид зөвхөн ардынхаа бүжгийг бүжиглэх төдийгүй дэлхийн үндэстэн бүхний ардын уламжлалт бүжгийг дэглэх, бүжиглэх авьяас чадалтай уран бүтээлчид гэдгээ харуулж байна. Уламжлалт монгол болон дэлхийн бусад үндэстнүүдийн өөрийнх нь өвөрмөц ардын урлагаас орчин үеийн урлагт шилжсэн тэр урсгалыг өнөөдөр хөгжүүлж, дэглэж, бүжиглэж Дэлхийн бүжигчдийн өдөрт Монголын бүжигчид мэндчилгээ дэвшүүлж байгаа нэгэн өвөрмөц тоглолт болж байна.
–Дэлхийн бүжигчийн энэ өдөр ардын бүжгийг мэргэжлийн бүжиг болгож дэглэн найруулсан монгол бүжгийн загалмайлсан эцэг Сэвжид гуайг дурсахгүй өнгөрөх аргагүй. “Сэвжид” сангийн сүүлийн үеийн сонин сайхнаас та хуваалцахгүй юу?
-“Сэвжид” санг Амармандах гэдэг хүү маань удирдаж ажиллуулдаг. Бид бол гишүүд нь гэх юм уу даа. Сэвжид багшийнхаа уламжлал болсон хүүхдийн гоцлол, цөөхүүл бүжигчдийн уралдааныг хоёр жил тутамд Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран хийдэг. Энэ жил мөн Дорноговь аймагтайгаа хамтарч 12 дахь удаагаа уралдааныг зохион байгууллаа. Үүнд 21 аймгаас авьяаслаг хүүхдүүд ирж оролцохоос гадна нутаг нутгийнхаа өвөрмөц зан заншлыг харуулсан, хүүхдийн сэдэвтэй, байгалийн сэдэвтэй өөрсдийн дэглэн зохиомжилсон бүжгүүдээрээ оролцсон. Мөн Сэвжид багшийн нэрэмжит мэргэжлийн гоцлол болон хамтлаг бүжигчдийн уралдаан болдог. Энэ уралдаан өнөө жил болох байсан ч хойшлогдлоо. Энэ жил аавын минь мэндэлсний 99 жилийн ой тохиож байгаа юм. Үүнд шавь нар маань өнөөдрийн энэ тоглолтоороо бас бэлэг барьж байгаа юм. Ирэх намар бид Сэвжид багшийнхаа концертыг сэргээж тоглоно.
–Таны уламжлалт сонгодог дэгийг үзэгчид сайн мэднэ. Энэ удаа та модерн бүжгийн тавилтыг дэвшүүлэхдээ юуг онцолж байна вэ?
-Модерн гэдгийг гүн бодол сэтгэхүйн урлаг талаас нь харах хэрэгтэй. Бид ардын уламжлалт үндэсний бүжгэн жүжгүүд дээрээ, бас зарим бүжигтээ модерн хэлбэрийг аль хэдийнэ хийчихсэн байдаг юм. Үүнийг манайхан сайн анзаарч мэддэггүй. Тэгээд модерн гэдэг үгээ хөөгөөд байдаг. Ардын уламжлалт заншлаа агуулсан бүжигтээ суурилж, хөдөлгөөнөө баяжуулж орчин үед хурдыг нь, үймээнийг нь тусган харуулж байна. Ер нь үндэсний уламжлал дээрээ модерн, сэтгэхүйн бүжгийн урсгал нь хөгжиж байгаа юм шүү дээ. Сэтгэхүйн гүн бодлыг өгүүлэхийн зэрэгцээ, жааз стилийн өөрийнх нь уян зөөлөн аясыг хадгалсан, тэр бүжгээр чухам юу өгүүлж байгааг үзэгч давхар өөрөө боддог, хүний сэтгэхүйг хөгжүүлэх гэсэн ийм л бүтээл хийлээ л дээ.
–Их бүжиг дэглээчийн мэндэлсний 99 жилийн ой энэ жил, 100 жилийн ой дараа онд тохиож байгаа юм байна. “Адуучин залуус”, “Саальчин”, “Жалам хар” гэхчлэн Монголын урлагийн брэнд болсон олон арван бүтээлүүдийг нь өнөөдөр залуучууд хэр бүжиглэж байна вэ?
-Их эгзэгтэй бөгөөд эгдүүтэй асуулт байна. Бид өмнө нь Хүннүгийн үе, эзэн Чингэсийн үе гэж ярих эрхгүй үе байлаа шүү дээ. Одоо ярьж болдог болчихсон байна. Энэ үеийн тухай аав маань бүжиг дэглэж болдоггүй байлаа. Гэтэл миний үед болдоггүй ч гэсэн Хүннүгийн үе, эзэн Чингэс хааны үе, бурхан шашны сэдэвтэй бүжгийг дэглэж эхэлсэн. Үүгээрээ би өөрийнхөө онцлогийг бий болгосон. Дараа нь би шавь нараа өөрсдийнхөө хүч, үзэл бодлоор бүжгээ дэглэж найруулах үзлээр хүмүүжүүлсэн. Гэтэл энд нэгэн зүйлийг мартаж байна. Түүхээ эргэж харж байх, мартаж болохгүй гэдгийг социализмын үед мартуулсан. Өнөөдөр капитализмын үед бас мартуулах гэж байна. Энэ бүхэн хүний чанартай холбоотой болж. Алтан үеийнхний дэглэсэн бүжгүүдийг, жишээ нь тэр “Саальчинг”, “Адуучин залуус”-ыг хэзээ ч мартаж болохгүй. Ямар ч зуунд саальчин бүсгүйчүүд байсаар байна. Хүн төрөлхтөн сүүгээ уугаад байж байна. “Ээрүүлт” гэж бүжиг байна. Ээрүүлээ ээрээд ноосоо гаргаад хэзээд бид ноолуураа өмсөөд л амьдарна. Адуучин мөнхийн мөнхөд байж л байна. Ямар ч эрин үед тэр адуучин залуугийн хүч хөдөлмөр, бүсгүйчүүдийнх нь исгэсэн айраг, тараг цэгээг бид уугаад л сууж байна. Гэтэл тэр уламжлалт бүжгүүдийг өнөөдөр мартуулж байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад энэ бүжгүүдийг тоглуулахаа болиод удаж байна. Хааяа хааяа аргагүйн эрхэнд ганц хоёр удаа тоглолтдоо оруулж байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зөвхөн 2-3-хан бүжгийг хүнд таниулах гэж албан хүчээр бий болгож тоглуулж байна. Энэ бол маш их гуниг. Сүхбаатарыг болиг.
–Та ч өөр хэн ч насаараа бүжиглэхгүй нь мэдээж шүү дээ?
-Сүхбаатарын дэглэсэн бүжгийг бүжиглүүлэхгүй байж болно оо. Сүхбаатарт атаархсан бол энэ асуудал биш. Энэ агуу гүн ухааны, алтан үеийнхний дэглэсэн бүжгүүдийг тоглохыг болиулна гэдэг нь цаанаа нэгэн атаархал жөтөөрхөл, авьяасгүй хүмүүсийн санаархал явж байна гэж би ойлгож байгаа юм. Энийг би шууд хэлж байна.
–Ардын бүжгийг мэргэжлийн болгож театрт оруулж ирсэн тэр хэдэн бүжиггүйгээр ҮДБЭЧ өөр ямар өв соёл ярих юм бэ. Тэгээд ч ердөө нэг чуулгын биш үндэстний өв. Өв соёлоосоо сорчлон хаячихаад цоо шинэ юм хийлээ гэхэд хэр хол явах гэж?
-Өнөөдөр манайхан агуу Нацагдаржоо ярихаар дургүйцэж байна. Тэгсэн мөртлөө Английн Шекспирийг шүтээд, Шекспирийн зохиолыг бид дэглэж найруулж байна гэж ярьж байна. Агуу Нацагдоржийг Шекспиртэй зүйрлэж зөвхөн нэг жишээ татаж байна л даа, би. Яагаад монгол хүн монгол хүндээ атаархаад байдаг болчихов оо. Нэгэндээ дэндүү атаархдаг. Нэгэнт бүтээчихсэн өвийг алдарсан хойно нь дахиж бүтээх боломжгүй. Монголын урлагийн хөгжлийн бодлого зөв явж байна уу, буруу явж байна уу гэдэг асуудал өнөөдөр маш эгзэгтэй байгаа. Та Сэвжид гэж асуусан учраас аав минь тэр үеийн бүжиг дэглээчдийн нэгэн төлөөлөл учраас тэр хүнээр төлөөлж би ярилаа. Мөн бусад бүжиг дэглээчдийн бүжгүүд, хөгжмийн зохиолчдын хөгжмүүд, яруу найрагчдын зохиолууд үлдэх ёстой. Энэ бүгдийг үгүй хийнэ гэдэг бол монгол угсаатан мөнхөд үлдэх, уламжлалаа мэдэх, дэлхийд таниулах жинхэнэ өв соёлоо үгүй хийж байна гэсэн үг. Тэр бүжгүүдтэй хамт үндэстэн ястныхаа хувцасны гайхамшигт соёлыг алдаж эхэлж байна. Өнөөдөр бид модерн бүтээл хийж байна. Энэ чинь зөвхөн орчин үеийн урсгал. Тэгвэл жишээ нь, халх бүжгийн хувцсыг европ хувцасны элементүүдтэй холиод нүцгэлээд гараад ирвэл ямар харагдах вэ. Баяд бүжгийн дээл цэгдэгийг оростой хольчихвол ямар соёл үлдэх вэ. Энэ уламжлалт зан заншлынхаа агуу үнэт зүйлсийг муу муухай байна, хоцрогдсон байна гэж голдог, хойш тавьж авдранд нь ялзруулдаг ийм л үе эхлэх гээд байна уу гэж би харж эмзэглэж байна. “Монголын мэндчилгээ” гэж бүжиг байдаг. “Хадагтай мэндчилгээ”, “Цацал” гэж Сэвжид багшийн дэглэсэн бүжгүүд байдаг. “Цацал” гэдэг бүжгийг Лувсаншарав гуайн хөгжмөөр, Үржнээ гэдэг агуу зураачийн эскизээр, “Хадагтай мэндчилгээ”-г Чойдог гуайн хөгжмөөр, Доржпалам гуайн эскизээр бий болгочихсон, уламжлал болоод үлдчихсэн. Гэтэл энэ бүжгүүдийн хувцсыг сольж өөр хувцас өмсгөөд арай жаахан өөрчлөнгүүтээ зохиогчийг нь солиод тавьчихсан явж байна.
–Хэрэв тийм бол урлагт байж болшгүй, ёс зүйгүй явдал монгол бүжгийн ертөнцөд байгаа юм байна. Урлагийг хүн төрөлхтөн ариун гэгээн гэж үзэж, театрыг ариун сүм гэж үзсэн хэвээрээ байна?
-Зохиогчийн эрхийг эвдсэн ийм юмыг хэн хэлэх ёстой вэ. Судлаач шүүмжлэгч нар хэлж байх ёстой. Тэд нар нь манайд алга. Гэтэл Орос, Хятад уламжлалаа ямар гайхамшигтай авч үлдэж байна вэ. “Багт бүжиг” гэж байдаг. Цамын бүжиг. Энэ бүжгийг би олон удаа дэглэж найруулсан. Гэхдээ би хэзээ ч Сүхбаатарын дэглэсэн цамын бүжиг хэлж байгаагүй бөгөөд хэлдэггүй. Тухайн үед нэр нь үл мэдэгдэх бүжиг дэглээч дэглээд үлдээсэн байна шүү дээ. Одоо цамыг би дэглэсэн гэх үү. Би бол хэзээ ч тэгэхгүй. Ийм ёс зүйн хэм хэмжээ уламжлал ч алдагдаад эхэллээ. Эцэст нь хэлэхэд, уламжлалыг авч үлдэх, тэр дэг жаягийг авч үлдэх сэтгэгчдийг манай улс бэлдэхгүй байна. Тийм шүүмжлэгч сэтгэгчид өнөөдөр алга. Хүн “зөвхөн би өөрөө л болж байвал” гэдэг асуудалд өнөөдөр хэтэрхий их төвлөрөөд байна. Хүн өөрөө өөрийгөө гэх зах зээлийн хандлага тодорхой хэмжээнд байх ёстой. Гэхдээ буруугаар халдварлавал монгол үндэстэнд нөлөө муугаар тусна. Монгол бол цагаачдын орон биш шүү дээ. Өөрийн гэсэн түүх, уламжлалаа авч үлдэх гэж олон мянган жил тэмцэлдэхдээ тэмцэж өнөөдрийн энх амгалан амьдралд хүрсэн улс үндэстэн.
–Монголын хөгжмийн зохиолчдын бичсэн үндэсний бүжгийн хөгжмүүд үнэндээ гайхамшигтай. Та бүжиглэж байхдаа тэдгээрээс хэний хөгжимд илүү дуртай байв?
-Анх би Хөгжим бүжгийн дунд сургуульд очоод Г.Долгорсүрэн гэдэг багшийн гар дээр монгол бүжгийн анхны “а” үсгийг заалгасан юм. Тэнд Дамдин гэдэг багшаар “Хултай биелгээ” гэдэг бүжгийг заалгаж байв. Дараа нь би агуу “Жалам хар” гэдэг бүжгийг заалгаж бүжиглэсэн. Ёстой л түүгээр би морин дээрээ мордож дэлхийгээр аялсан. “Жалам хар” гэдэг бүжгийг бүжиглэснээр аав минь намайг хөлийг минь дөрөөнд хүргэж өгч, ээж минь дөрөөг минь сүүгээр мялаасан.
-“Жалам хар”-ыг танд хэн заасан бэ?
-Сандагдорж, Лхамжав гэж багш нар маань заасан юм.
–Зохиогч нь таны аав. Тэр бүжгийг бүжиглэхэд аав тань хэрхэн үнэлсэн бэ. Хөгжмийг нь зохиосон Э.Чойдог гуай ч юм уу?
-Анх намайг энэ бүжгийг бүжиглэхэд аав мэдээгүй л дээ. Хөгжим бүжгийн сургуульд байхдаа анх бүжиглэсэн юм. Чуулгад ирээд бүжиглэж байтал Анастасия Ивановна Цэдэнбал Филатова гуай тоглолт дээр харж л дээ. Тэгээд энэ бүлтгэр нүдтэй залууг голд нь бүжиглүүлбэл зүгээр юм биш үү гэж санал хэлсэн юм байна лээ. Тэгээд дөрвөн хүн бүжиглэдэг бүжгийг гурван хүн бүжиглэдэг болгоод голд нь намайг бүжиглүүлсэн юм. Дөрвөн хүн бүжиглэдэг анхных нь эскизийг ардын зураач Доржпалам гуай хийсэн байдаг юм. Дараа нь гурван хүн болгоход голынх нь цагаан морийг би бүжиглэдэг болж, эскизийг нь ардын зураач Ядамсүрэнгийн Үржнээ хийсэн юм. Миний хоёр талд ахмад бүжигчин Сандагдорж багш, Лхамжав багш хоёр маань хоёр жигүүр болж бүжиглэж байлаа. Дараа нь 1973 онд Дэлхийн залуучууд оюутны аравдугаар их наадам Германы Берлин хотод болоход би Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, одоогийн гавьяат жүжигчин Зоригоо, бас нэг бүжигчинтэй гурвуулаа оролцож “Жалам хар”-аар гран при шагналыг нь авчирч байсан. Тэгж дэлхийн шүүгч нарт үнэлүүлж медалийг нь зүүж ирэхэд аав минь намайг үнсэж хүлээж авсан юм. Тэгэхэд нь би аав минь одоо л намайг үнэлж байна даа гэж бодож байв. Өмнө нь үнэлж байлаа ч хэлэхгүй, аргагүй дэлхий үнэлээд ирэхэд нь духан дээр минь үнсэж, зохиосон бүжиг хийсэн бүтээлдээ баярлаж, хүү нь тэр үнэлэгээг аваад ирсэнд нь аавын минь сэтгэл баяссан байх аа. Би өөрөө ч их баярлаж, сэтгэлд үлдсэн тохиол тэр юм.
-“Жалам хар”-ыг хэдэн онд зохиосон юм бэ?
-1969 онд зохиосон бүжиг.
Н.ПАГМА