Categories
мэдээ соёл-урлаг

“Саран хөхөө” жүжгийг баасан гаригт тоглоно

-Энэ долоо хоногт “Саран хөхөө” үндэсний сонгодог жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг тоглоно.

Улсын драмын эрдмийн театрын 84 дэх үзвэрийн жилийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон. Театрын уран бүтээлчид уламжлал ёсоор арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн өдрүүд” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн. Энэ уламжлалын дагуу өнгөрөгч долоо хоногт “Тэнгэрийн хүү”, “Ану хатан” үндэсний түүхэн жүжгүүдийг толилуулсан билээ. Тэгвэл энэ долоо хоногт “Саран хөхөө” үндэсний сонгодог жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг үзэгчдэдээ өргөн барих гэж байна.

“САРАН ХӨХӨӨ” ҮНДЭСНИЙ СОНГОДОГ ЖҮЖГИЙГ ГУРВАН УДАА ТОГЛОНО

Зохиолч Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч А.Шартолгой шинэтгэн тавьж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Н.Жанцанноров, зураачаар Н.Содномдорж ажиллаж байна. Жүжгийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Сурасадмин хатанд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Лаганад Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглож буй.

Хан хүү Номун Баясгалан өөрийн шадар Лаганы хорт санаагаар гэрээсээ төөрч, номын шидээр хөхөө болон алсад одоод ном эрдмийг хураан буяны зам, мөрийг дагаад ордондоо ирж, оюуны гэгээг түгээн гэгээрэхүйн шидийг үзүүлнэ.

“Саран хөхөө” үндэсний сонгодог жүжгийг энэ долоо хоногт гурван удаа тоглох юм. Тухайлбал ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 14-ний 19.00 цагт нээлтээ хийж, амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 15, 16-ны 17.00 цагаас тоглоно.

“ТЭМҮҮЖИН” ХҮҮХДИЙН ТҮҮХЭН ЖҮЖГИЙГ НЭЭЛТ БЯМБА ГАРИГТ БОЛНО

Зохиолч С.Жаргалсайхны “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг 2002 онд анх тоглож байжээ. “Түүхэн жүжгийн өдрүүд”-эд багтсан энэхүү жүжгийг энэ сард драмын тайзнаа гурван удаа тоглох юм. Жүжгийн найруулагчаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Соёлын тэргүүний ажилтан Н.Болд нар ажиллаж байна. Ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Я.Санжаасүрэн, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж ажиллажээ.

Тархай бутархай, өөр хоорондоо дайсагналцан тэмцэлдэж байсан олон овог аймгийг нэгэн тугын дор нэгтгэн захирч, Чингис хаан зэрэгт хүрч орыг залгатлаа хатуу бэрхийг хар нялхаасаа эхлэн даван туулсан баатарлаг хувь заяа. Эх нэгт дүүгээ хөнөөсөн зөрчилт амьдралын хатуу дүрэм. Энэ бол Тэмүүжин хүүгийн түүх юм.

Жүжгийн нээлт ирэх бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 15-ны 11.00 цагт болно. Мөн энэ сарын 23-ны ням, 29-ний бямба гаригийн 11.00 цагт тоглох юм байна.

Ийнхүү УДЭТ-ын 84 дэх үзвэрийн өвөл цагийн тоглолт дээрх жүжгүүдээр өндөрлөх юм.

Түүхэн жүжгийн сарын үзвэрийн хуваарийг дахин танилцуулья:

11.14-ний 19.00, 15, 16-нд 17.00 цагт “Саран хөхөө” үндэсний түүхэн жүжиг.

11.21, 23-нд 18.00 цагаас, 22, 29, 30-ны 17.00 цагт “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг.

11.28-ны 19.00 цагт “Оролмаа эх” үндэсний түүхэн жүжиг.

11.15, 23, 29-нд 11.00 цагт “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг тус тус тоглох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *