Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


Энэ хаврын чуулганыг эсрэг чуулган хэмээн зарласан. Гэтэл энэ парламент дахь нэлээд гишүүн олон хэрэгт тэр дундаа нүүрсний хэрэгт холбогдож бүрэн эрхийнх нь асуудал хөндөгдөж байна. Тиймээс энэ парламент өөрийн доторх авлигач, хулгайчидтайгаа тэмцэж чадахаар байна уу, сөрөг хүчний гишүүний хувьд та юу гэж харж байна?

-Энэ парламент хулгайч нартайгаа тэмцэхгүй бол өөрсдөө ард түмний өмнө нүүр хийх газаргүй болно.

-Мөн чуулганаар ҮХНӨ хэлэлцэгдэнэ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Та ҮХНӨ оруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд олон нам шуударчих шиг боллоо. Монголын ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед юун Үндсэн хуулийн өөрчлөлт вэ. Одоо байгаа Үндсэн хуулийнхаа үр шимийг нь хүртээч гэсэн байр суурьтай байна. Үндсэн хууль бол ард түмний хууль. Монголд 700 гаруй хууль байна. Тэдгээрийг УИХ-ын гишүүд мэдэж баталсан хууль. Эрүү, иргэн, захиргаа, татварын зэрэг энэ 700 хуулиар ард түмэнг яаж хуульчлах вэ гэж гаргадаг. Харин ард түмэн ганцхан Үндсэн хуулиар дарга нарыг даврах вий гэдгийг хуульчилдаг хууль. Даварсан дарга нарыг хазаарлах гэж Үндсэн хууль байдаг. Тиймээс Үндсэн хуульд иргэн гомдол гаргадаг. Дарга нар биш. Учир нь даргыг шийтгэх гэж байгаа учраас тэр. Өөрсдөд нь тулгадаг хуулийг дарга нар өөрөө өөрсдөө оролдоно гэдэг бол адууны хулгайч нар нийлж байгаад адууны хулгайн тухай хууль гаргаж байгаатай утга нэг. Тиймээс Монголын ард түмний эрх мэдэл рүү хамаагүй халдаж болохгүй шүү гэдэг байр суурьтай байна. Гэхдээ үүнд АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж гаргана. Би өөрийн байр сууриа хэлнэ. Гэхдээ би хамтын шийдвэрийг хүндэтгэхийг хичээнэ.

-Мөн Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдэнэ. Та энэ хуульд нэлээн анхаарч байгаа нь тойргийн иргэдтэйгээ хийх уулзалтын үеэр ажиглагдсан. Ер нь өнөөгийн нийгэмд нүүрлэчихээд байгаа нийгмийн даатгалын системийн доголдолыг энэ хуулиар яаж засахаар зохицуулж байна вэ?

-Хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Байнгын хорооны даргын хувьд П.Анужин гишүүн энэхүү хуулийг ахалж байгаа. Нийгмийн даатгалын багц хуульд би хэд хэдэн гол зүйлийг анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын сангаас үе үеийн Засгийн газар эрх баригчид хэдийг идсэн бэ. Ирээдүйд би тэтгэвэр болгож бодуулж авна шүү гээд өгсөн иргэдийн мөнгийг нь төр гал алдаж байгаа зүйлдээ ашигласан байж болно. Угтаа энэ бол буруу зүйл. Гэхдээ үгүйсгээд яах вэ. Ийм зүйл тохиолдсон байж болно. Хамгийн гол нь буцаагаад төлсөн үү гэдэг нь нэн чухал. Би Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч байхдаа хамт олонтойгоо нийлж тэмцэж 2.7 их наяд төгрөгийн өртэй байна. Энэ цааш үргэлжилнэ. Тооцоо явагдаж байгаа гэж олон нийтэд мэдээлж байсан.

Харин Монголын Засгийн газраас энэ өрийг цаашид үе шаттайгаар барагдуулна гэж хэлсэн. Нийгмийн даатгалын мөнгийг идэж уучихсан уу гэдгээс хоёр дахь асуудал гарч ирнэ.

Хоёрдугаарт, нийгмийн даатгалын мөнгө бол татварын мөнгө биш. Иргэдийн төлсөн татвараар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих уу, ажлын байр бий болгох уу эсвэл хөдөлмөрийн асуудлыг шийдэх үү гэдгийг улстөрчид шийддэг. Харин нийгмийн даатгалын шимтгэл бол татварын мөнгө биш. Улсын төсвийн орлого биш. Энэ бол 100 хувь ард түмний хувийн мөнгө. Иргэд олж байгаа орлогынхоо 20-иос дээш хувийг нийгмийн даатгалд өгчихөөд байхад идэж уугаад алга болгочихсон. Нэрийн данс гэдэг нэрэн дээр хоосон тоо явж байгаа. Тэр дансанд мөнгө байхгүй. Мөнгөжүүлэлт гэдэг асуудал яригдаж байгаа. Нийгмийн даатгал төлсөн ард түмний өмнөөс хяналт тавьж хулгайч орохгүй байхаар яаж баталгаажуулах вэ гэдэг бол энэ хуулийн хоёрдугаарх асуудал. Иргэд ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоороо авна шүү гээд цалигийнхаа 20-иос дээш хувийг төрд итгэж өгсөн. Тэгвэл энд улстөрчдийн хулгай орохгүй байхад анхаарах хэрэгтэй.

Гуравдугаарт, иргэдийн суутгасан мөнгө үнийн хөөрөгдөлд өртөөд 30-40 хувь үнэгүйдэж байгаа тохиолдолд иргэд хохироод байгаа юм. Хэрвээ иргэд тэр мөнгөө банкинд хадгалуулбал хүү бодуулж дор хаяж 5-10 хувиар өснө. Иргэдийн мөнгийг төр халаасандаа хийчихээд инфляцид идүүлээд байлгаад байна гэдэг бол улстөрчдийн хулгай нүүрлэх нэг том шалтгаан. Тиймээс энэ хуульд миний мөнгийг 20, 30 жилийн дараа өгнө гэж байгаа бол жил бүрийн инфляцитай уялдуулж 100 хувь нэм. Өнөөдөр инфляци 10 хувь гэж байгаа бол миний мөнгийг 10 хувиар өсгөх ёстой. Энэ бол олон улсад байдаг эрүүл зүйл. Үүнийг хуульд оруулахын төлөө ажиллаж байна.

Түүнчлэн долоон жилийн дунджаар тооцож 40 хувийн тэтгэвэр тогтоодог байсныг сүүлийн таван жилээр болгож байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн таван жилээр тооцож тэтгэврийг бодно. Үүнтэй уялдуулж дээд цалингийн хязгаарыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн дээд хэмжээг буулгаж байна гэсэн үг.

-Энэ хуулийн үзэл баримтлал дээр үе шаттайгаар хуримтлалын тогтолцоо руу шилжинэ гэсэн байсан. Энэ тогтолцооны ач холбогдол нь юу вэ. Бидэнд ямар тогтолцоо нь илүү тохирно гэж та үздэг вэ?

-Монгол Улс өнөөдөр эв санааны нэгдлийн тогтолцоотой явж байгаа. Монгол шиг ийм цөөхүүлээ. газрын дээр болон доор ийм их баялагтай, мөн ийм их авлигатай, ийм их баян хоосны ялгаа гарсан орон эв санааны тогтолцоотой байхгүй бол болдоггүй. Учир нь уул уурхайн баян эзэн, эсвэл өндөр цалин авч байгаа сайд дарга нар цалингаасаа өндөр хэмжээний шимтгэл төлнө. Харин Нарантуул дээр тэрэг түрж байгаа залуу ихэнхдээ шимтгэл төлж чадахгүй байгаа. Малчдын маш олонх нь шимтгэл төлж чадахгүй байгаа. Тэгвэл орлого багатай хүмүүс мөн өндөр орлоготой бололцоотой хүмүүсээ бүгдийг нь оруулаад төлсөн шимтгэлийг нэг саванд хийж хутгаад арай ахиу өгсөнд нь арай илүү, арай бага төлсөнд нь арай багыг өгөөд эв санаатайгаар нийгмээ авч явъя гэдэг нь эв санааны нэгдлийн тогтолцоо. Хуримтлалын тогтолцоо гэдэг нь уурхайн баян эзэн, эсвэл сайд дарга хуримтлуулж байгаад тэтгэвэрт гарахдаа өөрөө л иднэ. Нарантуул дээр тэрэг түрж байгаа орлого багатай иргэд нийгмийн даатгал төлөхгүй. Ийм их ядууралтай, ийм их баялагтай гэж яриад байгаа нь энэ. Тэр хэсэг хүмүүс нийгмийн гадна хаягдана. Нийгмийн ямар ч хамгаалалтгүй болно. Нийгэм бараг иргэний дайн шиг байдалд ордог. Америкт өнөөдөр иймэрхүү байдал ажиглагддаг. Баячууд нь ч юм уу, эсвэл өндөр орлоготой хүмүүс ирээдүйгээ маш сайхан баталгаажуулдаг. Өнгөт арьстан юм уу, нийгмийн олонх нь буу барихаас, дээрэм тонуул хийхээс аргагүй байдалд ордог. Нийгмийн ийм тэгш бус байдлаас бид сэргийлж байх ёстой.

Мэдээж энэ заримд нь таалагдахгүй байж магадгүй. Би бол эв санааны тогтолцоонд үнэнч байдаг. Герман өнөөдөр ийм л тогтолцоотой. Герман бусад капиталист орнуудыг бодвол нийгмийн хамгийн тогтвортой, тэгш байдалтай орон. Герман социалист, капиталист хоёр системтэй явж байгаад нийлсэн учраас аль нь зөв бэ гэдгээ тунгааж чаддаг. Би өөрийнхөө байр суурийг хэллээ. Мэдээж хууль олонхын саналаар батлагдана. Миний санал заримд нь таалагдана, заримд нь таалагдахгүй. Би үйлдвэрчнээр хүмүүжсэн хүний хувьд ийм байр суурьтай байна.

-Тэтгэвэр өвлүүлдэг байх тухай монголчууд олон жил ярьсан. Мөрөөдөл шахам болчихоод байгаа энэ зохицуулалт өнөөдөр энэ хуулиар биежих нь үү?

-Биежих байх. Тэтгэврийн 20 хувийг нь өвлүүлнэ гэж орж байгаа.

-20 хувь гэж орж байгаа шалтгаан нь юу вэ. Яагаад 100 хувь өвлөгддөг байж болохгүй гэж?

-Би 20 битгий хэл тэг хувь байх ёстой гэж боддог. Хүмүүст таалагдахгүй байж болно. Өндөр цалинтай хүмүүс, өндөр орлого олдог компанийн эзэд маш өндөр шимтгэл төлнө. Тэр хүмүүс бурхан болохдоо гэр бүлдээ өвлүүлж үлдээнэ. Өнөөдрийн бидний барьж байгаа эв санааны тогтолцооны тухай тайлбарлая л даа. Энэ нийгэм муутай сайнтай байж тэр хүмүүс бизнес хийж баяжиж байгаа. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж байдаг. Тэгвэл эв санааны тогтолцоогоор тэдгээр хүмүүс мөнгөө Нарантуул дээр тэрэг түрж байгаа хүний хүүхдэд тодорхой хэмжээгээр үлдээж байгаа гэсэн санаа. Тэтгэвэр өвлүүлдэг байхыг ард түмэн бүгдээрээ дэмжиж байна. Намайг буруутгах нь хамаагүй. Би үнэнийг ярих ёстой. Орлого өндөртэй цалин авдаг сайд, дарга юм уу, эсвэл УИХ-ын гишүүд байна. Эд бүгдээрээ өндөр цалин авдаг шүү дээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, компанийн эзэд байна. Эдэнд маш ашигтай. Харин бага орлоготой, нийгмийн даатгал төлдөггүй хүмүүст маш хохиролтой.

Одоогийн тогтолцоо бол бололцоотой, бололцоо багатай хүмүүс бүгд хараа бараагаараа нийлж мөнгөө цуглуулж нэг саванд хийж хутгаад ахиу өгсөнд нь арай илүү, бага өгсөнд нь арай бага буюу эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй эв санааны нэгдлээр өгдөг. Гэтэл өвлөгддөг тогтолцоогоор нийгмийн цөөнх болсон маш өндөр орлоготой хүмүүс гэр бүлдээ ахиу мөнгө үлдээнэ. Олонх юу ч үгүй үлдэнэ.

Хоёрдугаарт, маш их маргаан гардаг. Тэр нь АНУ-ын кинон дээр ч гардаг шүү дээ. Филиппин ч гэсэн ийм тогтолцоотой. Өндөр цалинтай өндөр орлоготой хүмүүс 50 гарахын алдад гэр бүл их салдаг. Тэднийг ангуучилдаг бүлэг ч байдаг. Хоёр юм уу гурван хүнтэй амьдарсан хүний тэтгэврийн хуримтлалыг алинд нь яаж хуваах вэ гэдэг асуудал үүсдэг.

Гуравдугаарх шалтгаан нь, хэвтэрт ороод ирэхээр намайг бурхан болохоор чи мөнгийг минь авах гээд яарч байна уу гэдэг адайр ааштай, ууртай болдог. Нийгмийн ийм асуудал их өндрийг авдаг. Энд ёс суртахууны асуудлууд ч үүсдэг. Хууль батлахдаа сөрөг асуудлуудыг маш нарийн судлах ёстой. Насаараа энэ хүний хувцсыг нь угаасан юм чинь тэтгэврээ өгөх ёстой гэж өнгөц харахад зөв юм шиг боловч бас гарч болох үр дагавруудыг нь тооцоолох ёстой. Ингээрэй гэж УИХ-ын гишүүдийг сонгодог. Шинэ хууль батлагдаад 10 жил явсных нь дараа асуудлыг ярих биш. Өвлөгддөг тогтолцоог ихэнх нь дэмжиж байгаа. Би тэр хүмүүст муу хэлүүлэх гэж эсрэг яриагүй. Бодит байгаасай л гэж ярьж байгаа юм.

Нэмж хэлэхэд, 250 жилийн өмнө Испанид маш том үер болж 2000 хүн нас барсан. Тэр үерийн тухай хүмүүс их бичдэг л дээ. Тэр үед сонинд “Үхлийн өмнө би ганцаардаж байна. Бид үхлийн өмнө ганцаардахгүй байж болох уу” гэсэн философийн асуултыг нийгэмд өрнүүлсэн. Ингээд өвчин зовлон, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан үед бүгдээрээ мөнгөө нийлүүлж хүндэрсэн нэгэндээ тусалъя гэдгээр нийтээрээ бие биеийнхээ арыг даая гэсэн санаа гарсан. Амь амиа бодъё гэдэг тогтолцоо руу Чили ороод дампуурч байна.

Зарим хүмүүс иргэд юу хүсч байна тэрийг нь ярьдаг. Би хүмүүсийг мэдлэгтэй байлгахын төлөө үүнийг ярьж байгаа юм. Би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд зургаан жил ажилласан. Тэнд би Засгийн газартай бүтэн хоёр жил заргалдаж, гадаа 13 хоног майхантай сууж жагсаал цуглаан хийсэн. Улстөрчдийн идчихсэн ард түмний мөнгийг буцааж авах гэж зүтгэж байсан. Тэр үед би Германд очиж туршлага хуримтлуулж байсан. Үүнд тулгуурлаж би ярьж байгаа юм. Энэ хуульд мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн сонсох ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэг талаараа ажлын байр бий болгогч, ажилчдад тушаа болох үе байна. Ажил олгогч нэг ажлын байр бий болгосныхоо төлөө 25 хувийн татвар төлдөг учраас цалингаа нэмж чаддаггүй байна. НДШ-ийг бууруулах байдлаар ч юм уу, үүнийг шийдэх ямар нэгэн гарц байна уу?

-Энэ хуульд нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах тухай тусгаагүй. Би ч гэсэн бууруулах хэрэггүй гэж боддог. Учир нь ирээдүйг нь баталгаажуулъя гэвэл шимтгэлийг нь нэмэх л ёстой. НДШ өнөөдөр 20-22 хувь байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл дээр горойхын оронд энэ мөнгийг улстөрчид идчих вий гэдэгт санаа зовох ёстой. Үүн дээр л алдаа гарчихаад байгаа учраас Монголын ард түмэн төлөх ч дургүй байна. Ирээдүйдээ хайргүйдээ биш улстөрчдөд итгэхгүй байгаадаа тэр. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд итгэхгүй байгаадаа тэр. Нийгмийн даатгалын ерөнхий газарт итгэхгүй байна гэсэн үг. Би НДЕГ-ын олон мянган ажилчдыг хүндэлж байна. Гэхдээ улстөрчид иддэг энэ тогтолцоог засах ёстой гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байна.

Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал. Түүнээс биш нийгмийн даатгалын хувь хэмжээг буулгах, босгох нь даатгуулагчийн асуудал. Хамгийн гол нь үүнийг тооцоо хийж байж гаргадаг. Тиймээс тооцоогүйгээр би ч үүнийг ярих эрхгүй.

-Оюу толгой далд уурхайн олборлолт эхэлсэн том мэдээтэйгээр чуулган нээсэн. Далд уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотойгоор таны байр суурийг сонсъё?

-Бид Оюу толгой дээр аймшигтай луйвардуулсан. Аймшигтай хулхидуулсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Баттулга ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа үүнд сэтгэл гаргаж ажилласан. Би хоёр жилийн өмнө талбай дээр өлсгөлөн зарлаж олон улсын шүүхэд Рио Тинтог Монголын Засгийн газар шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж болохгүй. Үүнийгээ дуустал нь үзэх ёстой гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Монголын Засгийн газар уг нэхэмжлэлээ одоо ч татаагүй байгаа. Олон улсын хурал нь явагдаж байгаа гэж үзэж байгаа. Саяхан болсон далд уурхайн нээлттэй холбогдуулж би байр сууриа хэлье. Монголчууд цөлмүүлж, дээрэмдүүлж байгаагаа хөөрцөглөн баярлаж хүлээж авч болохгүй. Хоёрдугаарт, Оюу толгой хэзээ ч хэн нэгэн улстөрчдийн пиарын хэрэгсэл битгий байгаасай. Би сонгуулиар хэзээ ч Оюу толгойн асуудлыг ярьж үзээгүй. Оюу толгойг ярья гэвэл би бараг доромжлуулах гэж ярьдаг байсан. Рио Тинтогийн асар том пиар миний эсрэг 20 жил явсан. Монголчууд, гэрээнд гарын үсэг зурсан Монголын Засгийн газар Оюу толгойд тавих хяналтад анхаараагүй. Товчхондоо алт, зэсийн үнэ өсчихсөн учраас одоо 600 гаруй тэрбум ам.долларын газар доор байгаа монголчуудын өвлөгдөж ирсэн баялгийг Рио Тинто аваад оронд нь олон арван тэрбум ам.долларын өрийг бидэнд өгч байна. Энэ бол цөлмөлт. Энэ бол дээрэм. Далд уурхай, ил уурхай хоёр ойролцоогоор 13.6 тэрбум ам.доллараар боссон. Далд уурхай ашиглалтад орлоо. Тиймээс хамгийн ашигтай ажиллах 12 жил эхэлж байна. Энэ үед бид үр хүүхдэдээ ашиг, үр шим авч чадахгүй бол үндсэндээ нүдний булай ард түмэн гэж хүн төрөлхтөнд цоллуулна. Бид 2037, 2039, зарим тооцооллоор 2041 онд ногдол ашиг авч магадгүй гэж байгаа. Сүүлийн гурван жил ашигтай ажиллана гэж байгаа юм. Энэ бол дээрэм. Сүүлийн гурван жил биднийг зүгээр хаяад явна. Насаараа Монголын төрд ажилласан, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Оюу толгойн УЗ-д олон жил ажиллаж байна. Энэ хүмүүс Монголын эрх ашгийг хамгаалж байгаа дүр үзүүлж харагдах гэж байдаг. Гадныхан “Та нар Монголыг арай л дэндүү дээрэмдчихсэн байна. Рио Тинто та нар ичээч” гэж хэлэхээр “Яалаа гэж. Бид хачин сайхан шударга ажиллаж байгаа. Монголын хамгийн хайртай хүү, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гэж хүн энд байна. Баталгаа нь энэ” гэж хэлэх гэж байлгаж байгаа юм. Ингэж монголчуудыг луйвардаж байгаа юм.

Далд уурхай долоон тэрбум ам.доллараар боссон. Долоон тэрбум ам.доллараар боссоныг Монголын талаас хянасан, шалгасан тогтоосон хүн байгаа юу. 500 сая ам.доллараар босгочихоод долоон тэрбум долларын өрөнд монголчуудыг өртүүлж байгаа юм. Ил, далд уурхайг нэг тэрбум ам.доллоор босгочихоод 13 тэрбум ам.доллараар барьсан гээд 12 тэрбум ам.долларыг аль хэзээний халаасандаа хийчихсэн. Одоо энэ уурхай хэзээ ч ашигтай ажиллахгүй. Олборлосон зэс, алт бүр нь тэр 13 тэрбум ам.долларыг төлөх гэж явж байгаа. Дандаа алдагдалтай гарна. Бидэнд ногдол ашиг хасах. 2004 онд би анх өлсгөлөн зарлаж байсан. Би амьдралынхаа 19 жилд үүнийг ярьж байна. Олон өлсгөлөн зарлалаа. Олон жагсаал хийлээ. Өөр оронд бол ийм том луйвар болж байна гээд нэгээс хоёр удаа хэлэхэд ард түмэн дэрхийтэл босдог. Манайд Рио Тинто олон тэрбум төгрөгийг маркетингийн зардал гэж тавьдаг. Тэр нь зэс, алтаа зарах гээд худалдаж авах хүн олдохгүй маркетинг зар сурталчилгаа хийж байгаа зүйл биш. Энэ аймшигтай гэрээний луйвраа нуухын тулд Монголын ард түмний тархийг угаах гэж үүнийг зарцуулдаг. Энэ болгоны эсрэг мань мэт шиг цөөхөн хүн явах биш, нийт ард түмэн даяараа хөдөлж байгаа. Сэтгүүл зүйн салбарын ажилчид ч дайчин зүтгэж байгаа. Тийм учраас өдий дайтай явж байна. Түүнээс бид Африкийн орон шиг нэг мөсөн цөлмүүлэх байсан. Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа учраас мань мэт нь амьд байдаг байх. Маш том мөнгөний тухай ярьж байна. Монголын улстөрчдийг маш их бохирдуулж, оюун ухааныг нь маш их хордуулж, маш их идэж уусан гэж би боддог.

Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг гурван монгол хүн бий. Батсүх гэж бас нэг Монгол хүн бий. ТУЗ-ын дарга Батсүх Рио Тинтог төлөөлдөг. Тэд бол монголчууд азжаргалтай байгаа гэдгийг олон улсад харуулах гэж байгаа амьгүй хүүхэлдэйнүүд. Тэд жилийн олон мянган ам.доллар аваад сууж байгаа. Тэд Рио Тинтогоос цалингаа авдаг. Эрдэнэс Оюу толгой Монголын Засгийн газраас бус Рио Тинтогоос цалин авдаг. Хэн мөнгөө өгнө, тэр хөгжмөө захиалдаг.

Нэгдүгээрт бид хяналт байхгүй. Биднийг шалгаж байхад 13.6 тэрбум төгрөгийн зардал бол дан ганц эндэх биш Рио Тинтогийн төв оффист байгаа ажилчдын цалин ч орсон гэж гарсан. Энэ их мөнгийг Монголын алт зэсээр төлнө. Энэ өр цааш явна. Хэзээ ч ашигтай болохгүй. Дандаа өртэй явна. Дэндүү их өр тавиад байна гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Учир нь хяналт байхгүй. Гэрээ нь ийм л тэнэг гэрээ.

Хоёрдугаарт, Монголын үр хүүхдүүд үр шимийг нь хүртэх байсан томоохон бүх орд хойшид Оюу толгойн дээрмийн гэрээний шоглоомоор явна. Учир нь хөрөнгө оруулагчид барьцдаг. Яагаад Рио Тинтод ийм давуу эрх өгчихөөд надад ингээд байгаа юм бэ. Тэгвэл би гарлаа гэнэ. Тиймээс одоо бид засахгүй бол үеийн үедээ 100 жилийн дараа ч бидний хүүхдүүдийг яг энэ шоглоомоор дээрэмдэнэ.

Гуравдугаарт, Монголын усыг аймшигтайгаар цөлмөн дээрэмдэж байна. Говь нутаг бол гайхамшигтай. Давтагдашгүй. Гүрбазар гуайн шүлгэнд “Хагасхан өдрийн бороонд хашхирч ургадаг ногоотой говь минь ээ” гэсэн үг байдаг. Говийн ургамал аагим халуунд хөрсөн доороо амьд байдаг болохоос биш цөл биш. Энэ их ургамал газрын гүнээсээ тэжээгдэж байдаг. Газрын гүн дэх Рио Тинто тэр усыг ямар үрэлгэн, ямар хямдхан, ямар дайчин ухаж байна аа. Би говийн усыг битгий ашигла гэж хэлэх гэсэнгүй. Ус бага ашигладаг тоног төхөөрөмж оруулж ирээч гэж шаардаж байгаа юм. Уул уурхайг би зайл гэж хэлсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *