Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Наранцогт: Хөрөнгө оруулагчид Монголыг Украин, Шри-Ланкаас илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй гэж үзээгүй DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогттой ярилцлаа.


-Ирэх оны төсвийн талаар ярилцлагаа эхэлье. Ирэх оны төсвийн төсөл дээр нийт эдийн засгийнхаа 35 хувь дээр орлого бүрдүүлж, 40 хувийг нь санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэ нь төрийн данхар бүтцийг хэвээр хадгалах, төсвийн хэмнэлтийн бодлогоосоо гажиж байгааг харуулж байна гэх зүйл яригдаж байна.

-“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д нэгдсэн төсвийн алдагдлын хязгаарыг 2023 онд ДНБ-ий 3.6 хувь, 2024 онд 2.8 хувь, 2025 оноос хоёр хувьтай тэнцэх хэмжээнд байхаар тодорхойлж тусгасан. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөлдөө алдагдлыг хуульчилсан 3.6 хувиас 2.8 хувь болгон бууруулсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх зэргээр төсвийг аль болох тэлэхгүй байхтөсвийн хатууруулсан бодлого агуулагдсан төсөв гэж ойлгож болно.Төсвийн орлогын тухайд 19.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.9 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцохдоо Засгийн газраас экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, хил боомт, ачаа тээвэр, логистикийг сайжруулах,төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг ил тод болгож хяналтын зөв тогтолцоог нэвтрүүлэх, ашигт малтмалын экспортын бүртгэлийг сайжруулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн үр дүнд далд эдийн засгийг ил болгох, төсвийн орлого тэр хэрээр нэмэгдэх боломжтой гэж тооцсон.

-Эдийн засгийн өсөлтийг ирэх онд цар тахлаас өмнөх жилүүдийн дундажтай ойролцоо буюу таван хувь байхаар тооцсон байна. Мөн гол бүтээгдэхүүнүүдийн экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх зорилт тавьсан тухай мэдэгдсэн. Эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг уул уурхай цар тахлын өмнөх түвшинд хүрч чадах уу?

-Гадаад орчин, олон улсын геополитик тодорхой бус байдал их байгаа хэдий ч Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зорилтыг тавиад ажиллаж байна. Экспортын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, уг зорилт хангагдсанаар уул уурхайн салбар 2023 онд 14-15 хувиар өсөж, уул уурхай дагасан тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарууд сэргэнэ гэж тооцоолол хийгдсэн байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомт дээрх болон хил хүртэлх дэд бүтцийг өргөтгөх ажлууд амжилттай хийгдсэнээс гадна цар тахлын халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, Гашуунсухайт боомт дээр 2021 оны аравдугаар сард чингэлэг тээврийн терминал байгуулж, 2022 оны тавдугаар сараас жолоочгүй автомат удирдлагатай тээврийг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. Шивээхүрэн боомт дээр мөн чингэлэг тээврийн терминал болон автомат удирдлагатай тээвэр байгуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр нь дээр дурдсан цар тахлын халдвар хамгааллын дэглэмд нийцүүлж хүний шууд хавьтал үүсгэхгүйгээр экспортлох боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх гарцын тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулах, ухаалаг гарцын системийг ашиглалтад оруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Ингэснээр хилээр нэвтрэх үйл ажиллагаа түргэн шуурхай болохын зэрэгцээ төрийн давхардсан хяналт, шалгалт буурах сайн үр дүн гарна.

-Валютын нөөцийг нэмэгдүүлж, макро эдийн засгаа тогтворжуулахад ямар ажлууд хийгдэх вэ?

-Гадаад валютын улсын албан нөөц есдүгээр сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 1.6 тэрбум ам.доллараар буурсан. Засгийн газраас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд богино, дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан. Уг тогтоолд тусгагдсан цогц арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа сайжирч, баялгийг олон улсын зах зээлийн үнээр худалдах, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримт бүртгэгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт гаалийн бүрдүүлэлтэд автоматаар хийгддэг тогтолцооны шинэчлэл хийгдэх юм. Түүнчлэн төрийн өмчит уул уурхайн олборлолт, борлуулалт хийдэг компаниудыг нөөц боломжоо дайчилж ажлаа зөв зохион байгуулах замаар богино хугацаанд валютын бодит орлого төвлөрүүлэх үүрэг даалгавар өгөгдсөн. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулагдаж тодорхой ажлууд хийгдэж эхлээд байна. Макро эдийн засгийг тогтворжуулах тухай та асуулаа. Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдээ төсвийн төсөлтэйгөө хамт танилцуулсан. Төсөлд тусгагдсан төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс эхлээд бусад бодлогын багц арга хэмжээнүүд нь бүгд л эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдсэн. Өмнө дурдсанчлан Төсвийн бодлогын хүрээнд 2023 оны төсөвт шинээр хөрөнгө оруулалт тусгахгүй, төсвийн алдагдлыг хуульд зааснаас бууруулж төсвийн бодлогыг хатууруулсан. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах хүрээнд мөнгөний бодлогыг чангаруулсан, цаашид төв банкнаас санхүүжүүлдэг төсвийн шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах шаардлагатай байгаа бөгөөд валютын ханшийг зах зээлийн зөв зарчмаар тогтоох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн үнэ цэнийг хадгалах, банкны салбарын реформыг оновчтой зохион байгуулж ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах шаардлага байна.

-Засгийн газрын гадаад бондын хүү 35 хувь хүрчихсэн байна. Гэтэл дайнтай байгаа Украин 25, дампуурлаа зарласан Шри-Ланк улс 23 хувийн хүүтэй байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Манай улсын гадаад валютын орох урсгал буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж, гадаад валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон талаарх мэдээ нийтлэгдсэнтэй холбоотойгоор бондын зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондын үнэ огцом буурч, өгөөж нэмэгдсэн. Тухайлбал, 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар энэ онд төлөгдөх Чингис бондын өгөөж 39 хувь, ирэх онд төлөгдөх Гэрэгэ бондын өгөөж 20 хувь байна. Эдгээр бондуудын өгөөжийн түвшин таны хэлсэн Украин болон Шри-Ланк улсуудын ирэх онуудад эргэн төлөгдөх бондтой харьцуулахад өндөр биш. Украин улсын хувьд дайны нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын 20 орчим тэрбум ам.долларын гадаад бондын эзэмшигчдийн дийлэнх буюу 75 хувь нь Украин улсыг хоёр жилийн хугацаанд төлбөрийн үүргээс чөлөөлөхөөр шийдвэрлээд байгаа юм. Блүүмбергийн 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн мэдээллээр Украин улсын 2035 он хүртэл эргэн төлөгдөх хуваарьтай олон улсын зах зээлд гаргасан бүх бондуудын хамгийн бага өгөөжтэй нь 2027 онд төлөгдөх 30 хувийн өгөөжтэй бонд байгаа бол хамгийн өндөр нь энэ онд эргэн төлөгдөх хуваарьтай 857 хувийн өгөөжтэй бонд байна. Шри-Ланк улсын хувьд ирэх онд төлөгдөх Засгийн газрын бондын өгөөж 746 хувь байгаа бөгөөд тус улсын 2030 он хүртэлх эргэн төлөгдөх бүх бондуудаас хамгийн бага өгөөжтэй нь 2030 онд төлөгдөх 40 хувийн өгөөжтэй байна. Харин манай улсын 2027 болон 2031 онд эргэн төлөгдөх Сенчири бондуудын өгөөж тус тус 13 болон 11 хувь байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг Украин болон Шри-Ланк улсуудаас илүү эрсдэлтэй, төлбөрийн чадваргүй гэж үзээгүй гэсэн үг. Цаашид үнэлгээ хийдэг олон улсын байгууллагуудад эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгуулах замаар зээлжих зэрэглэл зэрэг үзүүлэлтүүдээ бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

-Манай улс өнөөдрийн байдлаар 6.4 их наядын өртэй байна. Өрийн талаар мэдээлэл өгөөч?

-Өрийн тухай товч мэдээлэл өгье. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг 2022 онд ДНБ-ий 70 хувь, 2023 онд 65 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Засгийн газрын өрийн үлдэгдэл 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нэрлэсэн дүнгээр 30.1 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 53.0 хувьтай тэнцэж байна. Засгийн газраас ирэх оны төсвийн нийт орлогыг 2022 оны төлөвлөсөн дүнгээс 20 орчим хувиар нэмэгдүүлж 19.6 их наяд төгрөгт байхаар тооцоолсон.

-2023 оны төсөв ирэх жилийн эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд туйлын сөргөөр нөлөөлнө гэж эдийн засагчид ярьж байна. Үүнд та хариулт өгөөч?

-Эсрэгээрээ. Төсвийн төсөлд төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр тодорхой, цогц арга хэмжээнүүдийг тусгаснаараа онцлогтой болсон. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэгдсэн гэж ойлгож болно. Давтан хэлэхэд, экспортыг цар тахлын өмнөх түвшинд хүргэх, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, хөгжлийг хязгаарлагч салбаруудыг либералчлах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлснээр 2023 онд эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүргэх, инфляцийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийг сэргээх зорилготой ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *