Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -73кг-д С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Африкийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V байрын эзэн Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан. Гэвч түүний өрсөлдөгч дэвжээнд гарах боломжгүй болсон учир шууд III тойрогт барилдах эрхтэй болоод байсан юм.
Тэрээр III тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдаж цэвэр яллаа. С.Ням-Очир нь олимпийн хүрэл, World Masters-ийн алт, Их дуулгын алт, мөнгө, хүрэл, гран пригийн гурван алт, гурван мөнгө, хүрэл, дэлхийн цомын хошой алт, гурван хүрэл медальтай хашир туршлагатай жүдоч гэдгийг та бүхэн мэдэх билээ.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт ОХУ-ын Муса Могушковтай барилдаж, 4 минут 7 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожлоо. М.Могушков гар ачаа буюу хориотой мэх хийснээр дүрмийн дагуу ялагдал хүлээсэн юм. Г.Одбаяр гуравдугаар тойрогт Белгийн Чоучи Самитай барилдана.
Эмэгтэй 55 кг-ийн жинд Дэлхийн аваргад анх удаа оролцож буй залуу бөх А.Батзул эхний барилдаанаа Филиппиний Ф.Ренатай хийж, 58 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожсон. Гэвч тэрээр хоёрдугаар тойрогт Люксенбургийн Дурбач Манонтой хийсэн барилдаандаа ялагдсан юм.
Энэ жингийн “D” хэсгийг Д.Сумъяа тэргүүлсэн бөгөөд тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байна.