Улсын их хурлын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа.
-Ардчилсан намын бүлгийн энэ долоо хоногийн хурлын дараа мэдээлэл хийхдээ та “Попролтоор төр удирдуулж болохгүй” гэж хэлсэн. Үүгээрээ та яг юуг хэлж байна вэ?
-Сайн харах юм бол сошиалаар улс төрийн шийдвэрүүдийг гаргадаг болчихсон нэг зүй тогтол байгаад байна. Нэг талдаа улс төрийн дутуу дулимаг мэдээ гарчихдаг. Түүнийг нь сайн нягталж харахгүйгээр хандалт авах зорилгоор үгийг нь мушгиад тавьчихдаг. Зарим тохиолдолд амин хувийн эрх ашиг, атаархал, эсвэл өс хонзонгоос болоод улс төрд нөлөөлөх, санаатайгаар тодрох гэсэн хүмүүс бас гарч ирдэг. Ингээд ямар нэгэн сөрөг тал олж харж чаддаг хэн нэгэн шүүмжлэгч орж ирдэг. Энэ дүнд нь салхи шиг хөлбөрдөг нийтийн сэтгэл зүй рүү бид орчихоод байна. Эндээс харахаар төрийн шийдвэр гаргах түвшинд очсон хүмүүс маань гаргасан шийдвэртээ бат зогсдог байх ёстой. Хуулийн төсөл өргөн барьсан бол түүнийхээ эцсийг нь харах хэрэгтэй. Үнэхээр УИХ-аар батлах уу, үгүй юу гэдэг бол гишүүдийн шийдвэр. Гэхдээ үнэхээр тэр асуудлыг явуулна гэж шийдээд явж байгаа бол сошиалаас болоод, хүмүүст таалагдахгүй байна, дургүйцлийг нь төрүүлж байна гээд замынхаа дундаас буцаж болохгүй. Үүнийг л хэлсэн юм. Попролтоор шийдвэр гаргаж байгаа нь улстөрчид маань сошиал инфлүүнсэр юм шиг болчихоод байна. Ард иргэдэд таалагдах үгийг ярьдаг. Таалагдах шийдвэрийг гаргадаг. Гэхдээ бодит байдал дээрээ өөрчлөх үндсэн том реформын чанартай юмыг гаргаж чаддаггүй. Аливаа өөрчлөлтийн цаана зайлшгүй ямар нэгэн байдлаар хүндрэл бэрхшээл, эрсдлүүд гарч ирнэ. Эрсдлээс нь болоод өөрчлөлтийг хийж чадахаа больчихсон. Түүнийг даван туулж чадах сэтгэл зүйгүй болчихоод байна. Тэгэхээр миний харж байгаагаар бид энэ попролтоос болж хоёр, гуравхан жилийн настай шийдвэр гаргаж байгаа учраас манай улс хөгжиж чадахгүй байна. Тэгсэн хэрнээ “Алсын хараа 2050” гэдэг бодлого тавьчихсан.
Энэ нь бодит байдал дээр хийж, бүтээж, байгуулна л гэдэг юм байгаа болохоос биш хэрхэн, яаж гэдэг нь байхгүй учраас төрийн бүтцийг улам томсгоод байгаа дүр зураг бүх зүйл дээр харагдаж байна. Энэ прогресив бодлогоосоо болоод төрийн албан хаагчид нь нэмэгдээд байдаг. Бодит байдал дээрээ ажилгүйдэл их байна гэж яриад байгаа. Гэтэл ажилгүйдлийн түвшин, төрийн албан хаагчдын тоог харьцуулаад харахаар сонирхолтой тоонууд байна.
-Тухайлбал?
-Судалгаанаас харахад, төрийн албан хаагчдын тоо 2017 оноос хойш жил бүр өсөөд яваад байдаг. Төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээ гээд харахаар төрийн захиргаа, төрийн тусгай нь маш их нэмэгдсэн. Төрийн захиргаа л гэхэд 2017 онд 18 мянга байсан бол энэ онд 21 мянга болж нэмэгдсэн байгаа юм.
-Сошиалаас болоод гаргасан шийдвэрээ цуцалдаг. Өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн татдаг гээд ярьж байна. Гэтэл цахим ертөнцөөр дамжуулан аливааг гацаадаг, болиулдаг хүмүүс бас байх шиг харагдах юм. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Ганц манайд ч биш, дэлхий даяар энэ асуудал маш хүнд байдалд оччихсон байгаа. Сошиал медиа чинь маш их мэдээллийн урсгалыг бий болгочихсон учраас хувь хүний хувьд, шийдвэр гаргах түвшинд ч тэр худал, үнэн мэдээллийг ялгаж салгахад хүндрэлтэй болчихсон. Гэхдээ сошиалаас болоод шийдвэрээ өөрчлөх нь заримдаа зөв байдаг. Үүнийг бид сая 2025 оны төсөв дээрээс олж харсан. Сошиалаар дамжуулан иргэд мэдээлэлтэй болж, УИХ-ын гишүүдтэй хамтран хүчтэй эсэргүүцэл гаргаж байж засгийн төсвийг бууруулж чадсан. Энэ бол маш зөв жишиг гэж харж байгаа. Ингэж байж бид хяналтын үүргийг биелүүлж чадаж байна. Аль ч талаас нь харж болно. Гэхдээ миний хэлэхийг хүсээд байгаа зүйл бол үнэхээр шийдвэр гаргах түвшинд байгаа хүн юм бол улс оронд хэрэгтэй, том зургаа харсан шийдвэрүүдийг зоригтой гаргаад яваасай гэж хүсч байгаа юм. Түүнээс та өнөөдөр сошиалд олон дагагчтай байх, бусдад таалагдах нь сонин биш. Яагаад гэвэл цаана нь Монгол Улсын бодлого, маш олон хүний ирээдүй, амь амьдрал явж байгаа. Ер нь бид эс үйлдэхүй хийж маш их цаг хугацаа алдаж байна. Муухай харагдчих байх, дайраад унана гэж бодоод шийдвэр гаргаж чадахаа больчихсон. Сүүлийн найман жилийг харвал Монгол Улс зогсонги байдалд орчихсон. Шинэ өөрчлөлтийн салхи байхгүй болчихсон. Энэ нь эс үйлдэхүй буюу олон жил дарга байхын тулд гаргаж байгаа шийдвэр. Тэр дарга юу ч хийгээгүй учраас алдаа байхгүй. Алдаагүй учраас тэр хүн суудлаасаа солигдохгүй. Энэ байдал манай улсын хамгийн том асуудал болчихоод байна гэж харж байгаа.
-Мега төслүүдийг гацаах гэсэн хүмүүс жагсаж, сошиалд эсэргүүцэж байна гэж ярьж байгаа. Чухам ямар эрх ашиг, хонжоо байгаа болохоор ингээд байна вэ?
-Олон хүчин зүйлийн нөлөө байдаг байх. Гадны хүчин зүйлийн нөлөө манайд бас байдаг. Яагаад манайх 30 жилийн хугацаанд цахилгаан станц барьж чадаагүй юм. Цахилгаан станц барих асуудал яригдах болгонд яагаад гэнэт Үндэсний аюулгүй байдал гэсэн нэрийн дор манай төслүүдийг гацааж байдаг юм. Тэгэхээр энэ бол дан ганц монголчууд, улстөрчдөөс хамаарна гэхээсээ илүү гадны нөлөө байдаг. Нөгөө талдаа монголчууд өөрсдөө дотроо хагаралдчихдаг. Нэг том төсөл хөдөлнө гэхэд аль нэг бизнесмэн гэж хэлэхээргүй төртэй нийлж, тусгай зөвшөөрлөөр дамжуулж том төслүүд авдаг хүмүүс нь булаацалддаг. Тэгээд би авахгүй бол бусад нь авч болохгүй гэсэн байдлаар ханддаг. Ингээд тухайн төсөл нь гацдаг. Үүн дээр маш олон бодит жишээ бий.
-Эрчим хүчний реформ гэж ярьж байгаа. Та ч эрчимтэй ярьж байгаа хүмүүсийн нэг. Саяхан үнэ нэмсэн. Гэтэл одоо цахилгаан байнга тасарч байна. Үүнээс болоод таслах байсан юм бол яах гэж үнээ нэмсэн юм гэдэг зүйлийг олон нийт ярьж байна л даа?
-Сүүлйин 30 жил энэ асуудлыг шийдээгүй. Яг үнэндээ үнэтэй холбоотой өөрчлөлт гарах нь цаг хугацааны асуудал байсан. Эрчим хүчний зохицуулах хороо бие даасан байдлаар шийдвэрээ гаргаад явах ёстой. Эрчим хүчийг ямар ч гарах гарцгүй болтол нь явчихлаа л даа. Жилийн хэрэглээ нь байнга өсөөд байгаа. Дээрээс нь техник технологийн шинэчлэл байхгүй. Элэгдэл ихтэй. Сүүлд 11 дүгээр сард үнэ тарифт өөрчлөлт оруулсан ч яг одоо засварын ажлаа хийж чадахгүй. Ер нь бол хичээгээд л явж байгаа. Эрчим хүчний салбарынхан бол маш хүнд нөхцөл байдалд, бараг хагас цэрэгжилтийн байдалтай ажиллаж, маш хүнд өвлийг давж байгаа. Энэ хязгаарлуулалтуудын цаана олон хүн нойргүй хонож, ажлаа хийж байгаа. Яагаад заавал ийм болтол нь явуулж байж бид өөрчлөлт хийж байгаа юм бэ л гэж надад санагдаад байгаа юм. Ямар ч төхөөрөмжид ашиглалтын хугацаа байдаг. Үүнийг нь мэдэж байсан хэрнээ үйлдэл хийгээгүй явсны горыг өнөөдөр бид ийм хүндрэлээр авч байна. Тог тасралтуудаас болоод маш олон бизнесүүд эдийн засгийн хохирол аваад эхэлсэн. Харамсалтай нь бидэнд одоохондоо өөр шийдэл алга. Гэвч бид яаралтайгаар дараа жил эрчим хүчний, цахилгаан с танцын төслүүдээ хөдөлгөхөөр ажиллаж байгаа. Үүн дээр миний бие оролцоод хөрөнгө оруулалтууд, гэрээ хэлэлцээрүүдийг хэрхэн хурдтай явуулж болох вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна.
-ДЦС-III-ын өргөтгөлийн зураг төслийг хийх ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр (өчигдөр) Эдийн засгийн байнгын хороогоор хоёр дахин санал хурааж байж дэмжлээ. Таны хувьд эдийн засгийн үр өгөөжгүй гэж хэлээд дэмжээгүй. Энэ өргөтгөл яагаад эдийн засгйин ач холбогдолгүй юм бэ?
-Энэ Гуравдугаар цахилгаан станцын асуудал олон сарын турш яригдаж байгаа. Путины айлчлалаас л хойш яригдаж байгаа юм. Олон жил яваад хоёр талаасаа хоёр өөр зураг төсөл гаргаж ирж байсан. Энэ дунд ОХУ-ын компаниас маш өндөр дүнтэй өгсөн. Үүнийг хэтэрхий шаардлагагүй хөрөнгө оруулалтууд байна гэж үзээд манай монголчууд өөрсдөө тооцооллыг хийж үзсэн. Энэ хоёр дүн зөрөөд байгаа учраас одоо Эдийн засгийн байнгын хороогоор оруулж шийдүүлэх гэж байгаа зүйл нь дахиад зураг төслийг хийе гэдэг зүйл ярьж байна. Үүн дээр нэг зүйл харагдаж байгаа. Гуравдугаар цахилгаан станц ямар хэмжээнд хуучирсныг хүмүүс мэднэ. Түүнийг яаж ч шинэчлээд, өргөтгөөд явах нь орчин цагийн технологиудыг хараад үзэхээр шаардлагагүй болчихоод байгаа юм. Тийм болохоор энэ их цаг хугацаа, нөөц боломжоо цоо шинэ станц барихад зориулахад шаардлагатай. Энэ нь бидэнд илүү их эдийн засгийн үр өгөөжтэй. Мэдээж хэрэг ОХУ-тай найрамдалт харилцаатай, мөнхийн хөрш. Дээрээс нь манайх эрчим хүч болон нефтийн хараат байдлаас улбаатайгаар энэ төслийг явуулах шаардлагатай гэж хүмүүс ил болон далд байдлаар ярьж байгаа. Гэвч бас жижиг улсын эрх ашиг гэж байдаг. Монгол Улсад ашигтай бол бид хамтраад ажиллаж болно. Орос нь, Хятад нь, Америк нь байна уу хамаагүй. Гэвч Монгол Улсад ашиггүй гэдгийг нь мэдсээр байж ингэж тулган шаардах замаар явна гэвэл ОХУ өөрсдөө найрамдалт хөршийн харилцаагаа манайхтай хийхгүй байна гэж би хэлж байгаа юм. Мэдээж УИХ-ын гишүүнд хувийн гадаад бодлого гэж байх ёсгүй гэж ярьдаг юм байна лээ. Гэхдээ миний харж байгаагаар УИХ-ын гишүүн Монгол Улсын эрх ашгийн төлөө дуугарах ёстой. Тийм болохоор харсаар байж бид энэ ашиггүй төслийг явуулаад байж болохгүй.
-Эдийн засгийн байнгын хороон дээр эхлээд дэмжигдээгүй. Гэвч да хин санал хураагаад дэмжчихсэн. Үүн шиг чуулган дээр унагаад, эсвэл хүч түрээд явуулчих юм биш үү?
-Улс төрд эр зориг хэрэгтэй гэж би бодож байгаа. Бид ийм байдлаар юмнаас няцаад яваад байх юм бол яг энэ хуучнаараа байсаар л байна. Яагаад өнөөдөр Багануурын цахилгаан станц яваагүй юм. Эгийн голын усан цахилгаан станц одоог хүртэл баригдаагүй байгаа юм. Энэ бол эс үйлдэхүй буюу улстөрчид маань чимээгүй явснаас л болсон. Гэхдээ цаг бас наашилж байгаа байх. Өмнө чинь бид уран гэхээр л хоёр толгойтой ишиг төрлөө гээд зогсоодог байсан бол өнөөдөр манай иргэд чинь харьцангуй өөр, мэдлэгтэй боловсролтой болж байна. Тэр утгаараа бид том төслүүдээ хөдөлгөж чаддаг болж байгаа байх. Тэгэхээр энэ Гуравдугаар цахилгаан станцын асуудал дээр ч тэр бодит байдлыг хэлж чаддаг хүн олон байх болов уу л гэж найдаж байна.
Т.Дарханхөвсгөл
3 replies on “С.Цэнгүүн: Монголд ашиггүй төслийг тулгах нь ОХУ манайхтай найрамдалт харилцаагүй гэсэн үг DNN.mn”
Mongold asnigtai baih estoi hucheer dalailgasan geree baih esgui
Амжилт хүсье УИХд шинэ өнгө төрх болж байгаа гишүүн шүү, битгий шантраарай байнга дэмжинээ
Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг орчин цагийн ” Турбин генератор ” гэж ямар технологи шийдэлтэй шинэ тоног төхөөрөмж байдаг юм бол?