Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг залилж байна

Сүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал, БНСУ, Япон, АНУ, БНУУ, БНПУ, БНЧУ болон бусад орнуудад хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар БНСУ, Япон улсад албан ёсоор иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучилж байгаа болно. Ингэхдээ БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, БНСУ-ын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Япон улсын хувьд 2017 онд байгуулсан “Ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаархи санамж бичиг”, 2019 онд байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан. Санамж бичгүүдийн хүрээнд ур чадвартай ажилтан /үндсэн ажилтан/ болон ур чадварын дадлагажигч илгээх хоёр тогтолцоо зэрэг хэрэгжиж байна.

Ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага иргэнийг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг. Тиймээс иргэдэд ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг Япон улстай байгуулсан Санамж бичгийн дагуу зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан гүйцэтгэх тул энэ үйл ажиллагаанд иргэн, япон хэлний сургалтын төвүүд, яамнаас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд оролцохгүй болохыг онцгой анхааруулж байна.

Сүүлийн үед иргэн, байгууллага, хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг газрууд Японд үндсэн ажилтнаар зуучилна гэх зар мэдээллийг олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр өргөн хүрээтэй зарлаж, үүндээ орон нутагт төрийн байгууллагуудыг татан оролцуулах байдал гарч болзошгүй байгаа тул Та бүхэнд энэ мэдээллийг хүргэн сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн тус яамнаас АНУ, Чех, Унгар, Польш болон бусад оронд Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгуулага байхгүй болохыг мэдэгдье.

Хэрэв зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *