Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Тайванийг зорино

Манай улсад VI удаагийн Сагсан бөмбөгийн Азийн Оюутны эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Тайвань улсад 9 сарын 6-11-ний өдрүүдэд эмэгтэй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох аж.

Олон улсын оюутны спортын холбооны зохион байгуулалтаар явагдах энэ тэмцээнд оролцохоор Монгол Улсын оюутны эмэгтэй шигшээ баг маргааш буюу есдүгээр сарын 1-нд эх орноосоо мордох гэж байна.
Манай багийн хувьд 12 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд оролцоно.

Одоогоор тэмцээний сугалаа болон оноолт хараахан гараагүй байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 9 сарын 6-нд Тайвань улсад болох бол, тоглолтууд 9-р сарын 7-ноос эхлэх аж.
Баг тамирчид сарын өмнөөс дасгалжуулагч Б.Болормаа, Б.Баярмагнай удирдлагаар бэлтгэлдээ гарсан ба зөвлөх багшаар МУГД Ц. Цэвэрбал ажиллажээ.

МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Цэвэрбал баг тамирчдаа бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор ханган 4 тамирчны тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж өгчээ.

Тэмцээнд оролцож чадахгүй шахуу болоод байсан хүндрэлийг хоёр холбоо хамтран шийдвэрлэсэнд Эмэгтэй Залуучуудын шигшээ багийнхан туйлын баяртай байгаагаа илэрхийлж, тэмцээнд өндөр амжилтын төлөө тоглох итгэл, зорилго дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

Өчигдөр буюу Мягмар гарагт МСБХ болон МҮСБХ-ны удирдлагууд баг тамирчиддаа тоглолтын өмсгөлийг нь гардуулан өгч амжилт хүсчээ.
Манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй Залуучуудын шигшээ багийн хувьд олон улсын хэмжээнд оролцох гэж байгаа 2 дахь тэмцээн нь бөгөөд өмнө нь 2013 онд ОХУ-н Казань хотод болсон Дэлхийн Оюутны Универсиад наадамд анх оролцож байсан түүхтэй.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *