Categories
мэдээ нийгэм

Сайн найзынхаа хойноос нурах сэтгэл, урсах нулимсаа нуумааргүй байна, чи жинхэнэ эр хүн байсан шүү…

Ажил амьдралын урт замд олон жилийг хамтдаа туулна хэмээн бодож явсан сайн анд, итгэлт найз Д.Одбаярыгаа бид өнөөдөр нартаас үдэж байна. Саяхан л түүнтэй Алтан гадас одон хүртсэнийх нь баярыг хуваалцан хөөрч суусансан. Өнөөдөр тэгвэл дурсамж болон үлдэж, өнгөрсөн цаг дээр бүгдийг бичиж сууна гэдэг яасан уйтай вэ. Итгэж чадамгүй энэ гашуун өдрүүдэд “Чи жинхэнэ эр хүн байсан шүү” гэдэг үг зүрх сэтгэлд эргэлдэж байна. Дөнгөж 1981 оны хүүхэд шүү дээ. Түүнийг маш сайхан ирээдүй хүлээж байлаа, сайн сайхан, гэрэл гэгээ зүгт тэр тэмүүлж байлаа. Түүн шиг л ажиллаж амьдраасай гэж залуустаа хүсмээр байна. Сүрлэг сайхан биетэй, гэрэлт шаргал царайтай, бусдад нөмөр нөөлөгтэй, нүдэнд дулаахан тэр залуу бол Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн залуухан дарга Д.Одбаяр минь байлаа. Тэр энэ л сайхан дүрээрээ олон хүний сэтгэлд мөнхөрлөө…

Д.Одбаяр маань говь нутгийн хүүхэд байсан юм. Дорноговийн 10 жилийг алтан медальтай төгссөнөөс эхлээд өнөөдрийг хүртэл олон зүйл дээр бидний бахархал байлаа. Монголын их говийн, тэнүүн сэтгэлт эр хүний мөн чанар түүнд шингэсэн, хүмүүст тустай, зөв хандлагаар бусдад үлгэрлэсэн Монголын сайхан эрчүүдийн нэг явж чадлаа. Түүнд хуурай ах нар олон, үеийнхэн нь сайн, ажил амьдралын замд хөл нийлүүлсэн дүү нартаа бурхан шиг хүндлэгдсэн эр хүн байсныг үлдсэн үр хүүхдүүд нь ирж яваа цаг хугацааны уртад мэдрэх, бахархах болно оо.

Хэдэн бор найз чинь хэсэгтээ бүүдгэрхэн алхах нь. Д.Одбаяргүйгээр он жилүүдийн замд алхацгаах боллоо доо, найз нар минь. Өчигдөр үдийн цагаар Д.Одбаярынхаа ажлын газрын үүдээр өнгөрч явахдаа өөрийн эрхгүй өрөөнийх нь цонхыг ширтэн хэсэгхэн саатлаа, “Дүү минь чи ахыгаа баярлуулж явсан. Ах нь ганц удаа ч болтугай баярласан сэтгэлээ илэрхийлж чадсангүй дээ” хэмээн хэллээ. Тэр надаас хэдэн насаар дүү, намайг ах гэдэг байсан юм. Нэгэн шинэ жилийн өмнөхөн над руу залгаж “Ах ажилд ойрхон яваа бол ороод ирэх үү, эсвэл би тань руу дөхөх үү” гэж билээ. Хүн бүрээс гарахгүй тийм л сайхан сэтгэлээр тэр өдөр надад хандсан юм. Тэр өдөр хамтдаа авахуулсан сайхан зургийг саяхан тэр над руу илгээсэн байж билээ. Хожмын хойно, хойтын маргаашид үлдсэн үр хүүхдүүдийн чинь өмнө “Аав чинь жинхэнэ эр хүн байсан юм шүү” гэдгийг баталж, амьдралын замд үр хүүхэдтэй чинь ойрхон алхах болно оо, анд минь.

Чиний орж гарах дуртай орчин, хэдэн нөхөдтэйгөө бужигнадаг байсан тэр жижигхэн албан өрөөнд, чиний суудаг байсан буйдан дээр өнөөдөр найзууд чинь суугаад, чамайг дурсан зуу татна. Яадаг юм, яагаад болохгүй гэж… яваад өгдөг хорвоогийн энэ гашуун үнэнтэй ингэж тулахаас өөр арга алга. Өөр үг ч олдохгүй, гарахгүй байна. Чамтай дахин уулзахгүй амьдралын үнэнд итгэж ядан суугаа хэдэн муу найзыг чинь төлөөлөн сэтгэлийн зулыг ийнхүү тэрлэн сууж байна.

Өнөө өглөө ажил руугаа явж байхдаа саяхан чиний “Түгжрэлийг ингэж шийдэхээс өөр гарц байхгүй юм аа” хэмээн гадны туршлагуудыг ярьж байсан чинь, смарт хот болгох технологийн шийдлүүд, нийслэлд өнөөдөр байгаа нөөц боломжийг хэрхэн зөв ашиглах, хууль эрх зүйн ухаалаг зохицуулалт хийх… гээд ярьсан болгоныг чинь санаж сэрж явлаа. Тэрээр мэргэжлийн түвшинд ажиллаж, ярьснаа ажил болгохын төлөө зүтгэсэн. Д.Одбаяр маань санаж сэтгэж явсан сайн үйлсээ гүйцээж чадсан бол нийслэлийн хөгжилд мөн ч их хувь нэмэр болох байсан даа. Даанч амжсангүй. Тэр төрийн ажилдаа цаг наргүй хичээж байсан юм шүү, хаана ч таарсан, юу ч ярьсан хийж байгаа ажил руугаа хөтөлж оруулдаг. Заримдаа ч “Одоо өөр юм ярья аа” гэхээр цаг хугацаа алдаад байна шүү дээ, бид л хийхгүй бол өөр хэн энэ төлөвлөлтөө алдаж, ачаалал нь хэтэрсэн хотыг эмхэлж цэгцлэх юм бэ хэмээн зүтгэдэгсэн. Ингэж л ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн, чадалтай боловсон хүчнээ Монголын нийслэлийн удирдлагын баг эгнээнээсээ харамсалтайяа алдлаа.

Нөхөрлөхийн шалтгаан, ойлголцохын сайхан, зовлон жаргалын дунд хамтдаа зогсох мөн чанар, чанартай эр хүн… аль ч утгаараа анд нөхдөдөө Д.Одбаяр том бэлэг байлаа. Энэ бүгдийн үлгэр дуурайл байлаа. Тэр уучилж чаддаг эр хүн байсан, бас баргийн зүйлийг өнгөрөөж сурсан тэвчээр байсан. Д.Одбаяртай ойр дотно явсан он жил, цаг хугацаа бүхэн бидний сэтгэлд нандин дурсамж, бас үгүйлэгдэхийн шалтгаан болон үлдлээ.

Уйлж дуулж, уйтгарлаж бас баярлаж, улс төр ярьж, улс орны сайхан ирээдүйг зөгнөж, бидний хийж чадах зүйлс, бас чадахгүйн төлөө шаналж, эр хүмүүсийн хоржоонтой мэтгэлцээн, тамхины утаа суунагласан танхай өрөө, зарим нөхдийн маань том дуу, хэрээс хэтэрсэнд нь хэлж сануулах зангараг, чемоданаа чирцгээн алсын аянд гарсан тэр л өдрүүд, хөзрийн ард хоёр талцах найзуудын сайхан шуугиан… энэ бүхэн дунд одоо чи байхгүй. Гунигтай байна шүү. Яг үнэндээ найз минь чи дэндүү эрт буцаж байгаад чинь гомдолтой байна. Олон он жилийн дундуур өвгөн болтлоо хамтдаа алхацгаана гэдэгтээ бид итгэлтэй байсан биз дээ. Гэтэл энэхүү бүх хүсэл мөрөөдөл, угтан байгаа их ажлууд энэ өдрөөс хойш чамгүйгээр үргэлжлэх боллоо.

Сайн нөхрийнхөө хойноос нурах сэтгэл, урсах нулимсаа эр хүн би нуугаад яах вэ. Гарч ганц хундага дарс чиний төлөө тогтооё, ганц сайн хашгирч сэтгэлээ онгойлгоё, ингээд чамгүйгээр цааш алхах ажил амьдралын нүргээнт зам дээрээ гаръя даа. Чамаар найзууд чинь мөнхөд дутна, мөнхөд дурсана аа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *