Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн: Сэхээтэн, дундаж давхаргын хүмүүс цөөхөн байгаа нь нийгмийн сэтгэл зүй хэврэгшихийн гол шалтгаан DNN.mn

Сэтгэл зүйч Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.

-Монголчууд юм л бол талцаж, хуваагддаг, сэдэв гаргаж ирээд бие биенээ гутаан доромжилдог болжээ. Нийгмийн сэтгэл зүй ийм хэврэг байгаа нь юутай холбоотой вэ?

-Нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа нь хувь хүмүүсийн үзэж харж, уншиж мэдсэн зүйл бага байгаатай, эзэмшсэн боловсролтой нь их холбоотой. Нөгөө талаас нийгмийн сэхээтэн хүмүүс тусдаа байдаг. Манай нийгэмд сэхээтнүүд маш цөөн байна гэсэн үг. Нийгмийн сэхээтэн буюу дундаж амьдралтай, дундаж давхаргын хүмүүс цөөхөн байгаа нь манай нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаагийн гол шалтгаан юм. Манайхныг хараад байхад нэг бол хэт баян, нэг бол амьжиргааны баталгаажих түвшнээс хэт доогуур амьдралтай хүмүүс их болсон. Монголчууд дэлхийн дундаж орлогоос хамаагүй бага буюу 300-500 ам.долларын цалин авч байна. Жишээ нь, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүний үнэтэй манай улсын үнэ адилхан. Бусад зардлууд нь ч адилхан байгаа хэрнээ цалин нь 10-20 дахин бага.

Тэгэхээр хүмүүс өөрийгөө боловсруулж, сурч, мэдэж, хөгжиж, үзэл бодлоо тэлхээсээ илүү өдөрт тутмынхаа талхыг авах, хөргөгчиндөө яаж махтай байх вэ гэдэгтээ анхаарлаа хандуулдаг. Өөрийн гэсэн үзэл бодол төлөвшил, олон талаас юмыг харахад суралцах мөнгөгүй болчихож байгаа юм. Үүнээс болоод нэгнийгээ даган дууриадаг, даган хуйлрах үзэгдэл бий болдог. Энэ нь дэлхийн аль ч улс оронд байдаг үзэгдэл. Гэхдээ үүний хэр хэмжээ нь харилцан адилгүй их үү, бага уу гэдгээрээ л өөр. Манайд хэмжээ нь их байгаа. Жишээ нь, улс оронд хэрэгтэй зүйлийг хэрэггүй мэтээр сэвдэг. Түүнийг манай улсад хэрэгтэй, эдийн засагт ач холбогдолтой гэж харахаас илүү нэг хүний нөлөөллийн пост ч юм уу, нөлөөллийн бичлэг үзээд маш олноороо даган туйлшрах хандлага нь биднийг талцаж хуваагдах, нийгмийн сэтгэл зүй тогтвортой биш байх, дээрээс нь маш олон сөрөг үр дагаврыг дагуулж байдаг. Жишээ нь, нэг судалгаа байдаг. 10 комментийн хэд нь хараалын үг хэрэглэсэн байна вэ гэдгээс хамаараад нийгмийн сэтгэл зүйг дүгнэж болдог. Манайд 10 комментийн дөрөв нь хараалын үгтэй. Бүр түүнээс ч өндөр. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Дундаж нь 10 комментийн 1-2 нь хараалын үгтэй байдаг. Гэтэл манайд нийгмийн тал нь шахам маш бүдүүлгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг болчихсон. Бусдыг дайрч доромжилдог. Энэ нь тухайн хүний мэдлэг боловсрол, амьдралын түвшин, төлөвшилтэй нь шууд холбоотой.

-1930-аад онд болсон их хэлмэгдүүлэлтэд манай эрдэмтэн мэргэд, боловсролтой гэсэн хүмүүс их өртсөн гэдэг. Мэдлэггүй хэсэг нь үлдсэн болохоор талцаж хуваагддаг ч гэдэг. Талцаж хуваагдах нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-1930-аад оны үед Монголоос арваад оюутан Германд сурахаар явж байсан. Тухайн үеийн төр засаг гадагшаа оюутнуудаа сургаад, эх орондоо хөрөнгө оруулалт оруулах, эх орондоо хүний нөөцийг татах бодлого явуулж байж. Тэр үеийн сэхээтнүүдийг устгаж, хэлмэгдүүлснээс болоод манай боловсрол үгүй болчихсон гэдэг нь өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл бид одоо ч оюутнуудаа гадагшаа сургадаг. Маш олон залуус эх орондоо ирж, ажил хөдөлмөр хийж байгаа. Зөвхөн 1937 оны их хэлмэгдүүлэлтээс болоод манай боловсролын систем доголдчихсон гэвэл өрөөсгөл. Тухайн үед манайд боловсролын систем гэж зүйл бараг байгаагүй. Гэр сургалт л гэж байсан. Түүнийг гентэй нь холбож ярих юм бол алтан ургийн хүмүүсийг их хороосон гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр нь ч нөлөөлсөн гэдэг. Энэ ч бас өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл тэр хүмүүс үр хүүхэдтэй. Үр хүүхдүүд нь одоо ч бий. Бид юмыг нэг талаас нь хараад байхаар өрөөсгөл болчихож байгаа юм. Тухайн үед боловсролын системийг доголдуулаад, тэр хүмүүс байхгүй болчихоор манайд ухаантай хүн үлдээгүй юм шиг яриад байдаг. Ерөөсөө тийм байх боломжгүй. Одоо ч манайд боловсролтой хүмүүс зөндөө бий. Тэр хүмүүсийн үр хойч одоо ч байж л байгаа. 1937 оны их хэлмэгдүүлэлтээс бид өөрсдийн чаддаггүй зүйлийг өнгөрсөн үе рүүгээ, тэр үед болсон процесст хамааруулах гэж оролдоод байна. Энэ нь хүний өөрийн төрөлх зан чанар л даа. Хүн өөрөөсөө бусад субъективт ямар нэгэн алдаа байгааг бусдаасаа түрүүлж хайж олдог. Тэгээд тэр алдаанаас болсон гэж өөр өөртөө итгэж, өөрийгөө буруугүй мэтээр бодох хүний үндсэн инстикт байдаг. Манай нийгэм түүгээр л яваад байгаа юм. Зарим хүмүүс XIII зуунд маш их хүний цус урсгасан. Түүнийхээ үйлийн үрийг өнөөдөр эдэлж байна л гэдэг. Гэтэл өнөөдөр бид яаж амьдарч байгаа нь хэн нэгэн эртний хүмүүс, 1937 оны хядлага гэх мэтээс маш бага хамааралтай. Тодорхой хэмжээний хамаарал байх нь байгаа. Түүнээс 100 хувь хамаараад бид ийм болчихсон, ингэж амьдарч байна гэж дүгнэх аргагүй. Нэг үг байдаг шүү дээ. Ядуу төрвөл чиний буруу биш. Харин ядуу үхвэл чиний буруу гэж. Ядуу төрсөн ч гэр бүлийн оролцоо, аав ээжийн нөхцөл байдлаас хамаарч амжилтад хүрч болно. Түүн шиг 100 хувь аав ээжээс нөлөөлөөд, насан туршид нь ядуу байлгана гэж байхгүй. Үүнтэй яг адилхан бидний өмнөх түүхэнд асуудал бий нь бий. Гэхдээ тэр нь 100 хувь нөлөөлөөд, боловсролын систем доголдоод манай улс орон өнөөдөр ийм байдалтай байна гээд байвал бид өөр өөрсөд рүүгээ харахгүй байгаагийн тод жишээ.

-Нөгөө талаар бусдыг даган дуурайх үзэгдэл их байна. Өөр орны соёлыг хэтэрхий их сурталчилдаг, гадаад кино их гаргадаг, гадны соёлыг магтдаг гэх хэсэг хүмүүс байдаг. Гадны соёл бидэнд хэр нөлөөлж байгаа вэ?

-Нөгөө л бусдаас асуудлыг хайгаад байна гэсэн үг л дээ. Оросын соёлоор явж байгаад солонгос соёл руу орсон гэдэг ч юм уу. Энэ бас л биднээс 100 хувь хамаарах зүйл биш. Тухайн үед оросын соёлын нөлөөгөөр тодорхой хэмжээнд сурах зүйлээ сурсан. Тэр хэмжээгээр улс орноо бусад орны түвшинд авчраад хөгжих жамаараа хөгжсөн. Түүнийг бид зөв, буруу гэж дүгнэх эрх байхгүй. Энэ байдлыг киноноос тусдаа авч үзмээр байгаа юм. Кино хүний сэтгэхүйд маш том нөлөөтэй. Кинон дээр нэлээд цензур тавих ёстой болов уу гэж би боддог юм. Гэхдээ энэ киног үзүүлнэ, үүнийг үзүүлэхгүй гэх эрх хэнд ч байхгүй. Аль ч улсын киног гаргаж болно. Хамгийн гол нь түүнийг хүлээж авч буй хүмүүс нь өөрсдөө ялгаж салгаж, шүүж чаддаг түвшинд байх нь чухал. Түүнээс солонгос кино гаргахгүй. Хятад кино үзүүлэхгүй гэдэг үе рүүгээ буцаж болохгүй. Тиймээс хүлээж авч байгаа хүмүүсийн төлөвшилд, боловсролын салбартаа л хөрөнгө оруулалт хийж юмыг олон талаас нь харах чадвартай хүнийг бэлтгэх ёстой байх. Түүнээс киноноос, Орос, Солонгосын соёлоос болоод бид талцдаг болсон гэвэл өрөөсгөл л дөө. Талцал гэдэг зүйл аль ч улс оронд, хүн гэдэг зүйлд байдаг. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монголчуудад зөвхөн энэ бүх болохгүй зүйл байна гэж хараад, өөрсдийгөө доош нь хийдэг. Бидэнд авах зан чанар маш олон байдаг. Бидэнд болж бүтэж байгаа зүйлүүд ч маш их байгаа. Үүнийгээ бид хардаг, ойлгодог байх хэрэгтэй. Бид л талцаж хуваагддаг, бид л даган дууриадаг, бид л болж бүтдэггүй гэдэг асуудал байхгүй. Энэ бол бүх л улс үндэстэнд байдаг зүйл.

-Олон нийтийн сүлжээнд өдөр болгон нэг сэдэв гаргаж ирээд л нүдээд байдаг нь нийгэмд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Сошиалын нөлөөллийн түвшин жил ирэх бүр буурч байгаа. Анх сошиал медиа манайд орж ирээд, монголчууд фэйсбүүк, твиттер ашиглаж эхэлсэн үеийг бодвол бид харьцангуй юмыг шүүдэг болсон. Харьцангуй юмыг ялгаж салгадаг болсон. Үүнийг зөвхөн монголчууд л туулаад байгаа юм биш. Дэлхий нийтээрээ аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал, технологийн эрин зуунд бүгд зэрэг туулаад явж байгаа. Замд нь маш олон сөрөг нөлөө байгаа. Бас золиос ч бий. Түүний нэг нь гэр бүл. Ялангуяа сүүлийн үед сошиалд эмэгтэй хүнийг маш давуу байдлаар бичдэг болсон. Жендерийн тэгш эрх гэж ярьдаг боловч эмэгтэй хүнд давуу эрх олгосон маш их пост явдаг болсон. Эмэгтэй хүний зөв, эмэгтэй хүн ингэх хэрэгтэй, эмэгтэй хүн ааш нь олддоггүй гэх мэтээр маш их бичдэг. Энэ нь эмэгтэйчүүдийг кодлоод байна. Яадаг гэхээр “Өө бид ерөөсөө л ааштай байх ёстой юм байна. Бидний аашийг эд нар олох ёстой юм байна. Нөхрийн буруу байх ёстой. Эмэгтэй хүн хүссэн үедээ нөхрийнхөө картыг зураад явж байх ёстой юм байна. Бид байнга стори хийгээд, идэж уугаад л явж байх ёстой юм байна” гэх утгатай мессэжүүдийг сошиал маш хүчтэй өгөөд байгаа. Энэ нь нэг талаасаа явах ёстой замынхаа нэгийг бид туулаад л явж байна л гэсэн үг. Магадгүй миний харж байгаагаар арван жилийн дараа хүмүүс илүү юм мэддэг болчихсон байна. Арван жилийн дараа магадгүй бид ярих л байх л даа. Бүх юмаа сошиалд бичээд л, бүх ууж идсэн зүйлээ сториддог үе байсан шүү бидэнд гэж ярих тэр түвшинд бид оччихсон байх болов уу гэж боддог юм.

-Дотроо талцаж хуваагдсанаа биднийг гадныхан харж байгаа, шоолж байгаа гэх мэтээр ярьж бичдэг. Гэтэл гадаадын улс орнууд үүнийг мэддэг болов уу?

-Гадаадын улс орнуудын хувьд монгол хэтэрхий жижиг улс. Бусад улс орны удирдлага, манайтай харилцаа холбоотой бизнес эрхэлдэг, хамтран ажилладаг хүмүүс л массаасаа арай илүү биднийг мэднэ. Түүнээс дийлэнх масс нь Чингис хаанаар нь л мэднэ. Өөр бусдаар манай улсын талаар мэдэхгүй. Зарим нь Чингис хааныг ч, Монгол гэж байдгийг ч мэдэхгүй. Бид энэ жижиг тойрогтоо л биднийг эзлэх гээд байна, биднийг дарангуйлах гээд байна гэж хий юмнаас айдаг. Дийлэнхдээ тэгж харагдаад байдаг. Гэхдээ бидэнд нэгдмэл нэг айдас байгаа харагддаг. Тусгаар тогтнолоо алдчих вий, үндэстэн мөхөх вий гэж айдаг. Тусгаар тогтносон үндэстний хувьд энэ байх зүйл. Үүнийгээ бид тохируулах хэрэгтэй. Аль үед нь ил гаргах вэ, аль үед нь гаргахгүй байх вэ, өөрт ашигтайгаар эргүүлэх үү гэдгээ тохируулах нь хувь хүний боловсролын түвшнээс л хамаарна.

-Хоёр хөрштэйгөө холбоод чи хужаа, чи оросын бууны нохой гэж хуваагддаг. Ингэж хуваагдах нь бас л боловсролтой хамаатай юу?

-Бид хоёр хөршөө хэзээ ч үгүйсгэж болохгүй. Хоёр хөрштэйгөө үргэлж л найрсаг бодлогыг баримталж байх ёстой. Нөгөө талаасаа хоёр хөршөөсөө өөрт ашигтай давуу талыг л бид өөрсдөө бий болгож чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй хятадын банк орж ирэх нь, хятад биднийг эзлэх нь гэхээсээ илүү энэхүү эдийн засгаас нь бид юу хожиж болох вэ гэдгийг л ухаалгаар харах ёстой. Оросын энэ том газрын тосны зах зээлээс бид юу хожиж болох вэ. Бид орос, хятадыг яаж холбож болох вэ, тэнд нь яаж зуучийн үүрэг гүйцэтгээд мөнгө босгож болох вэ, эдийн засгаараа яаж хараат бус тусдаа бие даасан байж болох вэ гэдгийг маш сайн хардаг ойлгодог, үндэстнээрээ нэгдсэн нэг ойлголттой, бодолтой, бодлоготой болмоор байгаа юм. Хятад, Орос гэхээр тодорхой хэмжээнд үзэн ядсан зүйл байх нь зөв. Нийгмийн үнэт зүйлээс бий болсон тодорхой хэмжээний үндэсний үзэл байх нь ч зөв. Гэхдээ үүнийгээ илэрхийлэхдээ маш бүдүүлгээр илэрхийлээд байгаа нь бидний хамгийн том асуудал. Үүнийгээ хэтрүүлээд байгаа. Хэтрүүлээд байгаа нь ч бас бидний асуудал юм.

С.ОТГОНБАЯР

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *