Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүл зүйн салбарт “манлайлагч” олонтой нэг ангийнхан

“Нэг ангийнхан” буландаа Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгсөөд 17 жил болж байгаа эрхэм сэтгүүлчдийг онцолж байна. Сэтгүүл зүйн бүхий л салбарт буюу телевиз, радио, сонин, сэтгүүлийн чиглэлд тод өнгө болон гялалзаж байгаа тэдний ангийнхан яахын аргагүй “манлайлагчид” аж. Одоогоос 21 жилийн тэртээ буюу 1997 онд эл ангид анх 35 хүүхэд элсжээ. Монголын 21 аймаг бүрээс нэг хүүхэд тус ангид элссэн бол үлдсэн нь Улаанбаатар хотоос орж байсан гэнэ. 2001 онд төгсөхдөө шижигнэсэн 10 залуу, 17 охин Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн 18 дахь төгсөлт болон сургуулийнхаа алтан босгыг даван амьдралын их далайд хөл тавьж, мэргэжлээрээ ажиллаж байсан гэнэ. Гэхдээ 2001 онд төгссөн энэ ангийнхны ихэнх нь төгсөхөөсөө өмнө тухайн үеийн хэвлэл мэдээллийн байгууллуудад аль хэдийнэ ажилд орчихсон байсан аж. Учир нь мэргэжлийн хичээл буюу практик сэтгүүл зүйн шинэ программаар суралцсан анхны сэтгүүлчийн ангийнхан байжээ. Тиймээс хоёрдугаар курст орох үед нь л ХМБ-аас хүүхдүүдэд урилга ирж, хичээл зүтгэлтэй хүүхдүүдийг үндсэн ажилтнаа болгон авч байжээ. Хэдийгээр хичээлийнхээ хажуугаар бүгд мэргэжлээрээ ажилладаг байсан ч сургуулийн урлагийн үзлэгээс ер хоцорч байгаагүй, бүр тухайн үеийн их сургуулийн охидын сэтгэлийг уярааж байсан “Кардинал” гэх гурван гишүүнтэй сургуулийн хамтлагийг тэдний ангийн хөвгүүд үүсгэн байгуулж байжээ. Энэ хамтлаг дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиохоос гадна дуулангаа бүжиглэдэг байсан гэнэ. Мөн сургуулийн элдэв арга хэмжээг хөтөлж, урлаг уран сайхны тоглолт хүртэл үзүүлдэг байжээ.

Их сургуулийн сэтгүүл зүйн ангийн 18 дахь удаагийн төгсөлтийн эл ангийг доктор, профессор Л.Норовсүрэн удирдаж, мэргэжилдээ хайртай байхын үнэ цэнэ утга учрыг мэдрүүлж, дөрвөн жилийн түүхийг нь эхлүүлсэн байна. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт шигшигдэн үлдсэн шилдгүүдийн тэргүүн эгнээнд бичигдэхээр нэгэн. Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хэвлэл мэдээлэл, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан З.Бадмаараг дурсан ярилаа. Тэрбээр “Хөдөө газраас их хотыг зорьж, эрдмийн мөр хөөсөн надад МУИС-ийн Сэтгүүл зүйн энэ анги ёстой л “галзуу”-гийн эмнэлэг шиг санагдаж байлаа. Хөл толгой нь мэдэгдэхгүй шуугилдсан олон хүүхэд тэнд ч хэсэг нь дуулаад, энд ч нөгөө хэсэг нь мэтгэлцээд л хэнд ч дийлдэхгүй охид, хөвгүүд шиг санагдаж байсан юм. Бүр манай ангийн бололтой нэг бор, туранхай залуу хэн ч өөрийг нь сонсохгүй байхад л ангийн арын буланд зохиосон шүлгээ уран уншигч шиг уншиж, дуусахад нь ёсолж мэхийгээд дуусгадаг байлаа. М.Зулькафиль багш хичээлээ заах гээд ороод ирчихсэн хэрнээ биднийг нэг их боль, байг, дуугүй суу, томоотой бай гэж хэлдэггүй. Харин ч эсрэгээрээ “Сэтгүүлч болох гэж байгаа хүмүүс чинь задгай сэтгэж, нүүр хагарах ёстой байхгүй юу” гэж хэлэн бидний ярианд орчихсон, заримдаа манайханд амьдралын тухайн лекц уншиж бүгдийг бодолд автуулдаг байсан сан. Есдүгээр сарын 1-нд анхны хичээл орчихоод бид МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны гадаа сууж байтал хамт хичээлд сууж гарч ирсэн нэг охин биднийг танихгүй байгаа бололтой “Залуучууд аа сайн байцгаана уу. Багшийн дээд нь хаана байдаг юм бол” гээд л чанга дуугаар биднээс асууж, бөөн инээдэм болж байсан. Нэг хичээлд хамт сууж гарч ирчихээд танихгүй мэндлэхдээ яадаг юм бэ гээд л манай ангийн залуучууд түүнийг элэглээд л, одоог хэр нь энэ хөгтэй явдлыг нь ярьж инээлддэг шүү. Хоёрдугаар курст ордог жил манай ангийн Ю.Гэрэлтуяа, Г.Өнөрбаяр бид гурав “Хүмүүс” сонинд ажилладаг болж, хичээлийнхээ хажуугаар ажлаа амжуулах гэж их л хичээдэг байсан. Гэхдээ тухайн үед Номин супермаркетын худалдагчийн нэг сарын цалин 50 мянган төгрөг байхад бид нэг ярилцлага, сурвалжлага хийгээд л энэ мөнгийг түвэггүй олдог байсан юм. Ажлын хажуугаар хичээлээ хийх ёстой болохоор сургууль дээр хонох бол энүүхэнд байлаа. Гэхдээ тэр үед сургууль дээр хонохдоо бусад шиг крантны ус ууж, хатсан гөөхий идэж байгаагүй. Авсан цалингаараа тансаглаад л өнждөг байсан” гэлээ.

Мөн “1998 оны намар хичээл ороод сар гаруйн хугацаа л өнгөрч байсан байх. УИХ-ийн гишүүн С.Зориг агсны хэрэг гараад удаагүй байхад ангиараа зугаалгаар явсан юм даг. Гэтэл шөнө бидэн дээр цагдаа ирээд та нар улсад аюул тулгарч, орон даяар онц байдал зарлачихаад байхад ингэж явдаг нь буруу, торгоно” гэж хэлээд хүн бүрээс 500, заримаас нь 200 төгрөг хурааж авч байсан. Цагдаа хэлж байхад эсэргүүцэх аргагүй тул бүгд хэлсэн мөнгийг нь өгцгөөсөн. Гэтэл орой нь харих болтол бидэн дунд мөнгөтэй хүн байдаггүй. Бүгд тэр холоос алхаад харьж билээ. Ер нь манай ангийнхан баяр болгоныг алгасахгүй тэмдэглэдэг, бүр Валентинаар үхсэн ламын дүрд хүртэл хувирч байсан шүү дээ. Ангийнхантайгаа өшөө удаан байж, илүү их цагийг өнгөрөөхийн тулд хүн бүр сэтгэлээрээ нэгэндээ ханддаг байсан сан. Тухайн үед “Хүмүүс”, “Хүмүүсийн амьдрал” сонинг манай ангийн охид л авч явдаг байсан даа” хэмээн М.Нямсайхан хэлэв.

Тэдний анги их гоё хөвгүүдтэй байсан гэнэ. Гоё гэдэг нь царай зүсний сайхан бус сэтгэл, сэтгэлгээ, соёлын хувьд аж. Бүр сургуулийн охид хичээлийн завсарлагаанаар зөвхөн тэдний ангийн хөвгүүдийг харах гэж коридороор гүйлддэг байжээ. Арга ч үгүй биз сургуулийн алдарт хамтлагийн ганган залуус бүгд эдний ангид байсан юм чинь. “Кардинал” хамтлагийг Г.Ханхүү (МҮОНТ-ийн хөтлөгч “нэг минут, нэг сая” нэвтрүүлгийг санаачлагч), Лхагваа, Одхүү нар үүсгэж байжээ. Хамтлагийн гишүүд хичээлээ тарчихаад жижиг ресторанд дуулж мөнгөтэй болоод шууд ангийнхан руугаа ирж, тэднийгээ хоол, ундаа, шүүсээр дайлдаг байсан аж. Тэдний ангийн хамтлагийг эд мандаж байхад Ханхүү, Одхүү хоёрыг монгол хэлний ангийн охид “Ямар хааны ханхүү, тэнгэрийн од хоёр байгаа биш дээ. Сүрхий нэртэй юм” гэж инээлдэн, шоолж байсан гэнэ.

Ангийнхан нь “Сэлэнгийн шар” хэмээн хочилдог Отгоноо, Ариунаа хоёр оюутны ширээнээс салаагүй байхдаа л МУЗН-т ажилд орж, арав гаруй жил ажилласан бол Төгсөө UBS TV-д мөн л ажилд орчихсон байсан гэнэ. Тийм ч учраас “Бидэнд өлсөж явсан оюутан насны дурсамж тун ховор. Учир нь нөгөө галзуугийн эмнэлгийг санагдуулам, өрөмний өт шиг хүүхдүүд үнэхээр хөдөлмөрч байсан юм” гэж З.Бадмаараг хэллээ.

Тэдний ангид сайхан хөвгүүдээс гадна царайлаг, нуруулаг олон охид байжээ. Ямар сайндаа л сурсан мэдлэгээ шалгуулж, дүнгээ авах гэсэн охиныг багш нь хормойдож байх вэ дээ. Гэхдээ тэдний ангийнхан нэгнээ гэсэн сэтгэлтэй, нийтэч анги байсан тулдаа ангийн охиноо хамгаалан үлдэж чаджээ. Өөр тэнхимийн хөвгүүд “Сургуулийн охидоос танай ангийн охид л хөөрхөн. Бусад нь үнэхээр “матар” юм аа” гэж хэлэн охидыг нь байнга өддөг байсанд хөвгүүд нь их дургүй тул тэднийг хөөгөөд гаргачихдаг байж. 35 залуусыг нэг анги болгож, зангидаж чадсан хүн бол анги удирдсан багшаас нь гадна ангийн дарга Ш.Туяа аж. Тэрээр анх сургуульд орж ирэхдээ л япон хэлтэй, газар үзэж, нүд тайлсан сэргэлэн нь дэндчихсэн охин байжээ. Ш.Туяа 2001 онд ангийн төгсөлтийн үеэр оюутан насны анд найзууддаа бүгдэд нь “Итгэж явдаг шүү, МУИС 2001” гэсэн бичигтэй мөнгөн бөгжийг зүүж өгөн, “Хэдий оюутны дөрвөн жил богинохон ч гэлээ бид хөлгүй амьдралыг хамтдаа туулах үүрдийн найзуудаа олсон юм шүү” гэж хэлж байжээ.

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим уг нь хичээлийн II байрны хоёр давхарт байрладаг байсан аж. Гэтэл тэднийг төгсөхийн өмнөхөн тэнхимийг нь хичээлийн III байр руу нүүлгэж, математикийн тэнхимийн хажууд авч ирнэ гэж байжээ. Гэтэл “Сэтгүүлчийн ангийнхан хэтэрхий хөдөлгөөнтэй, галзуу, дуу шуутай манай тэнхимийн хажууд байж хэрхэвч таарахгүй. Аягүй бол энэ сургуулийг нураачихаж мэднэ” гэж Математик, компьютерын сургуулийн удирдлагууд дургүйцэн хөөж байсан удаатай аж. Ийм л хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхдүүд өдгөө 40 нас хүрчихсэн зарим нь эмээ, өвөө гэж дуудуулж, өнөр өтгөн гэр бүлтэй болжээ. Сонирхолтой нь энэ ангийнхан төгсөөд хэдийнэ 20 жил болох гэж байгаа ч гэлээ нэг нэгнээсээ ер холбоо тасраагүй, бүр нэгнийхээ эхнэрийг амаржихад төрөхийн гадаа томоо бамбарууш, цэцгийн баглаа бариад зогсож байдаг байж. Мөн шинэ байшингийн найр, хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, насны ойгоор нь очиж хүндэтгэл үзүүлдэг гэнэ. Түүнчлэн нэгэндээ тохиолдсон уй гашууг ч бас хуваалцдаг аж. Энэ зуны хугацаанд ойр байгаа ангийн нөхөд нь хоёр ч удаа уулзаж, анги хамт олноороо цугласан гэнэ. Энэ жил эдний ангийнхны хувьд их онцлогтой аж. Учир нь их сургуулийн алтан босгыг даван орж, нэгдүгээр курст элсэн суралцсаны 20 жилийн ой нь тохиох аж. Тиймээс ирэх жилийн хоёрдугаар сарын 2-нд 20 жилийн уулзалтаа тэмдэглэхээр болсон байна.

Ангийн хүүхдүүдээс С.Ариунтуяа “Атмор” ХХК-ийг хөгжүүлэгч, Ц.Алдармаа Инфо.мн сайтын эрхлэгч, С.Батлхагва “ОДНД” компанийн хуулийн зөвлөх, З.Бадмаараг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хэвлэл мэдээллийн төлөөлөгч, С.Бямбасүрэн AFIM нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, АНУ дахь Монгол телевизийн сэтгүүлч, Ю.Гэрэлтуяа Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал, Ж.Мөнхцэцэг “Монгол Ванн” ХХК-ийн захирал, Б.Бурмаа “Аригу медиа” ХХК-ийн сургалт, зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал, Б.Энхтөгөлдөр “Жавхлант ирээдүй” сонины эрхлэгч, Л.Энхзул Их Британи, Умард Ирландын вант улсад ажиллаж, амьдардаг, Г.Отгонтуяа Энержи Ресурс компанийн олон нийтийн харилцааны менежер, Г.Солонго “Эрдэнэс Монгол” компанийн хэвлэлийн төлөөлөгч, М.Эрдэнэчимэг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх “Өмгөөлөгч” сэтгүүлийн эрхлэгч, Д.Цэрэндолгор ТВ9 телевизийн мэдээллийн албаны дарга асан, Г.Өнөрбаяр ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, П.Хашчулуун Өдрийн сонины Эрэн сурвалжлах албаны дарга, Ц.Одхүү ЖАЯКА төслийн менежер, Г.Ханхүү SBN tv захирал, Д.Эрдэнэболд Архангай аймагт хувиараа бизнес эрхлэгч, Х.Дэлгэрзаяа Японы Хүүхдийг ивээх сангийн захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах менежер, Б.Золжаргал БНСУ-д ажиллаж амьдардаг, Л.Сарангэрэл хувиараа, С.Төгсжаргал ХБНГУ-д ажиллаж амьдардаг. Мөн Н.Баярмаа АНУ-д суралцаж байгаа, М.Нямсайхан Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Б.Золзаяа Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Р.Мөнхдаваа Спортын сэтгүүлч, Р.Оюунчимэг хувиараа бизнес эрхлэгч, Б.Анхцэцэг хувиараа бизнес эрхэлдэг.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *