Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 17.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зориулж, 380 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэнээр, эх үүсвэрийг “ХААН”, “Худалдаа хөгжил”, “Голомт”, “Ариг”, “Тээвэр хөгжил”, “Капитрон”, “Төрийн банк”, “Хас” банкнаас гаргаж байна.

Зээлийг авч буй аж ахуйн нэгж, иргэд жилд 3 хувийн хүү төлөх юм. Хүүгийн зөрүү болох 10.65 хувийг Засгийн газар хариуцах бол зээлийг хэнд, хэрхэн, ямар хэмжээгээр олгохыг ХХААХҮЯ хариуцахгүй аж. Харин эх үүсвэрээ гаргаж, зээл олгож буй арилжааны банк 100 хувь бие даан шийднэ. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд зээлийн шалгуур их, зээл олдохгүй байна гэх санал гомдлыг тус яаманд ирүүлж байгаа тул зээл олголтын хэрэгжилт, явцын талаарх мэдээллийг хүргэжээ.

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг 6 чиглэлээр олгож байгаа. Мөн төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд тусад нь 50 тэрбум төгрөг олгохоор болсон нь энэ жилийн нэг чухал дэмжлэг аж.

1. Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

2. Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

3. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

4. Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

5. Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай,

6. Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай олгохоор шийджээ.

Түүнчлэн, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлийн зээлд 150 тэрбум төгрөг хуваарилснаас 62,4 тэрбум төгрөгийг 22 аж ахуйн нэгжид олгоод байна. Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөг хувиарласнаас 1 аж ахуйн нэгжид 800 сая төгрөг олгожээ. Одоогоор 9 аж ахуйн нэгжийн 17,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байгаа аж.

Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг хуваарилснаас 415 иргэн, аж ахуйн нэгжид 56,7 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариаланчдад 50 тэрбум төгрөг олгохоос 15,4 тэрбум төгрөгийг 714 иргэн, аж ахуйн нэгжид олгоод байна.

Харин арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөг хувиарласнаас одоогоор зээл олгоогүй бөгөөд 11 аж ахуйн нэгжийн 13,1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна.

Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөг хуваарилсанаас 6 аж ахуйн нэгжид 30,6 тэрбум төгрөг олгожээ. Одоогоор Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 17.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Дараа нь Дархан-Уул аймаг 12.1, Төв аймаг 6.8, Хөвсгөл аймаг 3.7, Увс аймаг 3, Булган аймаг 2.2, Орхон аймаг 1.7, Хэнтий аймаг 1.3 тэрбум төгрөгийн зээл аваад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *