Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан бие

90 60 90 хэмээх стандарт хэмжээ моодноос гарч гэнэ. Сайхан хүүхэнд дуртай эрчүүд эсэргүүцээд хэрэггүй. Мэдээж ийм биетэй хүүхнүүд алга болчихгүй. Зүгээр л сайхан хэмээх ойлголт энгийн болсон талаар л ярих гэсэн юм. Эмэгтэй хүн бүхэн сайхан биетэй. Нас шүд, тарган туранхай, хөгшин залуу, хар, бор, шар ялгаагүй байгалиас заяасан бүхэн сайхан гэсэн үг л дээ. Загвар өмсөгч, мисс хүүхнүүд шүтээн байгаа нөхцөлд охид болгон шахуу тэдэн шиг болохыг хүснэ.  Өөрийгөө голох, эхээс төрсөн биеэ мэс заслын аргаар ч болтугай сайжруулах гэж туйлширдаг. Энэ бүхэн хүн төрөлхтөний туулаад ирсэн зам. Байгалиас заяасан сайхныг засварлана гэдэг сайн сонголт гэж үү. За тэгээд загвар өмсөгч, миссүүд жаргадаг гэсэн хууль хаана байна. “Хамгийн сайхан цэцэг хамгийн түрүүнд тасдуулдаг” гэсэн үг байдаг. Хамгийн жаргалтай хүүхнүүд бол сайхан ч биш муухай ч биш жирийн эмэгтэйчүүд л байдаг. 

Тэдэнд  бусдын нүдний хор шингэдэггүй. Далд сайхныг нь мэдэрсэн залуутай ханилаад, насаараа жаргалтай амьдрах нь олонтаа. Өөрчлөлтийг дэмждэг Залуу эмэгтэйчүүдийн клубээс “Сайхан бие” төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэдний гаргах үзэсгэлэнгээс сайхны тухай шинэ хандлагыг мэдрээрэй. Амьдрал улам л энгийн болж байна. Хар арьст хүүхэлдэйнүүд тоглоомын ертөнцөд орж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  өөрсөдтэйгээ адилхан хүүхэлдэйгээр тоглох боломжтой болсон гэнэ. Ийм хүүхэлдэйнүүд тэдэнд бусдаас өөр биш харин бусдын л адил хүн гэдгийг нь мэдрүүлэх учиртай. Оддын клипүүдэд зөвхөн хөөрхөн сайхан бүсгүйчүүд гол дүр байхаа больжээ. Тэд жирийн хүмүүсээр уран бүтээлээ чимдэг болж. Жирийн хүмүүсээр дүүрэн хорвоо юм чинь эгэл жирийн гоо сайхан үнэд орохгүй яах билээ.

Б.ЯНЖМАА