Categories
гадаад мэдээ

Сэм Бендетт: Оросын танкуудад тохиолдож буй зүйл бол дизайны алдаатай холбоотой DNN.mn

Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш буутай цамхаг нь тасарсан орос танкуудын зураг нийгмийн сүлжээнд түгээмэл үзэгдэх болсон юм. Тэгвэл “Оросын танкуудад тохиолдож буй зүйл бол дизайны алдаатай холбоотой. Ямар нэг байдлаар оновчтой цохилт өгөхөд нөөц сумнууд хүчтэй дэлбэрч, цамхаг хэсэг нь тасран шидэгдэж байна” гэж зэвсэг судлаач Сэм Бендетт ярьжээ. Өрнөдийн танкуудаас ялгаатай нь Оросын танк сумнуудаа цамхаг хэсэгтээ хадгалдаг юм байна. Энэ хэсэгт 40 хүртэл тооны сум хадгалагддаг. Тиймээс цамхагт ямар нэг хэмжээний цохилт өгөхөд амархан дэлбэрч, эх биеэсээ тасарч байгаа аж.

Сошиал сүлжээнд нийтлэгдсэн нэгэн дүрс бичлэгт Мариуполь хотын орон сууцны таван давхарт Оросын танкийн цамхаг шидэгдэж орсныг харуулжээ. Үүнтэй ижил дүрс бичлэгийг Чернихов хотоос бас нийтэлсэн байна.

Оросын Т-72, T-80 загварууд цамхаг хэсэгтээ сумыг автоматаар цэнэглэдэг механизмтай байдаг учир цамхагт нь нөөц сумнууд хадгалагддаг онцлогтой юм байна. Үүнээс гадна Оросын танкуудын дотоод багтаамж өрнөдийнхтэй харьцуулахад маш бага болохыг Орос, Зөвлөлтийн зэвсгийн судлаач Стивен Залога ярьжээ. Энэ нь танкийг жолоодож яваа алба хаагчдын амь насанд маш өндөр эрсдэл учруулдаг гэнэ.

Хэдийгээр T-80, T-90 зэрэг шинэ загварууд үйлдвэрлэгдсэн ч сум цэнэглэх систем нь өмнөхтэйгөө ижил механизмтай тул эрсдэл өндөр хэвээр байгаа ажээ. Бүр 1991-2003 онд Персийн булангийн дайнд Иракийн арми Оросын танкуудыг ашиглаж байхад бас ийм асуудал учирч байсан гэнэ. Оросууд өмнөх алдаанаасаа суралцаагүй нь эндээс харагдаж байгааг Их Британийн армийн офицер асан, батлан хамгаалахын шинжээч Николас Драммонд ярьжээ.

Оросын танкуудаас гадна БМД-4 зэрэг хуягт тэрэгнүүдэд ижил асуудал тулгарч байгаа гэнэ. Уг хуягт нь гурван хүнтэй багаас гадна таван цэрэг тээвэрлэх багтаамжтай байдаг. Цохилтод өртмөгцөө амархан дэлбэрдэг энэ хуягт тэргийг мэргэжилтнүүд “явдаг авс” гэж нэрлэдэг тухай Драммонд ярьжээ. Украины зэвсэгт хүчнээс гаргасан статистик тоо баримтад Оросын 1008 танк, хэдэн зуун хуягт тээвэрлэгч устгагдсан тухай мэдээлээд байгаа юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *