“Нэг ангийнхан”
булангийн энэ удаагийн зочноор Монголын эрүүл мэндийн салбарт үеийн үед
дурсагдах түүхэн гавьяа байгуулсан хамт олон уригдсан юм. Монгол Улсын их
сургуулийн хүн эмнэлгийн ангид 1950 онд анх удаа олон оюутан элсүүлэхээр болж
нийт таван бүлгийг нэгтгэн 150 оюутан нэг ангид хуваарилжээ. Тухайн үед
сургуулийн ректорын албыг Б.Ширэндэв хашиж байсан аж. Орос оюутнууд, Офицерын
сургуулийнхан гээд таван бүлгээс бүрдсэн хүн эмнэлгийн анхны олон төгсөгчтэй
анги сургуулиа дүүргээд өдгөө 60 жилийн ойтойгоо золгож байна. Зуун тавин оюутнаас
ар гэрийн гачигдал болон шалгалтдаа унаж улирсан зэрэг олон шалтгааны улмаас
хасагдсаар 93 оюутан 1955 онд хүн эмнэлгийн мэргэжил эзэмшин амьдралд хөл
тавьж байжээ.
Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургуулийн зөвлөх багш, эрдэмтэн Л.Буджав, Монгол Улсын гавьяат
багш профессор Т.Батсүх нар “Биднийг төгсөх үед Намын төв хорооноос шууд томилж
бүгд л хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвд хуваарилагдсан. Манай ангийнхан Монголын
эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өдгөө бидний
шавь нар энэ салбарыг авч явж байна. Яахав эмч гэдэг хүний алтан амийг аюулаас аврах
тангараг өргөсөн юм хойно ямар бид тэгсэн ингэсэн гээд нэг бүрчлэн ярих биш. Эргээд
харахад эмч мэргэжлээрээ бахархах сэтгэл хаа нэг төрнө” хэмээн даруухан өгүүлсэн
юм. Үнэндээ тус ангиас төрсөн алдартай төр нийгмийн зүтгэлтнүүд олон билээ. Эдний
ангиас Эрүүлийг хамгаалахын сайд асан Ч.Цэрэннадмид, дэд сайд С.Дүгэржав, хэлтсийн
дарга Л.Буджав, Т.Гомбосүрэн зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд төрөн гарсан
бол Төрийн соёрхолт дөрвөн хүн байдаг аж. Тодруулбал, Төрийн соёрхолт ардын уран
зохиолч С.Эрдэнэ, эмнэлгийн анхны Ардын эмч Р.Пүрэв, дэд профессор Г.Дэмид, эрдэмтэн
Ё.Бодьхүү нар юм. Мөн профессор Т.Батсүх, доктор профессор А.Өлзийхутаг, ардын эмч
Ч.Цэрэннадмид, Д.Бадарчин, О.Лхамсүрэн зэрэг таван гавьяат эмч, 18 эрдэмтэн, профессор,
дэд профессор долоон хүн энэ ангиас мэндэлжээ. Түүнчлэн нийслэл болоод орон нутгийн
эрүүл мэндийн байгууллагын даргаар ихэвчлэн ажиллаж байсан туршлагатай, манлайлагч
анги юм. МУИС-ийн хүн эмнэлгийн ангийг 1955 онд төгссөн тэд улс эх орныхоо эрүүл
мэндийн салбарт хэрхэн гар бие оролцож явснаа үечлэн дурсав. Тухайлбал,
1950-1960 оны үед нийслэл болоод аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг их эмчтэй болгож бэхжүүлэхэд
Намын төв хорооноос даалган тэднийг орон нутагт томилж байжээ. Тэдний төгсөлтийнхөн
орон нутгийн эмнэлгүүдэд томилогдсоноор аймгийн эмнэлгүүд анх удаа их эмчтэй болж
бүтцийн хувьд жигдэрсэн гэсэн үг. Ингээд 1970-1980 оны хооронд улсын нарийн мэргэжлийн
эмнэлэг төвүүдийг байгуулахад, сум дундын эмнэлгүүдийг байгуулахад гар бие оролцон
боловсон хүчний чухал суурь бааз болж өгсөн гэдэг. Үүнээс хойш эдний ангийн төгсөгчид
сурсан мэдсэн зүйлээ залуу үе, ирээдүй хойчдоо зааж сургах, өвлүүлэх ажилд түлхүү
анхаарлаа хандуулах болсон талаар ахмад эмч нар ярьж байлаа.
Учир нь тэдний туршлага
өнөөдрийн эрүүл мэндийн салбарт дахин давтагдашгүй үнэт өв болох юм. 1955 онд Монголын
эрүүл мэндийн салбарт ханцуй шамлан орж ирж байсан залуусаас өдгөө 16 нь л ажиллаж,
зарим нь тэтгэвэртээ гарчээ. Одоогоор АШУҮИС-д Л.Буджав, Т.Батсүх, Ч.Цэрэннадмид,
А.Өлзийхутаг, Ц.Тажаа зэрэг таван багш зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Оюутны
ширээнд мөр зэрэгцэн суух нандин үеэ тэд дурсахдаа “Тухайн үед өнөөдрийн залуус
шиг бүх зүйл нь бэлэн, нээлттэй байгаагүй. Техникийн хөгжил дэвшил ч маруухан байлаа.
Бид сургууль, номын сан, оюутны байр хооронд л таван жил жирийлгэсэн дээ. Европ
хувцас мода болж байсан үе. Саравчтай малгай, дан хослолтой л өвөлждөг байлаа шүү
дээ. Даарч хөрөхийг мэдэхгүй. Ёстой л галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй
байж дээ” хэмээн хуучилж нэгнээ цаашлуулан ёжтойхон инээнэ. Тэр үед сар бүр оюутны
тэтгэлэг өгдөг байж. Эцэг, эх нь оюутан хүүхдээ тэр болгон эргээд байх биш. Улирлын
амралтаараа л гэрийнхэнтэйгээ уулзана. Тийм болохоор оюутны тэтгэлгээрээ амьдарна.
Хичээлдээ онц сурвал сардаа 200 орчим төгрөгийн тэтгэлэг авчихна. Түүгээрээ сургуулийнхаа
ард байрлах хятад хоолны газарт орж хуйцаа, цуйван, хуушуур авч иднэ. Мөн хятад
дэлгүүр их байсан үе гэнэ. Ангийн хүүхдүүдийн 60 хувь нь хөвгүүд. Тиймээс ангийн
цөөнх охидоо бусад ангийнхнаас их өмгөөлж, хамгаална. Хааяа хөвгүүд охин найрахдаа
сургуулийн ойролцоох хятад дэлгүүрээс талх, нарийн боов авч өгдөг байжээ. Мэдээж
оюутнууд болсон хойно чөлөөт цагаа аль болох зугаатай өнгөрүүлэхийг хичээж Лениний
клубт очиж бүжигт ордог байж. Мөн “Улаанбаатар”, “Элдэв-Очир”, “Ард”, “Дека” гээд кино театрт шинэ кино ирэх
болгонд очиж үздэг байсан тухайгаа гавьяат эмч Т.Батсүх хэлэв. Ихэвчлэн Оросын кино
үзнэ. Намын түүх, нийгмийн ухааны хичээлээс бусад бүх хичээл орос хэл дээр орох
бөгөөд монгол багш нартайгаа ч оросоор харилцдаг байсан болоод тэр үү ангиараа оросоор
маш сайн ярьдаг гэнэ. Тухайн үеийн оюутнуудын бас нэг очдог газар нь Дотоод яам,
Улаанхуарангийн халуун усны газар. Эдний ангийнхан нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй
оролцдог байжээ. Тухайн үед улс нийгмийн асуудал хүнд байсан. Арьс өнгө, сүрьеэ
эмчлэхээр ажиллаж өвчилсөн хүн амын 80 хувийг эрүүлжүүлсэн гэнэ. Уг ажиллагаанд
ангиараа дайчлагдаж Оросын эмч нартай хамтарч ажиллаж байжээ. Мөн тарваган тахлын
голомтод ажилласан гэж ангийн нөхөр Ц.Чулуунбаатар “Шударга журам” медалиар шагнуулж
байсан бол Баянхонгор аймагт болсон газар хөдлөлтийн голомтод мөн л тус ангийн Ё.Бодьхүү,
Т.Гомбосүрэн, Ч.Цэрэннадмид, Г.Данзан нар ажиллаж хүн малд эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Үүнийг нь төр засаг үнэлж эдгээр оюутныг “Алтан гадас” одонгоор шагнаж байсан тухай
ярив. Хичээл сурлагадаа ч манлайлагч байсан байна. Хэрвээ хоёр шалгалтад унах л
юм бол одоогийнх шиг дахин шалгалт гэсэн ойлголтгүй учраас шууд л улирна. Тиймээс
ч бүгд л хичээнэ. Ямар сайндаа л практикт хэрэглэж байсан хүний гавлын ясыг гэр
рүүгээ авч яваад гэрийнхнийхээ зүрхийг зогсоох шахна. Эсвэл оюутны байрныхаа орон
доогуур хүний араг яс аваачаад хийчихнэ. Түүнийг нь цэвэрлэгээ хийж явсан жижүүр
хараад ухаан алдахаас эхлээд олон ч хөгтэй явдал тохиолддог байж. Бүр анх өөрсдөө
ч хүний цогцос дээр ажиллаж чадахгүй уйлж байсан тухайгаа ярив. Түүнчлэн Ч.Шарав
анатомийн хичээл дээр шалгалт өгч байх үедээ азаар онц, авсан тухай ангийн нөхөд
нь хуучлав. Багш нь шалгалт авч латинаар эрүүний ясыг юу гэж нэрлэдэг вэ гэж асуухад хашир
“Энэ моньдийг юу гэж хэлдэг билээ” гэсэн чинь багш нь онц суу гэжээ. Учир нь латинаар
эрүний ясыг “мандивул” гэдэг юмсанж. Энэ мэт хөгтэй явдал их гэнэ.
Энэхүү төгсөлтийнхөн
монголын эрүүл мэндийн бүхий л салбарт ажиллаж байсан талаар дээр дурдсан. Төрийн
соёрхолт, ардын эмч Р.Пүрэв энэ ангийн төгсөгч. Тэрээр Монголд анх томографикийн
шинжилгээ, оношилгоог нэвтрүүлсэн төдийгүй рентгений чиглэлээр гаргууд мэргэшсэн
нэгэн. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь тархи нүд нь яг л “Компьютер” шиг гэж шагшдаг
байжээ. Мөн мэс заслын Б.Доржготов, Д.Жодов,
Г.Дэгмид, халдвар судлалын Т.Гомбосүрэн, Н.Багаажав, эх барихын Б.Лувсан-Ёндов,
эрүүл ахуйн Ц.Тажаа, хоол судлалын Ш.Чадраабал, био анаагах эмгэг судлалч Б.Гомбо,
хүүхдийн Ж.Самданцоодол, сэтгэц судлалын Б.Чойдог, цус судлалын Ч.Шарав нар эрдмийн
зэрэг хамгаалсан байдаг бол зүрх судлалаар
Ч.Дондог, Ч.Норовдорж, физик эмчилгээгээр
А.Уазера, А.Цэцэгдарь, гоц халдварт чиглэлээр Л.Даваа, Ц.Чулуунбаатар, Б.Цэцэг,
хүүхэд, эх барих чиглэлээр П.Ядмаа болон Н.Цэрэндулам, Ж.Аюушжав, Х.Дулмаа, Р.Ядамсүрэн,
Д.Цэрэндаш, Б.Жамсран, А.Пагма нараас гадна энд нэр нь дурдаагүй ард түмэнд танигдсан
эмч нар олон. Мөн гадаадад урилгаар ажилласан
эмч цөөнгүй бий гэсэн. Зүү төөнүүрийн мэргэжилтэй Д.Бадарч Оросын Кремлийн эмнэлэгт
уригдаж байсан гээд ангийнхны алдрыг дурдвал их ажээ.