Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Сээр цохих нь гарын зөөлөн эдэнд гэмтэл учруулж хаван хавдар үүсч, нян бактери бий болдог. Үүнээс болж гараа ч тайруулсан тохиолдол байна. Сээрний яс хугарах нь хэнд ч хамаагүй, үр өгөөжгүй. Харин тухайн хүний өөрийнх нь яс хугарвал хохиролтой” гэж ГССҮТ-ийн гар, сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид хэвлэлд ярьж байна.
Социализмын үед ард түмний дунд хамраа улаан болтол мааждаг тийм нэг үзэгдэл газар авч, хүүхэд хөгшидгүй шуурч байсныг өвөө, эмээ нар хуучилдаг. Үр дагавар нь ноцтой биш ч утга учиргүй, ашиг шимгүй үзэгдэл дэмий гэж тухайн үед дарга сайд нар нийтээр нь хориглож байсан гэдэг. Одоо ингээд харахад тэр үеийн хамраа мааждаг “тоглоом” харин өнөөдрийн сээр цохихоос ч гэм хоргүй явдал байжээ.
Гэтэл өнөөдөр монголчууд сээр цохих руу шуурч байна. Үндэсний өв соёл мэтээр
худлаа сурталчилж, шал хэрэггүй хийрхлийг дөгөөдүүлж гүйцлээ. Бүр жаахан хүүхдээс эхлээд охид эмэгтэйчүүд гарынхаа ясаар малын яс цохиж баясацгааж байх юм. Цаашлаад сээр цохигчдын клуб, холбоо аль хэдийнэ үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээд хүртэл болчихсон явна. Сошиал сүлжээнд хэдэн мянган хүний группүүд ч үүсчихэж. Удахгүй улсын хэмжээний сээр цохигчдын аварга шалгаруулж, машины байтай тэмцээнийг зохион байгуулах гэнэ. Бүр явсаар Сар шинийн баяраас давсан баяр том арга хэмжээ болдог болох шинжтэй. Бодит үр дүн нь хэдэн арваараа Гэмтлийн эмнэлэгт очиход хүрч, бүр гараа тайруулаад хөдөлмөрийн чадвараа алдах боллоо.
Ийм өв соёл, наадам цэнгээн байна гэдэг утгагүй юм. Монголчууд хэтэрхий мунхарч гүйцлээ. Эрүүл мэндээ золин байж хүүхэд хөгшид, охид эмэгтэйчүүдгүй сээр цохиж сурах гэж хошуурахын оронд код бичиж сурах гэж уралдаасай. Энэ бол өнөөдөр байтугай ирэх 50, 100 жилд хамгийн эрэлттэй, өндөр цалинтай, хүний нас хүйс ямар байхаас үл хамаарсан мэргэжлээр нэгэнт шалгараад байгааг ухаараасай.
Эцэст нь хүн ардыг ийм мунхаг зүйл рүү хошууруулж, эрүүл мэндээр нь зольж байгаа сээр цохигчдын групп, холбоо, клубүүдийн үйл ажиллагааг зогсоож, улс даяар хориглох хэрэгтэй байна, Эрүүл мэндийн сайд, дарга нар аа!