Өчигдөр АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) сэтгүүлч Жамал Хашоггийн аллагыг Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман захиалсан гэх дүгнэлтийг гаргасан тухай Вашингтон Пост сонин мэдээлсэн байна.
Энэ нь АНУ-ын засаг захиргаанаас гаргасан анхны дүгнэлт бөгөөд ерөнхийлөгч Дональд Трамп аллагад оролцсон гэгдэж байгаа Саудын албаны 21 хүнийг хар жагсаалтад оруулсны дараа гарч байгаагаараа онцлог юм.
Уг аллагыг Саудын өндөр албаны хүн эрх мэдлээ хэтрүүлэн үйлдсэн, ханхүү Мохаммед Бин Салман оролцоогүй гэж үзэж байгаагаа Трамп өмнө нь мэдэгдэж байсан.
Тэгвэл CIA-гийн дүгнэлт үүнийг нь няцааж байна. Дональд Трамп одоогоор дүгнэлтийн талаар сонсоогүй байгаа, удахгүй туслахуудаасаа мэдээлэл авна гэж өчигдөр сэтгүүлчдэд ярьжээ.
CIA уг дүгнэлтийг гаргахдаа арабуудын хоёр удаагийн утасны дуудлагыг чагнасан тухай Вашингтон Пост мэдээлсэн байна. Эхний удаад ханхүү Мохаммед Бин Салман нь Вашингтонд суугаа өөрийн улсын элчин сайд, төрсөн ах Халид Бин Салмантай ярьжээ. Тэдний ярианы сэдэв сэтгүүлч Хашоггийг хэрхэн Саудын нийслэлд ирүүлэх тухай байсан гэнэ.
Хоёр дахь дуудлагыг элчин сайд Халид сэтгүүлч Хашогги руу хийсэн бөгөөд энэ үеэр түүнийг Истанбул дахь консулын газарт очиход аюулгүй хэмээн ятгаж байжээ.
Аравдугаар сарын 2-ны өдөр Хашогги уг консулын газарт бичиг баримт хөөцөлдөхөөр очоод сураггүй болсон юм. Туркийн талын баталж байгаагаар сэтгүүлч консулын байранд орсны дараа 7 минутын дотор алагдаж, цогцсыг нь мөчилсөн гэдэг.
Хашоггийн цогцос одоо болтол олдоогүй байгаа.
Мэдээ гарсны дараа Вашингтонд суугаа Саудын элчин сайд Халид өөрийгөө сэтгүүлч Хашоггитай сүүлийн нэг жил холбоо бариагүй гэж мэдэгдээд АНУ-ын талыг олсон баримтаа үзүүлэхийг шаардсан байна.
“Ноён Хашоггитай хамгийн сүүлд би 2017 оны аравдугаар сарын 26-нд мессэжээр харилцсан. Үүнээс хойш би түүнтэй утсаар ганц ч удаа яриагүй, Турк дэх консул руу очихыг санал болгоогүй. Ингэж сэжиглэхэд хүргэсэн ямар нэг баримт байгаа бол үзүүлэхийг би АНУ-ын талаас шаардаж байна” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Туркийн талд мөн аллагын үеэр Истанбул дахь консулын газраас Саудын Араб руу залгасан дуудлагын баримт байгаа гэгдэж байна. Хашоггийн үхлийн дараа алуурчдын багийн нэг гишүүн ханхүү Мохаммедын туслах руу залгаад “Ажил бүтсэн тухай боссдоо хэл” гэж хэлснийг Туркийн тагнуулынхан баталж байгаа юм.
Хэрвээ CIA-гийн дүгнэлт албан ёсоор зарлагдвал АНУ-ын Ойрх Дорнод дахь хамгийн том холбоотон Саудын Арабын дефакто удирдагч, ханхүү Мохаммед Бин Салманы нэр хүндийг бүр мөсөн унагах аюултай байна.