БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж бололцоо, Куба улсын аялал жуулчлалын өнөөгийн хөгжлийн талаар санал солилцов. Ноён Элчин сайд Раул Дэлгадо Консепсион уулзалтын эхэнд БОАЖ-ын сайдыг хүлээн авч уулзаж байгаад талархан, Куба Улс Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Улсынхаа эдийн засагт жилдээ 6,5 тэрбум ам.долларын орлого оруулдаг томоохон салбар нь аялал жуулчлал юм. Зөвлөлт холбоот улс задран унах хүртэл Кубийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь элсэн чихэр байсан байна. Үүнээс хойш аялал жуулчлалаа асар богино хугацаанд хөгжүүлж чадсанаар өдгөө жилдээ дөрвөн сая гаруй жуулчин хүлээж авдаг, жуулчлалаараа тэргүүлэгч орнуудын нэг болж чаджээ. . Ноён Элчин сайд “Манай улс аялал жуулчлалаа хөгжүүлэх ямар л боломж бололцоо байна тэр бүхнийгээ ашиглаж байгаа. Хамгийн гол нь бүх үйлчилгээ чанартай байх ёстой. Монгол Улс үзэсгэлэнтэй байгаль, соёл урлагийн асар их өвтэй. Тиймээс танай орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бид бүхий л талаараа дэмжин, хамтран ажиллана” гэв.
Куба улс өнгөрсөн жил дөрвөн сая жуулчин хүлээн авчээ. Үүнийг 2015 онтой харьцуулахад тус улсыг зорих жуулчдын тоо 26 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Жуулчдын ихэнх хувийг АНУ, Канад, Герман зэрэг орны жуулчид эзэлсэн байна. АНУ-аас ирэх жуулчдын тоо маш хурдацтай өсч байгааг ноён Элчин сайд Раул Дэлгадо Консепсион энэ үеэр онцолсон юм. АНУ-аас ирэх жуулчдын тоо 2016 онд өмнөх оныхоос 76 хувиар өсчээ. Тодруулбал, 2015 онд 168 мянган орчим АНУ-ын иргэн Куба улсад жуулчилсан бол энэ тоо 2016 онд 368 мянган болж 125 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Аялал жуулчлалын бие даасан яам байхаас гадна зөөгчөөс эхлээд зочид буудлын ресепшн бэлтгэдэг аялал жуучлалын их сургуультай ажээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бид Куба улсын аялал жуулчлалын хөгжлөөс суралцах их зүйл байгааг олж харлаа. Мөн энэ салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Монгол Улс мал аж ахуй, уул уурхай дээр түшиглэсэн хүрэн эдийн засагтай. Цаашдаа эдийн засгаа солонгоруулах шаардлага байна. Хэрэв Бүгд Найрамдах Куба Улсын Аялал жуулчлалын яам хамтран ажиллах санамж бичгийн төслийг боловсруулан Монголын талд ирүүлбэл Монгол Улсын БОАЖЯ, яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигг байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно” хэмээлээ.