-МИНИЙ ДҮҮ ЭНЭ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НЬ ХУВЬ ЗАЯАНЫ АЗГҮЙ ТОХИОЛДОЛ ЮМ ДАА-
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэн хоригдож буй гэх Т.Чимгээг шоронгоос суллахыг шаардан төрсөн ах Т.Хүрэлбат “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний хажууд өлсгөлөн зарлаад байгаа юм. Ингээд түүнтэй ярилцснаа хүргэе.
-Таны өлсгөлөн зарлах болсон шалтгаан юу вэ?
-Өөрийн төрсөн дүү болох Т.Чимгээг суллуулахыг хүсч байна. Түүнийг гэм буруугүй гэдгийг батлах, нотлох баримт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдлаа шүү дээ. Т.Чимгээгийн эрүү шүүлтэд удаа дараа орсон бичлэг, амгаланбаатарын “надад 500 сая төгрөг амласан учраас Т.Чимгээг гүтгэсэн” гэх яриа болон С.зориг агсны гэргий Б.Булганы “Тухайн үед ийм хүмүүс хараагүй” гэх мэдүүлэг зэрэг олон баримт нотолгооноос миний дүү буруугүй гэдэг нь батлагддаг. Өнгөрсөн хугацаанд бид хангалттай хүлээлээ. Одоо “дээс томж найзыгаа аврахын үлгэр” болсон шүүхийн шийдвэрийг хүлээмээргүй байна. Энэ хугацаанд хүний амь нас минут секундээр хэмжигдэж байна. Тиймээс би дүүгийнхээ эрх чөлөөг өөрийн амь насаар дэнчин тавиад өлсгөлөн зарлачихаад сууж байна.
-С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байгаа таны дүү Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой хэрэг улс төрийн “шоу” боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Миний дүү Т.Чимгээ хилс хэргээр хоригдоод таван жил долоон сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд энэхүү хэргийг ямар нэгэн байдлаар улс төрийн зорилгоор ашиглах байдал ажиглагдсан. Гэхдээ улстөрчдийн дотор энэ хэргийн үнэн мөнийг санаатайгаар илрүүлэхгүй дарж байхыг хүсч байгаа “хар хүч”-нийхэн ч бий. Сүүлдээ хэн нь хэн бэ гэдгийг тогтооход ч хэцүү боллоо.
Тиймээс өнөөдөр надад өөртөө л найдахаас өөр арга алга. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би шүүхийн байгууллага асуудлыг үнэн зөвөөр шийдэх болов уу гэж итгэж хүлээсэн. Гэтэл итгэж найдах юу ч байхгүй юм байна гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа эмэгтэй хүнийг ухаан алдуулж, нүцгэн зургийг нь авах нь мөрдөн байцаах ажилд ямар хэрэгтэй гэдгийг одоо болтол ойлгохгүй байгаа. Зайлшгүй тийм зүйл хийх шаардлагатай бол хууль дүрмийнхээ дагуу эмчийн үзлэгт оруулах ёстой биз дээ. Өнөөдөр миний дүүг нүцгэн гараараа хутга бариад С.Зориг агсны амь насыг хохироосон гэж буруутгаад байгаа биз дээ. Гэтэл түүний нүцгэн биений зураг хэнд хэрэгтэй байсан юм бэ. Ингэж эх хүнийг, эмэгтэй хүнийг доромжилж, дарамталж, хүний эрхийг уландаа гишгэсэн баримтууд байна шүү дээ. Иргэд бүгдээрээ Монголын хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажилладгийг нүдээрээ харлаа. Үнэхээр Т.Чимгээ нүцгэн гараараа хүн хутгалаад алчихсан юм бол хутган дээр нь үлдсэн хурууны хээг нь гаргаад ир л дээ. Гэтэл тийм зүйл байхгүй. Төрийн нууц гээд халгаадаггүй. Төрийн нууцад “Т.Чимгээгийн хутган дээр үлдсэн хурууны хээ” ямар хэрэгтэй юм бэ. Тиймээс энэ бүх гүтгэлэг зодуур, нүдүүр,доромжлол, дарамтанд миний дүүг оруулж энэ хэргийг хүчээр тохсон. Тиймээс би өөртөө найдъя, өлсгөлөн зарлая гэж шийдсэн.
-Та ҮАБЗ-ийн гурван гишүүнд гэрээслэл үлдээснийгээ хүргүүлсэн гэлээ. Гэрээслэлийн гол утга юу вэ?
-Гэрээслэлийн тухайд төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буйТ.Чимгээг шоронгоос суллах хүртэл төрсөн ах Т.Хүрэлбат миний бие амь насаа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Миний амь нас хохирч болно. Гэхдээ намайг үхчихээр энэ хэрэг намжчихгүй. Миний ах дүү нар дараагийн ямар тэмцлийн хэлбэрт шилжихийг би хэлж мэдэхгүй байна. Тиймээс миний амь нас эрсдвэл хариуцлагыг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц хүлээнэ шүү гэдгийг гэрээслэн үлдээсэн.
-Хамгийн сүүлд Т.Чимгээтэй хэзээ уулзсан бэ?
-Гуравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд Т.Чимгээ дээр очих үеэр хорих ангид очсон боловч намайг уулзуулаагүй. Үүнээс хоёр сар орчмын өмнө очиж уулзсан. “Энэ хэрэг хэзээ эцэслэгдэн шийдэгдэж суллагдах юм бол доо”гээд цөхрөнгөө барчихсан байсан. Ажилдаа явж байхад нь л барьж аваад хорьчихсон. Энэ хугацаанд үгээр хэлшгүй бэрхийг тууллаа. Түүний сэтгэл зүй маш хүнд байгаа. Тиймээс нэг минутын өмнө боловч гаргамаар байна. Тиймээс ч би энд сууж байгаа.
-Танайх эхээс хэдүүлээ вэ. Та Т.Чимгээгийн хэд дэх ах нь вэ?
– Бид эхээс есүүлээ. Манайх Дорноговийн айл. Т.Чимгээ хоёр ахтай. Ингээд Т.Чимгээ Эрдэнэтэд айлын бэр болоод тэндээ амьдарч байсан. Гурван хүүхдийн ээж. Ийнхүү эгэл жирийн амьдрал үргэлжилж байхад 2015 оны наймдугаар сарын 31-нд түүнийг хилсээр барьж хорьсон. Тухайн үед Т.Чимгээгийн талийгаач охин нь ажил хийдэг байсан. Ингээд ээждээ санаа зовоод сайн лам дээр очих гэж явж байхдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. Гэхдээ одоо хүртэл зам тээврийн осолд орсон уу, оруулсан уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь “Чи хэргээ хүлээчихсэн бол ийм зүйл болохгүй байсан шүү дээ” гэдэг зүйлийг хууль бусаар Т.Чимгээгийн нүцгэн зургийг авсан хүмүүс хэлж байсан юм билээ. Тиймээс Т.Чимгээ “Миний охины амийг хөнөөсөн юм байна” гэж хардаад энэ хэргийг дахин шалгуулах хүсэлт өгсөн юм билээ.
-С.Зориг агсан 1998 онд амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл, 22 жилийн өмнө тус хэрэг үйлдэгдсэн. Тухайн үед таны дүү хаана юу хийж байсан юм бол. Энэ хэрэгт холбогдох болсон шалтгаан юу юм бэ?
– Тухайн хэрэг үйлдэгдэх үед Т.Чимгээ гурван хүүхдээ аваад Дорноговьд эмээг асарч байсан. Бага хүүхэд нь хоёр настай байсан. Тухайн үед С. Зориг агсны хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт миний дүүг татах шалтгаан юу байсан бэ гэхээр С.Зориг агсны хэрэг улс төрийн маш том хэрэг. Тиймээс улстөрчдөд С.Зориг агсны хэргийг ямар нэгэн байдлаар хаах процесс хэрэгтэй болсон. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэх бүдэг бадаг дүр гараад ирчихсэн байсан. Тиймээс түүнд тохирох дүр олж эзэнжүүлэх шаардлага гарсан. Яг энэ үед Т.Чимгээгийн нөхрийн дүү Амгаланбаатар хүн амины хэргээр шоронд ял эдэлсэн. Түүний хувьд жаахан урт гартай. Гэрийнхээ юмыг аваачаад зарчихдаг. Т.Чимгээгийн гэрийн бурхан тахилыг ч аваад зарсан тохиолдол бий. Тиймээс нэг удаа Т.Чимгээ Амгаланбаатарыг цагдаад өгч байсан юм билээ. Ингээд Амгаланбаатарыг хүн амины хэргээр ял эдэлж байх хугацаанд тагнуулын байгууллага шоронгоос С.Зориг агсны хэрэгт тохирох дүрийг хайх ажиллагааг эхлүүлсэн. Энэ талаар Амгаланбаатар “Намайг шоронд хоёр сайн ах харж хандаж” байгаа хэмээн ярьсан байдаг. Өнөөх сайн ах нар нь Т.Чимгээгийн нүцгэн зургийг авдаг нөхдүүд байсан юм билээ. Ингээд Амгаланбаатарын ах дүү хамаатан саданг судлаад Т.Чимгээ С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдах эмэгтэйн дүрд тохирсон. Тиймээс Амгаланбаатарыг ятгаад Т.Чимгээ “Чамайг цагдаад хүртэл барьж өгч байсан шүү дээ” гэх мэт байдлаар түүний эсрэг ашигласан. Ингээд Амгаланбаатарт 500 сая төгрөг өгч гадаадад гаргана гэж амлаад миний дүүг гүтгүүлсэн. Миний дүү энэ хэрэгт холбогдсон нь хувь заяаны азгүй тохиолдол юм даа. Түүнээс биш улс төрийн том зүтгэлтнийг Сайншандад хүүхдүүдийн хамт байсан эмэгтэй очоод амь насыг нь хохироочихгүй шүү дээ.
-Танай ээж хэдэн настай хүн байна. Та өнгөрсөн хугацаанд олон зүйл ээжээсээ нуусан. Одоо ээждээ юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна гэж хэлж байсан шүү дээ?
-Миний ээж 80 гаруй насны хөгшин бий. Охин үр нь хүний эрхэнд орчихсон байгаа эх хүн бүтэн нойртой хонодог гэвэл би итгэхгүй. Аяга хоол идсэн ч “Охин минь яаж байгаа бол, хоол хоолойгоор ч давахгүй юм” гээд л уйлдаг. Бараг зургаан жилийн турш би ээждээ худлаа ярилаа. Нэг том дарга, сайд нь очиж уулзлаа. Одоо л хэрэг нь шийдэгдэх байх гээд л утсаар худлаа хэлдэг. Одоо тартагтаа тулж байна. Ээж ч миний үгэнд үнэмшихээ больсон. Ээж минь “Би охиныхоо төлөө шүүхийн өмнө очоод үхэхэд гомдол байхгүй” гэдэг. Тэр хөгшин нэг зүтгээд энд ирээд хэвтчихвэл би яаж ч хорьж дийлэхгүй. Тиймээс би өөрөөрөө дэнчин тавьсан. Ээжийгээ үхэхийг харснаас би өөрөө үхсэн нь дээр.
-Т.Чимгээг хоригдсоноос хойш ямар нэгэн байдлаар өлсгөлөн, суулт зарлаж байсан уу?
– Ийм арга зам өмнө нь огт сонгож байгаагүй. Учир нь бид төр засгаа хүндэтгэж байсан. Саяхан олон нийтэд ил болгосон эрүү шүүлтийн дараа ч “Төв аймгийн шүүх учрыг нь олж үнэнийг тогтоох байх” гэж бодож байсан. Гэтэл юу ч өөрчлөгдсөнгүй. Тиймээс өөртөө итгэж энэ тэмцлийг эхлүүлсэн.
-Тэмцэл нь үр дүнд хүрэхгүй бол яах вэ. Эрсдэлээ тооцоолж үзсэн болов уу?
-Би Т.Чимгээг суллах хүртэл өлсгөлөн зарлана хэмээн амь насаараа дэнчин тавьсан. Магадгүй миний амь нас хохирч болно. Үнэндээ миний ээж Т.Чимгээг шоронд хилсээр хэрэг хүлээж байх хугацаанд сэтгэл зүй нь дийлэхгүй үхэх, эсвэл би талбай дээр өлсгөлөн зарлаж байгаад үхэх болоод байна. Аль ч утгаараа миний дүүгийн эрх чөлөө амь насны төлөөс нэхээд байна. Би айлын том хүү, том ахын хувьд хариуцлага хүлээх ёстой. Би өөрийн амиа хаацайлаад дүүгээ шоронд үхүүлчихмээргүй байна. Тиймээс би үхье.
-Та бодвол хүний хань, үрийн аав л байх. Хүний амь нас гэдэг хайран шүү дээ?
-Би хүний хань, хүүхдүүдийн аав. Гэхдээ хүүхдүүд маань том болчихсон учраас намайг шударга үнэний төлөө тэмцсэнийг ойлгох байх. Өнөөдөр шүүхийн шийдвэрээр Т.Чимгээг суллана гээд өчнөөн жил боллоо. Хэрвээ хууль шүүхийн байгууллагынханд жаахан боловч сэтгэл байсан бол гаргалгаа зөндөө бий. Байг гэхэд Монгол Улс даяараа харж байгаа тэмээнээс тэмдэгтэй хүнийг гэрээр нь байлгаад намайг манаж байгаа цагдаа нараар Т.Чимгээг мануулаад байцаалтаа авчихаж болно шүү дээ. Тэгээд хэргийн үнэн мөнийг тогтоочихвол ямар ч асуудал алга. Гэтэл шоронд хорьж байх хугацаандаа дарамталж, зовоодог. Т.Чимгээг гаргахыг хүсвэл олон боломж бий. Гэтэл хүсэхээсээ хүсэхгүй хүн олон байгаа нь харамсалтай. Аз байвал миний тэмцэл үр дүнд хүрэх л байх. Аз нь дутвал амь насаараа хохирсны бурууг хэн хүлээх гэрээслэлээ үлдээчихлээ. Өдий насалчихсан зовлон жаргалыг туулсан хүний хувьд амьдралд хоргодоод үхлээс айгаад байх юм алга.
П.БАТЗАЯА