Цагаан сарын баяр дөхөхөөр хүн бүрийн сэтгэлд ирж буй хаврын урь, зураас татуулан хайлах замын цас, дээврээс гоожих усан дусал, хөдөө нутагт бол хурга ишиг төлийн дуу, цантай жавартайд уур савсуулан айлын хаалга татах золголт, халуун дулаан бүхэнтэйгээ сэтгэлд буудаг биз ээ. Миний хувьд сар шинийн баяр ингэж л айлчлан ирдэг. Сар шинийн баяр яригдаж эхлэх үеэс л, одоо бол цагаан сартай холбогдолтой зар сурталчилгаа яваад ирэхтэй зэрэгцэн сэгтгэлд дотнохон мэдрэмж, багын дурсамж, гэгэлзэл, амар амгалан мэдрэгддэг.
Жил жилийн цагаан сарын баяраас хамгийн сэтгэлд үлдсэн, гэгээхэн нь сумын төвд өнгөрүүлсэн хүүхэд насны минь баяр. Сумын цагаан сар их гоё. Сар шинэ дөхөөд ирэхээр хүүхэд, хөгшин хөвөөгүй л хөл хөөрцөг болно, хийх ажил ч их. Дээвэр, туурга, ширдэг, хөшиг цавагныхаа тоосыг буулгах, хэдэн өдрийн цэвэрлэгээ хийх, түлш түлээ бэлдэх, мөс, цас зөөх, баншаа чимхэх, хэвийн боовоо хайрах гээд хийх ажил юу эс мундах вэ. Худал ярьсан хүнд бараг л сарын өмнөөс бэлдэж эхэлнэ. Хөдөө, сум нутагт цагаан сарын бэлтгэлийг айл саахалт, ах дүүс бөөнөөрөө нийлж хийдэг монголчуудын бас нэг сайхан заншил бий.
Цагаан сарын бэлтгэл хийх далимаар залуус нэг нэгнийхээрээ хэсч, даалуу, панжига тоглох, шагай наадах гээд зугаатай өдрүүд үргэлжилнэ. Анги ангиараа нийлсэн хүүхэд залуус багшийнхаасаа авахуулаад л хэдэн гэрээр, хэдэн орой ээлжлэн банш чимхэлцэнэ. Манай нутаг Ховд аймгийн Чандмань сум л даа. Хоймортоо Жаргалант хайрхнаа залж, баруун болон хойд захаараа Дөргөн, Хар-Ус нуураар хүрээлүүлсэн сайхан нутаг бий. Сумын хүүхдүүд тачигнасан жавартай наадан голын мөсөн дээр хацартаа улаа бутартал тоглоно. Багаасаа цас, бороо, салхи жаврыг тоохгүй явсаар угийн улаан болсон хацар нь улам ч тодрон, сэргэлэн цовоо нүд гялалзуулан өдөржингөө л чаргаар гулгана. Ахлах, дунд ангийн ах эгч нар өөрсдийгөө нэг л их том хүмүүст бодоцгоон, хөвгүүд нь дээлийнхээ ханцуйг нударгалан цагаан сарын банш чимхэлцэхээр жавар сэнгэнүүлсээр л айл айлыг хэснэ. Энэ нь тэдний хувьд нэг ёсны албан бус үүрэгт ажил нь. Айлын бууз чимхэлцэнгээ сайн охин юм уу хөвгүүнтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх, бас догдолсон сэтгэлээ илэрхийлэх боломж гарч ч юуны магад. Сайн хүүхдийнхээ гэрт бууз чимхэхээр очихдоо хамгийн гайгүй хувцсаа өмсч, үсээ гөлчийтөл нь норгож самнах зэргээр байдгаараа л хичээнэ. Басхүү аав ээжид нь ч гайгүй харагдчих санаатай ч цагаа тулахаар гэрт нь орохын өмнө бөөн нүүр халаастай. Иймхэн нэгэн цагаан сарын өмнөх амттайхан дурсамжийг сумын төвд өссөн хүн бүхэн л амссан биз. Харин цагаан сарын банш чимхэх, боов хийх, гэр орны ажил хийгээд эхлэхтэй зэрэгцэн хөөрцөглөн догдолж, шинийн нэгний өглөөг хоног тоолон хүлээнэ. Бид л мэддэггүй байсан болохоос ахмадууд ч бас тэрүүхэн тэндээ л хөөрцөглөж байсан шиг.
Хавь ойрын хүмүүс, хамаатан, ах дүүс, ах эгч нарын найзууд гээд банш чимхэх өдрийн оройхон хоймроор дүүрэн хүн. Банш чимхэх ажлыг ерөнхийдөө аав удирдан явуулж, ээж амталгааг тааруулна. Хэрэгт дуртай багачууд бид үүгээр далимдуулж ойрд идээгүй сайхан хоол идэх, тун ховорхон хүртдэг чихэр, боов, ундаа зэргийг горьдон сууна. Том дүү бид хоёрын гол нугалах ажил нь дээр үеийн төмөр гар чийдэнгийн бөгсөөр дарсан нэгэн жигд гурилыг хүмүүст тараах, чимхсэн банш өрж, тоолох. Их ажил хийдэг мундаг хүүхдүүд гэж магтуулахын далимаар, томчуудын яриа, маазрааныг чагнаж чихээ халаан сууна.
Цагаан сарын боов хийх гэж бас нэг том ажил. Аав минь гартаа бяртайгаар хэвийн боовныхоо бэмбээг хэдэн цаг нухаж сууна. Хайрах ажлыг ч аав л амжуулна. Их ч нямбай хийнэ. Хот газар нэг л тавгийн идээ засдаг ч манай нутагт бол заавал ч үгүй гурван таваг засна. Гурвын гурван тавгийн боов хайрна гэдэг бас ч амаргүй ажил байсан байх даа, тэр үед. Жилдээ ганц хийдэг энэ гоё боовноос халуун дээр нь авах гээд л дайрна даа. “Гал руу орчих гээд байх юм” гээд л зэмлүүлнэ. Бас тавгийн орой дээр тавьдаг самар боовыг хийлцэх гэж зэмлүүлнэ. Гурилын элдүүрний үзүүрийг бүрж байгаад самар шиг үе гаргаж хайчилдгийг хүмүүс мэднэ дээ. Нэг жилийн цагаан сараар аав, ээж хоёр гэрээ цоожлоод дүү бид хоёрыг айлд үлдээчихээд бэлгийн юм цуглуулах гээд аймгийн төв явчихсан юм. Аав, ээжийг явсан хойгуур дүү тооноороо ороод самран боов, ул боовноос нь хулгайлж идээд тэр нь яг битүүний өдөр илрээд ихэд зэмлүүлж байж билээ. Угийн миний доод талын эрэгтэй багаасаа их хөдөлгөөнтэй, “бич жилтэй бич Төрөө” гэдэг нэртэй хүүүхэд байсан. Аав оройжингоо л айлаас илүү боов хайх ажил гарсан даа.
Нутгийн хүмүүсийн дунд дээл хувцас сайхан оёдог уран гартай гэгддэг ээжид минь сар шинийн баяр дөхөөд ирэхээр дээл оёулах захиалга их ирнэ. Хөдөөний хүн болохоор нэгэндээ үнэрхэж мөнгө төгрөг хэлж чадахгүй л дээ. Гэрийнхээ хойморт дээлийн шинэхэн өнгө дэлгээд, гал дээр шингэн жонхуу халаан, гар машинаараа нямбай нь аргагүй оёж суудаг нь их сайхнаар сэтгэлд үлджээ. Ер нь ээжийг эмээгээс үлдсэн ганц орос, хар оёдлын машинаа гаргаад л суухад “нэг их гоё юм хийх гэж байгаа юм шиг” сайхан мэдрэмж төрдөг байж билээ. Одоо ээж минь “Тэр үед нэг дээлийг бараг дөрөв таван өдөр барьж дуусгадаг байсан. Мөн ч удаан оёдог байж дээ” гэж ярьдаг юм. Одоо ч гэсэн ээж маань цагаан сар болгоноор л дээлний захиалгандаа дарагдаж суугаа. Гэрийнхнийхээ дээлийг хамгийн сүүлд, бүх захиалгаа дууссаны дараа оёно. Шинийн нэгний ургах нартай уралдан сүүлийн дээлийнхээ шилбийг хадаж дуусдаг даа, ээж минь. “Загасчны морь усгүй” гэдгийн үлгэрийг үзүүлэхгүйн тулд, гэрийнхнээ бусдаас гайгүй харагдуулах гэж нойроо хугаслан суудаг юм. “Би яахав. Хуучин дээлтэйгээ цагаалчихъя, аавд чинь л нэг юм оёж өгье” гэнэ.
За тэгээд хэдэн өдөр эхнэр хүүхдүүд угаалга, цэвэрлэгээний ажил хийж, өнгөтэй бүхнээ гаргаж тавихад битүүний орой айл бүхэн дор бүрнээ шинэхэн гэрлэсэн хосын өргөө шиг цэмбэлзсэн сайхан болдог доо. Аль ч айлын үүдээр оронгуут шар тос, хайлмаг, хэвийн боов, буузны холилдсон сайхан үнэр ханхалж, дулаан уур амьсгал өөдөөс пүнхийтэл үлээнэ. Одоо ч хот хүрээ газар битүүнийг ном ёсоор нь утга төгөлдөр тэмдэглэх нь ховор болсон юм шиг. Хөдөө нутагт айл бүхэн дор бүрнээ нэгнээсээ түрүүлж битүүний хүргэлт хийхийг зорино. Аав битүүний орой гурван мөс тотгон дээрээ тавих, хашаа хороо цэгцлэх, ууцаа тэгшилж тавих, арц хүж унгасгаж, сан тавих зэрэг зан үйлийг гүйцэтгэх бол ээж хайлмагаа хийх салат зуурах, тавгаа засах гээд л нарийн нандин ажлуудыг амжуулна. Бас бидний шинийн нэгний өглөө өмсөх хувцсыг бэлдэж тавина. Жилээс жилд уламжилж ирсэн энэ бүх зан үйл насан туршид минь тодхон үлдэх биз ээ.
Битүүний орой хөрш саахалт, хамаатан ах дүүсээр явж идээ будааны дээж, бууз тараахаар тэрүүхэндээ багахан өрсөлдөөн болно, дүү бид хоёрын дунд. Гэхдээ голдуу би л аавыг юм уу аль нэг айлынхаа ахыг дагаж явдаг байсан санагдана. Шинийн нэгнээс өмнө айл болгоныг ямар болж гэдгийг харж бас битүүний чихэрнээс түрүүлж гоёыг нь авах гэж тэгж яардаг байсан. Битүүний бууз хүргэж ирсэн хүнд хүн болгон л “Дээшээ суу” гээд хүндэтгэлтэй хандана. Хамгийн түрүүнд Муужуу ахын (Д.Мягмаржав), Аагаагийн (Т.Ганхүү), Балгаагийн (Д.Баттулга) гээд л том авга нагац нараасаа эхлээд л тараана даа. Мөн айл руу бууз зөөхтэй зэрэгцэн айлуудаас ч битүүлгийн идээ ирнэ. Тэгээд л аав бурхандаа, галдаа нэг өргөөд үлдсэнийг нь өөрсдөө хуваагаад амсана. Дараа нь “Муужаагийн банш сул болж, Балгаангийнх шорвогдуу байна” гэх мэтчилэн ярьснаа “Ер нь манайх шиг амттай болсон айл алга байна даа” гэж ээжийг жаахан дөвийлгөнө. Одоо ч айл айлын бууз амсч үзээд тэгдэг хэвээрээ.
Хивсээ өнгий нь гартал угааж, бүх л гоёл зүүсгэлээ зүүсэн гэрийнхээ хойморт, идээ таваг зассан ширээнийхээ цаадах орон дээрээ унтах гэж дүү бид хоёр их булаацалдана аа. Тэгж тэгж эвсээд хамтдаа дээш, доошоо хараад унтахаар болно. Битүүнээр бурхандаа өргөсөн зулын гэрэлд ууц, тавгийн идээ, ээжийн хичээнгүйлэн зассан ширээг харан харсаар дуг нойрондоо автдаг байж билээ, хүүхэд байхдаа. Хэдий насанд хүрч, нөхөр хүүхэдтэй болсон ч багадаа догдолдог тэр сэтгэл минь яг хэвээрээ. Шинийн нэгний өглөө босуут л ширээ зассан том өрөөндөө орно. Харин бага үеэ бодоход тэр бүх ширээг ээжээрээ бус өөрөө засдаг завгүй нэгэн болжээ.
Шинийн нэгний өглөө хэдий эрт боссон ч ээж аль хэдийнэ босоод цайгаа чаначихсан, аав монгол цамцаа өмсчихсөн дуудаж байдаг сан. Ээж ургах улаан наранд цайны дээжээ өргөөд, аав, эрэгтэй дүү хоёр мөрөө гаргана. Хамгийн түрүүнд саахалтын Д.Цэвээравдан ахынд орж золгоно. Д.Цэвээнравдан ах аав ээжтэй жилээр чацуу ч сараараа ахмад, түүнчлэн өвөөгийн ахын хүүхэд тул аав, ээж хоёр түрүүлж зочилдог юм. Ер нь баруун нутгийнхны сар шинийн ёс их нарийн дэг жаягтай. Түрүүлж орж золгосон ахмад айлдаа халуун савтай цай, тавгийн идээгээ барьж орж золгоно. Манайхан гэртээ золгохгүй, Д.Цэвээнравдан ахынд хоорондоо золгочихдог байв. Дүү, бид хоёр жаахан байсан болоод тэр биз. Улмаар аавын нагац ах, монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржав, том хүргэн ах Д.Баттулга, ээжийн ах Т.Ганхүү гээд л ахмадуудаасаа эхлээд золголт үргэжилнэ дээ. Сумын төвийн айлууд бүгд нэгнийгээ таньдаг мэддэг, хамаатан садан айл их болохоор золголт хэдэн өдөртөө л үргэлжилдэг сэн. Тухайн үед сумын төвийн цөөхөн айл 69, пургон машинтай , бусад ихэнх нь морь, мотоциклиор айл хэсдэг байлаа. Хол айлууд руу явах бол аав маань “улаан яав”-аа асааж аваад дүүг банкин дээрээ суулгаж, ээж намайг урдаа дүүрээд л айл хэсдэг байв. Нэлээд юм гадарладаг болсон хойноо ингэж айл хэсэхээс их санаа зовдог байсан. Тэр үед аав, ээж маань залуухан болохоор шинийн нэгэнд орж ирэх хүн амьтан байхгүй. Харин сүүлийн жилүүдэд шинийн нэгнээр зочлох айлын тоо, аавд барьж золгосон архины тоо нэмэгдэж байгаа нь тэдний минь нас явж байгааг илтгэх шиг.
Хөдөө газар шинийн нэгнээс эхлээд сумын төвийн улаан хацартай, уур савсуулсан хүүхдүүдийн цуваа хэдэн өдөртөө тасрахгүй. Дөрөв, тав, зургаа, заримдаа бүр арван хэдээрээ нийлж аваад сумын дээд лагерийн айлаас доод лагерь хүртэл, урд талаас хойд тал хүртэл нэг ч айл үлдээхгүй хэснэ дээ. Бүгд өнгөтэй өөдтэй шинэ дээл, хувцсаараа гангарна. Орж ирчихээд л бүгдээрээ золгох гээд очерлоод зогсчихно. Хөдөөний хүүхдүүд айлын хоймор руу дураараа гарч зүрхлэхгүй, баруун талын баганаас хаалга хүртэл бөнжийтөл хөлөө нугалаад сууцгаана. Хурдхан л цайгаа уугаад, хоёр бууз үмхчихээд, салат хийдэг айл байвал тэрнээс нь ахиухан цохичихоод бэлгээ авахын түүс болно. Сумын төвийн тэр олон хүүхдэд бэлэг өгөх гэж айлууд өнгийн бал, харандаа, юухан хээхэн их авдаг байлаа. Зарим нэг нь ороогүй найзуудаа дагаад дахиад ороод ирнэ. Түүнийг нь ээж маань болон бусад айлын эзэгтэй нар мартаад дахиад л бэлэг өгнө. Тэр бүрт нь ээждээ сануулах их буянтай ажил хийнэ. Миний дүү болон үеэлүүд маань ч ингэж хэсдэг байв. Харин охидууд нэрэлхээд тэгж хэсэх нь харьцангуй бага. Зарим боломж муутай айл нь арав, хорин төгрөг, чихэр зэргэхнийг атгаад өгчихдөг байж л дээ. Тэр бүрийд хөвгүүд хоорондоо “Хн цус, тэднийх 20 төгрөг л өгч байна л ээ. Гэрийнх нь бүсэнд хавчуулчихаад ирсэн” гэж ярих нь их. Жилдээ нэг ингэж сумын төвийн хүүхдүүдээ бүртгэдэг ажил гардаг сан. Одоо ч сумын хүүхдүүд тэгж айл хэсдэг хэвээрээ гэсэн.Хот суурин газар юун тэгж бөөнөөрөө айл хэсэх байтугай хамаатан, саднаараа ч орох дургүй, ах дүү ураг саднаа мэдэхгүй хүүхэд, залуус их болсон шиг.
Сүүлхэн 2000 оны эхэн үед манайхыг Улаанбаатар гэдэг их хүрээ рүү нүүхийн өмнө сумын төвийн айлууд сумын клубт нэгдсэн золголт хийдэг болсон. Сумын нэгдсэн золголт одоог хүртэл уламжлагдсан гэсэн.
Хот суурин газар ч гэлтгүй, хөдөө орон нутагт ч хамаатан, ах дүүсийнхээ аль нэгэнд цугларч, нэгдсэн золголт хийдэг жишиг сүүлийн үед тогтоод байгаа. Энэ дагуу манай ээжийн ах дүүс сүүлийн арав гаруй жил нэгнийдээ нэгдэн золгож байна.