Сан Марино улсын буудлагын тамирчин Алессандра Перилли эмэгтэйчүүдийн таваг буудлагын төрөлд хүрэл медаль хүртсэнээр улсынхаа түүхэн дэх анхны Олимпийн медалийг эх орондоо авчирлаа.
Италийн газар нутгаар хүрээлэгдсэн, далайд гарцгүй, Европын жижиг улс болох Сан Марино нь 34 мянга орчим хүн амтай юм. Ингэснээр тус улс нь Олимпийн медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай орон болж байна.
Түүний өрсөлдсөн төрөлд Словакийн тамирчин Зузана Рехак Стефесекова алтан медаль, АНУ-ын тамирчин Кейл Браунинг мөнгөн медаль тус тус хүртжээ.
Өдгөө 33 настай А.Перилли өмнө нь хоёр Олимпод оролцож байсан юм. Сан Марино улсын хувьд 1960 онд анх Олимпийн наадамд оролцож байсан түүхтэй.