Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Одонтуяа: Шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналууд хуульчлагдсанаар хүний эрхийн үзүүлэлт нэг алхам урагшиллаа DNN.mn

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө УИХ-ын ээлжит намрын чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дэд даргын хувьд энэ чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ удаагийн чуулганаар бие даасан 12 хууль баталж, 200 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэлээн ачаалалтай ажилласан чуулган болж өнгөрлөө. Миний хувьд хэд хэдэн хууль дээр илүү төвлөрч ажилласан. Юуны түрүүнд төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдал, төсвийн хүрээний мэдэгдлүүдийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг улс орны урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэх талд саналаа тусгасан. Дэлхийг хамарсан цар тахал, дайн байлдаан, бүс нутгийн хямралт нөхцөл байдлаас шалтгаалан төсөвт учирч болох эрсдэл, түүнийг урьдчилан тооцож ажиллах нь зөвхөн 2024 он төдийгүй цаашид анхаарах нэг чухал стратеги мөн. Сонгуулийн жил угтан төсвийн хэт тэлэлт хийж, цалин хөлс нэмэхээс авахуулаад нийгмийн халамжийн шинжтэй бодлого хэрэгжүүлж байгаад нэлээд шүүмжлэлтэй хандлаа. Эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дүн жилээс жилд өсч байгаа ч тэр өсөлт айл өрхийн хаалгаар орж мэдрэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь инфляци хөөрөгдсөн төсөв, мөнгөний бодлоготой холбоотой.

-Тэгэхээр ядуурал их байна гэсэн үг үү. Нөгөөтэйгүүр инфляци нэг оронтой тоо руу орсон гэж мэдэгдээд байгаа шүү дээ…?

-Монгол Улсын гурван хүний нэг нь ядуу, ядууралд ойр хүний тоог нэмбэл бараг хоёр хүний нэг нь ядуу байна. Өдөрт 7000 төгрөгийг амьдралынхаа хэрэгцээнд зарцуулж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол албан бус татвар болох инфляци шүү дээ. Статистик тоогоор инфляци нэг оронтой тоонд орсон гэж байгаа ч бодит амьдрал дээр иргэдийн цалин орлого бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Миний бие төсөв мөнгөний бодлоготой уялдуулан АН-ын бүлгийн гишүүдтэй хамтран Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэн баталчихвал улс орны хөгжлийг зөвхөн төсөв, мөнгөний бодлогоор хязгаарлалгүй уул уурхайгаас олж буй орлогыг дараа дараагийн хөгжлийн бодлогод чиглүүлэх алхам хийгдэнэ гэж найдаж байна.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд эрүүл мэндийн салбарын талаар оруулж хэлэлцүүлсэн хууль тун ховор санагддаг. Харин саяын намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Та энэ хуулийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль бол анх удаа цоо шинээр батлагдаж байгаа хууль. Ер нь 2011 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд давамгайлж байсан эмнэлэгт шүтсэн тогтолцоог өөрчилж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн тэргүүний зорилт болгон хуульчилсан юм. Өөрөөр хэлбэл иргэн хүн өвдсөн хойноо эмнэлэгт ирэх бус өвдөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, өөрийнхөө болон гэр бүл үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг. Энэ үеэс л Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль яригдаж эхэлсэн ч хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдэж байсангүй. Уг хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйл, халдварт болон халдварт бус өвчнийг тандах, судлах, үнэлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг өргөн хүрээтэй асуудлыг зохицуулах учраас маш их ач холбогдолтой хууль. Тийм учраас үйл ажиллагаанд баримтлах НЭМТҮ-ний зарчим, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, УИХ, Засгийн газар, Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн хурлын байгууллага, Засаг дарга нарын чиг үүргийг тогтоож өгсөн.

-Нэг зүйлийг тодруулахад НЭМ-ийн ажилтны нийгмийн баталгаа гэж юу байдаг юм бэ?

-Нийгмийн эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу хэрэгжээд явж байгаа шүү дээ. Тухайлбал Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгоно, 29.5-д Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэсэн заалтад хамрагдаж байгаа.

-Энэ хуулийн хэрэгжилтийн хугацаан дээр та маргаан үүсгэж байсан. Ямар учиртай юм бэ?

-Анх энэ хууль орж ирэхдээ хэрэгжих хугацааг 2025 оны нэгдүгээр сараас гэж байсан. Гэтэл ажлын алба дахин боловсруулж оруулж ирэхдээ дөрөвдүгээр сарын нэгнээс гэж оруулж ирсэн. Энэ хууль анх удаа хэрэгжих гэж байгаа учраас бэлтгэл ажил ихтэй гэдгийг олон хүн надад хэлж байсан. Би ч өөрөө тийм ойлголттой байсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ түүний төсөв, зардал, үнэлгээний тооцоо судалгаа хийх, Ерөнхий сайдын дэргэд байгуулагдах нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн ажил үүргийг тодорхойлсон журам гаргах, аймаг дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв, зоонозын төв, лабораториуд, эмнэлгийн нэгж албад гээд олон байгууллагын нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой олон дүрэм журам боловсруулж мөрдүүлэх шаардлага гарах юм билээ. Тэгээд ч одоо УИХ-ын ээлжит сонгууль гээд бужигнаж эхэлнэ. Энэ үеэр төрийн захиргааны ажил маш их цалгарддаг гэдгийг мэдэх учраас л хэрэгжих хугацааг долдугаар сарын 1-нээс болгочихооч гэж хүссэн. Харамсалтай энэ саналыг хүлээж аваагүй. Ер нь бид хуулийн хэрэгжих хугацааг тооцоо судалгаатай хийхийн оронд сэтгэлийн хөөрлөөр дайрдагаа болих хэрэгтэй.

-Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуульд таны санаачилсан хэд хэдэн заалт тусгагдсан. Энэ талаар та тодруулж ярихгүй юу?

-Намрын чуулганаар батлагдсан маш чухал хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Хоёр жилийн өмнө НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Тус ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд манай улсад 2020-2021 онд хийгдсэн баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй байсан гэх ноцтой баримт тусгагдсан. Би үүнийг анх УИХ-ын чуулган дээр мэдэгдэж энэ асуудлыг зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тухайн үед гишүүд юу яриад байгаа юм гэх нь холгүй байсан. Үүний дараа Хүний эрхийн Үндэсний комиссын 22 дугаар илтгэлд 2020-2022 онд 2694 хүн баривчлагдсаны 2674 нь буюу 99 хувь нь шүүхийн шийдвэргүй баривчлагдсан. Үүний 50 хувь нь шаардлагагүй баривчилгаа байсан гээд суллагдсан тухай илтгэлд дурдсан. Ингэснээр НҮБ-ын ажлын хэсгийн дүгнэлт батлагдаж байгаа юм. Бид өөрсдийгөө цөөхөн монголчууд гэж тодотгодог. Гэтэл цөөхөн монголчууд бид нэгнийхээ эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсээр байна. Иймээс миний зүгээс өнгөрсөн жил хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналуудыг долоон удаагийн албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Миний саналууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдсан.

-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд хэт хуучинсаг заалтууд байсаар байгааг хөндөж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Бид чинь Ардчилсан Үндсэн хуультай улс. Гэтэл одоо хүртэл коммунизмын үеийн хуулийн заалтуудаа өөрчлөхгүй хэвээр байлгаад байж болохгүй. Байлгаад байвал мэдээж хэрэг хүний эрх зөрчигдсөөр л байх болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд одоо ч хэт хуучинсаг заалтууд орсоор байгаа харагддаг. Бүр БНМАУ-ын үед хэрэглэж байсан Эрүүгийн хуулийн заалтууд олон байна. Хэлмэгдүүлэлтийн үед хар машинтай ногоон малгайтай хүмүүс шөнө оройн цагаар сүр дулиантай ирээд хүмүүсийг баривчилдаг, ойр хавийн хүмүүс том жижиггүй айж эмээдэг, сүрддэг байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэтэл одоо ч гэсэн их хэлмэгдүүлэлтийн үед байсан энэ хар технологи байсаар байна шүү дээ. “Хойшлуулшгүй” гэх үгээр халхавчлан гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад тухайн сэжигтнийг баривчилж байна. Тиймээс миний бие “хойшлуулшгүй” баривчилгааны асуудлыг цэгцлэх цаг болсон гэж үзсэн.

-Тэгвэл таны санаачилсан заалтууд хуульд тусгагдсанаар Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгох уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, “хойшлуулшгүй” ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж, баривчилдаг, олон сараар цагдан хорьдог асуудал зохицуулагдаж байгаа юм. Өмнө нь “хойшлуулшгүй” ажиллагаа нэрээр мөрдөн байцаагчийн үзэмжээр, хэтэрхий ерөнхий, субъектив байдлаар ханддаг байсан. Жишээ нь, ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр шүүхийн шийдвэргүй баривчилдаг. Энэ хууль батлагдсанаар долоо хоногийн долоон өдөр 6-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм. Бас баривчлах ажиллагаа, анхны байцаалтад тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцоно. Ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгч оролцохоор хуульчилсан. Нөгөө талаар хүмүүсийг олон жил сараар “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хугацааг тусгайлан зааж өгсөн. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцаа биелүүллээ гэсэн үг. Олон пунктээр хүний эрхийн үзүүлэлтүүд урагшлах байх гэж найдаж байна.

-Баривчлах, цагдан хорих асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ гэж ойлголоо. Зөв үү?

-Хүний эрхийн комиссын 22 дугаар илтгэлд нийт баривчилсан хүмүүсийн 46 хувь нь нэг, хоёр хоногийн дараа хорих шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэрээр суллагдсан байсан шүү дээ. Мөн өмнөх хуулиар гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа л бол тухайн хүнийг шууд цагдан хорьдог байсан бол хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох гурван үндэслэлийг тусгасан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан бол, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн бол баривчилна гэж хуульд заасан. Бас Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдсон сэжигтнийг дээр заасан гурван үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн гурван үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор хуульд тусгасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай заалтаар хорих ялаар шийтгүүлэх хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Хууль хэрэгжиж эхэлснээр тухайн хүн хамгийн дээд тал нь 90 хоног найман жилээс дээш ял авахаар байгаа бол түүнийг 18 сараас илүүгүй хорихоор зохицуулагдсан.

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-2024 оны наймдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлнэ.

-Хотоос сонгогдсон гишүүний хувьд замын түгжрэл, утаа гээд хотын иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх талд УИХ юу хийсэн бэ?

-Үнэхээр хотын утаа, түгжрэл, стресс, халтиргаа гээд өдөр тутам тулгарч буй эдгээр асуудал нэг далайлтаар шийдэгдэхгүй. Нэг үгээр хэлэхэд урт хугацааны буруу төлөвлөлт, буруу шийдвэрийн үр дагавар. Яг үнэндээ Э.Бат-Үүл даргаас хойш нийслэлд тэр гээд хэлчих дорвитой бүтээн байгуулалт, шийдэл гарсангүй. Тийм учраас хотыг удирдаж буй нөхдийг юм хийх болов уу гээд хоттой холбоотой шийдвэр санаачилгыг бүрэн дэмжиж, идэвхтэй оролцож ирлээ. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталлаа. Ингэснээр нийслэлийн иргэдийн бухимдал стресс, цаг мөнгөний хамгийн том толгойн өвчнийг шийдэх эрх мэдэл үүрэг хариуцлагыг хотын удирдлагуудад бүрэн өглөө. Асуудал ужгирсан боловч асуудлын шийдлийг гарган хариуцах эзэнтэй болгож, үр дүнг шаардах цагийг эхлүүллээ. Түүнчлэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийслэл хот олон улсад бонд гаргаж хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудаа ямар нэг асуудал, буруутан хайлгүйгээр хэрэгжүүлэх боломжийг бий болголоо.

-УИХ-ын намрын чуулган хэлэлцэх асуудлаа бүрэн хэлэлцсэн үү?

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүд, даатгалын тухай болон холбогдох хуулийн төслүүд, жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл гээд цаг үеийн шаардлага тулсан, иргэд олон нийтийн хүлээж буй зарим хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэж амжилгүй хаалаа. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралтай хүлээж буй Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирсэнгүй. Зах зээлийн эдийн засгийн гол хуулийн нэг шинэчлэгдэхгүй үлдэж байгаа нь шударга өрсөлдөөн бий болгох, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хуучнаар нь үлдээж байна гэсэн үг. Мөн энэ хууль шинэчлэгдсэн тохиолдолд бизнесийн эрх чөлөө өргөжиж, төрөөс үзүүлэх нөлөөлөл буурна гэсэн хүлээлттэй байна.

-Саяхан томоохон маргаан дагуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар та ямар байр суурьтай байсан бэ?

-Гадаад гэлтгүй дотоодын хөрөнгө оруулалт маш чухал, Хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засгийн өсөлт явагдахгүй. Дэлхийн бүхий л улсууд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар зөвхөн мөнгө гэлтгүй ноү-хау, шинэ техник технологийг нэвтрүүлэх, ажиллах хүчнээ сургаж авах гээд олон давуу талыг олж авдаг. Гэхдээ аль салбарт хөрөнгө оруулалт татах, түүнийг хэрхэн дэмжих, дотоодын компаниудтай хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр зөв бодлого хэрэгтэй. Маргаан дагуулсан нэг гол асуудал болсон 100000 долларын босго ч үүнтэй холбоотой. Уул уурхайн компанийн хувьд маш бага мөнгө байдаг бол худалдаа үйлчилгээний салбарт хангалттай хөрөнгө байж мэднэ. Ингэхээр салбаруудын хөгжил, хэрэгцээ шаардлагаа харах нь зөв. Газар эзэмшүүлэхтэй холбоотой Үндсэн хууль зөрчсөн заалтыг засах хэрэгтэй. Гэхдээ үүнийг газрын тухай багц хуулийг хэлэлцүүлсний дараа илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

-Ажилгүйдэл ядууралтай тэмцэнэ гэж олон жил ярьсан ч ядуурлын хэмжээ буурахгүй байгаа. Яаж бид ядуурлыг бууруулж чадах вэ?

-Зүгээр халамж, хүнсний талон тараагаад ядуурал буурахгүй. Харин байнгын орлоготой байх арга замуудыг санал болгох хэрэгтэйг олон сая хүнийн ядуурлаас гаргасан Хятад, Энэтхэгийн жишээ харуулдаг. Том салбар, олон хүнийг хамарсан гэхээсээ илүү тодорхой үр дүн гарах хүрээнд сайн жишээ үзүүлэхийг бодож оёдлын салбарыг дэмжих талаар ажиллаж байна. Хамгийн бага зардлаар ажлын байр бий болгож байнгын орлоготой болдгоороо онцлог. Өнөөдөр 300 гаруй жижиг том оёдлын цех, компани үйл ажиллагаа явуулж тэдгээрт 4000 гаруй хүн ажиллаж байна. 4000 гаруй айл өрхийн амьжиргааг Оёдлын холбоо, Best хөтөлбөртэй хамтран хийсэн судалгаагаар энэ салбарыг хэрхэн дэмжиж хөгжүүлэх талаар дүгнэлт зөвлөмжүүд гарсан. Үүний эхний алхам болгож оёдлын салбарт ашиглагдах үндсэн болон туслах түүхий эд материалыг гаалийн татвараас чөлөөлөх хууль дээр ажиллаж байна. Мэдээж дараагийн алхам нь ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр бий болгох хөтөлбөрийн хүрээнд Дүүргийн хөдөлмөр халамж, Оёдлын үйлдвэр, ажилтан гурвыг холбосон гурвалсан гэрээ байгуулах замаар ажил эрхлэлтийг дэмжинэ. Ялангуяа гэртээ хүүхдээ харж буй ээжүүд, бусад шалтгаанаар гэртээ сууж олон эмэгтэй ажилтай орлоготой болно. Энэ мэт бодитой арга хэмжээний үр дүнд ядуурал буурна.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *