Монгол, Солонгосын сэтгүүлчид анх удаа Улаанбаатар хотод чуулж, хоёр улсын сэтгүүл зүйн чиг хандлага, тэр дундаа дижитал сэтгүүл зүйн талаар мэдлэг, туршлагаа хуваалцаж байна. БНСУ-даа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлээр алдартай, өдөр тутмын хамгийн том сонины нэг “JoongAngIlbo” сонины сэтгүүлч SeoYoungji-тай ярилцлаа.
-Сайн байна уу, та. Өөрийгөө болон сониныхоо талаар манай уншигчдад танилцуулаач?
-Намайг SeoYoungji гэдэг. “JoongAngIlbo” сонины “Өшөө илүү удаан” нэртэй багт ажилладаг. Манай баг “Амьдралын шилжилт” сэдвийн дор олон төрлийн контент бэлтгэн уншигчдадаа хүргэдэг. Амьдралын шилжилт гэдэг нь солонгос хүн тэтгэвэрт суусныхаа дараа шинээр эхэлдэг амьдралынх нь тухай. Шинэ амьдралд ямар өөрчлөлт шинэчлэлт ирдэг, түүнд өөрийгөө хэрхэн бэлтгэх, бас хэрхэн амжилттай даван туулах талаар гээд маш олон төрлийн мэдээлэлтэй. Яг энэ хүрээнд манай редакцид сар бүр гаднаас 120 орчим хүн сайн дураар материалаа ирүүлдэг. Тэр материал нь юу ч байж болно, гагцхүү дээрх сэдэвтэй холбоотой. Ирүүлсэн тэр материалыг нь би уншиж судлаад сэтгүүл зүйн бүтээл болгож найруулж тавьдаг.
-Сонины хувьд?
-Манай “JoongAngIlbo” сонин бол Солонгостоо уншигч, захиалагчийнхаа тоогоор хоёрдугаарт бичигддэг. 500 гаруй ажилтантай, маш олон редакцитай. “JoongAngIlbo” сониноос гадна дэргэд Солонгостоо томоохонд тооцогдох JTBC телевизтэй, долоо хоног тутмын сэтгүүлтэй. Нэг үгээр хэлбэр хамгийн том видео групп юм. Сонины хувьд бол өдөр тутамдаа шинэ дугаараа хэвлэдэг өргөн мэдээллийн сонин. Бүх салбараар мэдээлэл бэлтгэдэг гэсэн үг. Сониныхоо салбарт маш олон зүйлийн анхдагч гэж явдаг юм.
-Сонирхолтой юм. Тодруулж өгөөч?
-Солонгостоо анх удаа Берлин загвар буюу том хэвлэлээс жижиг загварт шилжиж хэвлэгдсэн сонин. Солонгос хэл дээрээ гаргасан хэвлэсэн анхны сонин гэж үздэг. Солонгос бичгийг дээр үед дээрээс нь доош бичдэг байсан. Сонинд бол хойноосоо урагшаа уншигддаг байлаа. Харин орчин үед хөндлөн бичигддэг болсон. Ийм хөндлөн бичлэгтэй сонин хэвлэж гаргасан анхны сонин бас манайх байсан. Энэ жил сонины үүсгэн байгуулагдсаны 54 жилийн ой тохиож байгаа.
-Танай улсад сонины зах зээл ямар байгаа вэ?
-Яахын аргагүй дижитал эрэн үед сонин уншигчдын тоо багасч байгаа. Манай улсад ч ялгаагүй тулгамдаж, яригдаж байгаа асуудлын нэг бол уншигчийн асуудал болоод байна. Тиймээс манайх сониндоо нийтлэгдсэн нийтлэлээ дижиталд давхар гаргадаг хэлбэрт шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Сониноо дижитал хэлбэрт шилжүүлсэн анхны сонин гэгддэг.
-Яг л ижил түвшинд яваа байх нь ээ. Манай улсын хувьд ч сонины редакци бүр цахим мэдээллийн сайт ажиллуулдаг болсон?
-Манай сонинд хэдэн жилийн өмнөөс цахим сонины баг тусдаа байгуулагдан ажиллаж эхэлсэн. Тиймээс одоо бол бүх сэтгүүлчдэдээ мэдээ бэлтгэхдээ онлайн хэлбэрээр бас бэлтгэх үүргийг өгдөг. Бүх сэтгүүлч мэдээллээ онлайн байдлаар бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн мэдээнээс сонгож аваад сонин дээрээ тавьдаг болсон. Дээр хэлснээр манайх өргөн мэдээллийн сонин. Бүх салбараар мэдээлэл бэлтгэдэг. Гэхдээ олон улсад тулгамдаж байгаа асуудал манайд ч бий. Манайх шиг нэр хүндтэй сонин хамаагүй цочир асуудлыг хөндөж бичиж болохгүй. Тиймээс төлөвлөгөөтэй, ул суурьтай том сэдэв барьж бичмээр байдаг. Гэтэл хүн тоож уншихгүй. Хов жив хөөцөлдсөн, шинэ соргог юмыг бол уншаад байдаг. Сонин түүнийг нь бичих гэхээр бас болдоггүй. Ийм л жишиг яг одоо Солонгосын сонины салбарт ажиглагддаг.
-Сонин бол мэдээллийн хэрэгслүүдээс хамгийн бодит, баримттай мэдээлэлтэй гэж үнэлэгдсээр ирсэн. Тийм ч учраас хэзээ ч хэвлэл мэдээллийн салбараас арчигдахгүй гэдгийг олон улсад баталчихсан. Танай сонины хувьд зах зээлээ өргөжүүлэх тал дээр ямар бодлого барьдаг юм бол?
-Солонгос бол яахын аргагүй мэдээллийн технологи өндөр хөгжсөн орон. Хэдэн жилийн өмнө метронд сонин уншдаг хүмүүс харагддаг байсан. Одоо бол сонин дэлгээд уншиж байгаа хүн харагдахгүй. Залуу үеийнхэн дижитал эрин үе рүү маш хурдтай шилжсэн. Тиймээс Солонгост, сонины редакцийн хувьд онлайн уншигчдыг яаж нэмэгдүүлэх вэ, цахим хандалтаа өсгөх вэ гэж л харж, тэр чиглэлд түлхүү ажиллах болсон шүү.
Тэглээ гээд таны хэлснээр сонины зах зээл үгүй болохгүй. Анх дэлхий нийт телевиз бүтээж үздэг болоход радио сонсохоо болиогүй биз дээ. Түүнтэй л адил. Цахим мэдээллийн хэрэгсэл хүчээ авлаа ч гэсэн сонин уншихаа болино гэсэн үг биш. Сонин уншдаг масс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тиймээс сонин хэвлэгддэгээрээ хэвлэгдэнэ.
–“JoongAngIlbo” сонины эрэн сурвалжлах редакцийнхан алдартай гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлээч?
-Тийм ээ. Сонин ч бай, телевиз ч бай манай улсын хэвлэл мэдээллийн салбарт эрэн сурвалжлах сэтгүүл зүй эрчимтэй хөгжиж байгаа. Хамгийн том жишээг та бүхэн сайн мэдэх болов уу. Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн талаарх ноцтой баримт олон нийтэд ил болсноос тэрээр албан тушаалаасаа огцорч, шүүхээс ял авсан. Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой баримтыг хамгийн анх манай сонин дэлгэж тавьсан. Өөр ч олон алдартай бүтээлүүдийг нэрлэж болно.
-Хоёр улсын найрамдалт харилцааг сэтгүүлч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Хоёр улсын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хоёр улсын сэтгүүлчид хамтран ажиллаж байгаад маш их баяртай байна. Нууцгүй хэлэхэд бид Солонгост ажлаа хийж байхдаа Монголын сэтгүүлчид юу хийж байна вэ гэж харж чаддаггүй. Анхаарах боломж ч байдаггүй. Харин Монголд ирэх болж энэ талаар судалж байхдаа туршлагатай багшаасаа асуусан. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр “Монгол, Энэтхэг гэх мэт өргөн дэлгэр нутагтай газарт сонгууль болоход тэр бүр хүмүүстэйгээ нүүр тулж уулзаж чаддаггүй учраас янз бүрийн цуу яриа, худлаа мэдээлэл тараах асуудал өндөр байдаг” гэж надад ярьж байсан. Монголд ирэх хүртлээ мэдээлэлгүй байсан. Харин ирээд маш өөр сэтгэгдэлтэй боллоо. Цаашдаа би Монголын талаар, Монголын сэтгүүл зүйн талаар судлах сонирхолтой болсон.
Б.ЭНХЗАЯА