Сүүлийн үеийн их бороо Монголын томоохон асуудал болж хувирлаа. Авто зам уурссан тухай мэдээ тасраагүй байхад төмөр зам урссан тухай мэдээ олон нийтэд түгэв. Үүнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч, өөрийн эрх мэдлийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг шуурхай томиллоо. Шинэхэн сайд ч өөрийн хэрээр итгэл даахыг хичээж байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүлийн үед иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа Улаанбаатар-Дархан-Сэлэнгийн авто зам дээр Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Будтай хамт ажиллаа. Энэ нь Зам, тээврийн сайдын ажлаа авсны дараахь анхны орон нутгийн томилолт гэнэ. Хөдөөгийн сайдад их бороо гэдэг нь сайн бол Замын сайдад их бороо нь суудлыг нь булаах аюул дагуулна. Манайхан Дархан-Улаанбаатарын замыг хүн хөнөөдөг, мөнгө идсэн зам гэж ярьдаг. Үнэхээр тийм эсэхийг шалгаад тогтоочихсон баримт өнөөг хүртэл байдаггүй юм байна. Харин шинэ дэд сайд Л.Халтар үүнд эцсийн хариу өгөх зорилгоор газар дээр нь үзэхээр шийдсэн бололтой юм. Түүний шалгасан зам бол Монголын хүнсний хангамжийн маш чухал бүсийг дотоодын хамгийн том зах зээл болох нийслэлтэй холбодог зам. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засагт хамгийн том төмөр замын дараа орох авто зам. Мэргэжлийн хүний хувьд тэрээр юунаас эхлэхээ мэдэж байгаа аж. Гэхдээ дэд сайд маань зөвхөн асуудал үүсгэсэн авто зам дээр ажиллаагүй. Тухайн бүс нутгаар дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын явц, ургацын замын нөхцөл байдал, төмөр замын өртөөний үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийх, холбогдох үүрэг даалгавар өгөх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажилласан юм. Зам тээврийн осол гардаг 26 цэг байдгаас есөн цэгт хамгийн олон давтамжтай гэж судалгааны дүн гарчээ. Судалгааны дүнгээр бидний нэрлэж заншсанаар 52-ын даваа, 60 даваа, Шавартайн голын гүүр, Тахилтын даваа, Нарийн хөндий, Цайдмын хөндий, Хустайн даваа гэсэн цэгүүдэд хамгийн их осол гардаг юм байна. Шалтгаан нь өгсүүр даваатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал огцом эргэлттэй бөгөөд манайхан хурд хэтрүүлдгээс болдог аж. Өнгөрсөн долоо хоногоос Зам тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран хурд хэмжигчийг нэмж байршуулах, авто замын хөдөлгөөнт эргүүлийг тус хэсэгт ажиллуулах шийдвэр гаргасан гэнэ. Үүнтэй холбоотой шийдвэрийн биелэлт, хэрэгжүүлэх ажлын талаар ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар, тус чиглэлийн замын цагдаагийн удирдлагуудтай энэ үеэр уулзаж санал солилцож үүрэг чиглэл өгчээ. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэх төсөв мөнгө байхгүй. Одоогийн байдлаар замын эргүүл гэсэн нэртэй хүмүүсийг тарчигхан төсвөөр ажиллуулж байгаа юм байна
Тэр нь “Хөдөлгөөнт эргүүл” гэсэн өхөөрдөм нэртэй. Тэр замын дагуу амьдардаг иргэдэд тулгуурлана. Тэд зам дээр хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдал, согтуугаар жолоо барих, шинээр үүссэн замын гэмтлийг цаг тухайд нь мэдээлэх, замын тэмдэглэгээг хулгайлах зэрэг асуудалтай тэмцэнэ. Гэхдээ энэ асуудлыг албан ёсны болгох журам боловсруулахыг Буд даргад газар дээр нь үүрэг болгов.
Авто осол үүсэх бас гол шалтгаан бол техникийн бүрэн бус байдал. Энэ асуудалд дэд сайд багагүй анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Авто замын цагдаагийнханы мэдээллээр бол өмнө нь замын цагдаагийн хэсгийн дэргэд авто засварын газар ажиллаж байсан юм байна. Цагдаагийнхан техникийн бүрэн бус автомашины жолоочид арга хэмжээ авахаас илүүтэйгээр аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгдөг байсан гэнэ. Ингэснээр жолооч нар цагдаагийн шалгалтын хэсгийн ойр байгаа засварын газраас шаардлагатай сэлбэгийг авч, цааш амар тайван байдлаар аяллаа үргэлжлүүлнэ. Гэтэл нөгөө л монгол араншингаар “Цагдаагийнхан өөрсдийн бизнесээ зам дагуу шалгалтын цэгээр хийж байна” гэсэн хийрхлээс болж зам дагуу ажиллаж байсан засварын газар хаагджээ. Цагдаагийнхан ч үүнээс болж засварын газрыг хаасан гэнэ. Инээдтэй нь нөгөө шүүмжлээд байсан иргэд тухайн бүсэд засварын газар нээсэнгүй. Ингэснээр ослын тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лавтай. Цагдаагийнхан өмнөх зарчмаар хэнээс хамааралгүй засварын газар нээх санал тавьсан ч улстөрч дэд сайд болгоомжтойгоор “Жолооч нараас судалгаа авах хэрэгтэй” гэсэн болгоомжтой хариулт өгөв.
Үнэн хэрэгтээ цагдаагийн шалгалтын хэсгийн дэргэд байгуулагдсан засварын газрын түүх зүрх зүсмээр сонсогдсон. Нэгэн залуугийн төрөл төрөгсөд энэ замд осолд орж амиа алдсан юм байна. Тухайн үед машинд ямар нэгэн гэмтэл гарсан бөгөөд ойр хавьд ямарч засварын газар байхгүй тул хүрэх газраа гэмтэлтэй машинаар зүтгэсээр яваад амиа алдсан аж. Тэр залуу цагдаагийнхантай ямар ч холбоогүй. Дээр нь зам зуурын шаардлагатай сэлбэгийг ашиг олохгүйгээр жолооч нарт зардаг нь олны анхаарлыг татдаг аж. Цагдаагийнхан энэ тухай дэд сайдад хичээнгүйлэн учирлаж байсан ч юу ч хийдэггүй бай бүхнийг шүүмжлэгчдээс болгоомжилсон дэд сайд зориг орсон бололтой “Ажиллаад үз” гэх нь сонсогдов.
Цааш томилолтын багийнхан Сэлэнгэ аймгийг зорив. Аймгийн хил дээр Сэлэнгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ИТХ-ын төлөөлөгчид хүлээж авав. Тэдний энэ том хүндэтгэл ердөө ганц шалтгаантай. Тэр нь замаа сайжруулах. Сэлэнгийнхэн үеийн үед хэнээс ч гуйхгүй амьдарч ирсэн уламжлалтай. Социализмын үед Сэлэнгийнхэн гоё хүнсээр бялхаж байсан газар байхгүй. Тэд гахай, тахиа, талх тариа, загас, ногоо гээд тухайн үеийн Улс төрийн товчооныхноос илүү их тансаг зоогтой байсан хүмүүс. Өнөөдөр ч тэд ямар нэгэн юмаар гачигдаагүй гэнэ. Гэхдээ замын дэд сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авах шалтгаан нь авто зам. Тэд төрөөс хүсч байгаа зүйл нь чанартай зам. Тэдэнд Ерөнхий сайдаас илүүтэйгээр замын сайд чухал. Сэлэнгийнхэн социализмын үед зах зээлд орсон.
Тэдэнд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн бэлэн. Тэдний зөгийн балаас эхлээд утсан загас, буриад талх чанар, үнээр дэлхийд өрсөлдөх чадвартай. Тус аймаг монгол гурилын 50 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангах чадвартай. Энэ нь манай эдийн засгийн 30 шахам хувьд дам нөлөө үзүүлнэ. Энэ нь нийслэлийн дараа орох эдийн засгийн бүс гэсэн үг. Гэтэл энэ том эдийн засгийн чадавхыг ашиглах, цаашдаа томруулахад муу зам саад болж байгаа аж. Ийм учраас л сэлэнгэчүүд замын сайдад “пялдагадсан” бололтой юм. Шинэ сайд ч энэ бол Сэлэнгэ, Улаанбаатарын зам биш, эдийн засгийг эрүүлжүүлэх зам гэж харсан бололтой “Удахгүй та нар сайн замтай болно. Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын зам эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй” гэснээр анхны томилолтоо дуусгав.