-Фельетон-
Энэ Улаанбаатар хотын ойноос болоод хамаг юмныхаа учрыг олохоо байсаан. Нийслэлд төөрөх байтугай торох ой мод байхгүй болохоор тэмдэглэлт ойн тухай л ярьж байгаа хэрэг. Манай томыг гардаг жил 1984 онд Улаанбаатар хотын 60 жилийн ой болж байсан нь тодхон байна аа. Монголчууд чинь хүүхдийн наснаас эхлээд аливаа юмыг тэр үед болсон ой, содон үйл явдалтай уялдуулж тоолдог улс. Ухаандаа хууччуул бол “гамингийн жил төрсөн хүүхэд”, “хөрөнгө хураадгийн урьд намар болсон явдал”, “мичин жилийн зудны хойтон болсон хэрэг” гэхчилэнгээр он цагийг баримжаална. Харин арай шинэ үеийнхэн нь “намайг Зөвлөлтөд жуулчилдаг жил”, “эрдмийн зэрэг хамгаалахаас маань жилийн өмнө болсон хэрэг л дээ” , “Одонгийн найр болдгийн хойтонгийн явдал” гэх маягаар тооцно.
Би ч хүүхдээ Улаанбаатарын 60 жилээр төрсөн гээд сайн баримжаатай явсан хэрэг. Тэгсэн чинь 10 төгсгөдөг жил нь Улаанбаатарын 360 жилийн ойг тэмдэглэх нь тэр. Толгой бүр эргэж гүйцсэн. Манай хүүхэд чинь Улаанбаатарын 60 жилээр төрсөн хүүхэд гээд ярихаар 332 настай болох нь дүүрч гэхэд надаас 292 насаар ах болоод явчихлаа. Энэ жил Улаанбаатарын 370 жил гээд бодохоор манай хүүхэд 310 хүрч байгаа болтой юм аа.
Би өөрөө болохоор мал нийгэмчилдэг жил төрсөн тулдаа нэгдэлжих хөдөлгөөний ойгоор насаа тааруулаад болоод явдаг амархан байсан. Аз дутахад ардчиллаас болоод нэгдэлжих хөдөлгөөн ялсны ойг тэмдэглэхээ байчихлаа. Өнөө “Хүргэн хүү” кинон дээр “Сэрээнэн дарга маань ч ажлаасаа халагдаад явчихлаа” гэдэг шиг юм болсон. Гэхдээ оргүйд орвол охинтой гэгчээр хүүхдээсээ төд дүү байх учиртай гэдэг баримжаа бол байх нь байна.
Гэтэл сая нэг эрдэмтэн бичжээ. Монгол Улсын нийслэлийг эзэн Чингэс хааны байгуулсан Хархорумаар тоолж 790 жилийн ойг нь энэ жил тэмдэглэх учиртай гэсэн байх юм. Чингэвэл би хүүхдээсээ даруй 730-аар дүү болж таарах нь, улам л залуужаад зүгээр ч юм уу?
Гэхдээ зарим хүнийг бодоход би азтай байгаа л даа. Андын маань хүүхэд Октябрийн районы 10 жилийн ойгоор төрсөн гэж байгаа. Гэтэл район нь дүүрэг болоод бас нэрээ солиод 1992 оноос насаа шинээр тоолж эхэлжээ. Найзын маань 17-той хүү өвдөж хавдлаа гэхэд шууд л нэгдүгээр төрөхийн нярайн тасагт хэвтэх болсон хэрэг. Тэр хүү хойтон нь гэрлэж ой зургаан сартайдаа үрийн зулай үнэрлэснийг дурдаад эл түүхийг орхиё доо.
Гэхдээ учир нь олддоггүй ойнуудад ч зөв мэнэжмэнт хийвэл бас нөөц байна аа. Нэг найз маань хаваржингаа төрсөн өдрөө тэмдэглэдэг гэж байгаа. Мань хүн нийтийн он тооллын 3 сарын 10-нд төрсөн байгаа юм. Тэр өдрөө мэдээж тэмдэглэнэ. Гэтэл нийтийн тооллын тэр өдөр нь дорнын зурхайн хаврын дунд сарын шинийн найман байсан байгаа юм. Тэрбишийн зурхайг харж байгаад тэрийгээ бас ёслоно. Ингээд зогсохгүй ээ. Гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригт төрсөн гэдгээ орхих нь тусгүй гэж үздэг. Дээр нь мөн тэр өөрийн мэндэлсэн “цагаагчин туулай” өдөр, улмаар өдрийн барилдлага, шүтэн барилдлагаар тааруулж бас тэмдэглэнэ. “Миний бие хаврын дунд сарын хамгийн эхний шороо махбодтой өдөр төрсөн, тэрийгээ л тэмдэглэж сууна, чамайг урьж байна” гэхэд яаж хоосон очих билээ. Ямар азаар балжинням, дашнямтай өдөр төрөөгүй юм бэ? Тэгсэн бол жилд хичнээн ч тэмдэглээ билээ.
Яах гэж үүнийг ярив аа гэхээр сая хотынхоо ямар нэгэн түүхт ойг угтан гол замынхаа гол хэсгийг сайхан засаад авбаа даа. Гэтэл ой ганц, зам ганцгүй байдаг. Учир иймд хотынхоо ойг З7О-аар нэг тэмдэглэснээрээ тэмдэглэе. Залгуулаад Улаанбаатар гэгдэх болсноор ёслохын тулд Бага тойруугийн замыг янзлаад, улмаар Чингэсийнхээр тооцоолж баярлахдаа Их тойруугийн замыг засаад явчихмаар санагдаад байна. Энэ зуур замаа засаж дуусахгүй бол анх хот байгуулагдахад ямар амьтанд харгалдах жил, махбод, мэнгэ, суудал зэрэг таарснаар нь дахин дахин бодоод байхад ямар ч л байсан тэмдэглүүштэй ой гараад л ирнэ. Ой ар араасаа цувраад далимд нь зам сайхан болоод байна гэсэн үг. Хэдийгээр гадныхан биднийг “импотентоо мэдэхгүй презерватив хураав” гэгчээр юун ч ойсог юм билээ гэж шоолбол шоолж л байг. Байгаа юманд учир олдоно шүү дээ.
2009 оны
11 сарын 17