Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэболд: Төрийн өмчит газруудын удирдлагууд хангалттай цалин авч байж 100 саяар нэгнээ урамшуулдаг, шагнадгаа болих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Он шувтарч байна. 126 гишүүнтэй парламент байгуулагдсанаараа өмнөх парламентуудаас юугаараа илүү байх төлөв ажиглагдаж байна. Анхны төсвөө хэлэлцлээ. Төсөвтөө хориг тавиуллаа гээд олон үйл явдал болж өнгөрч байна шүү дээ…?

-Монгол Улсын төрийн дархлаа гэдэг зүйл өөрөө парламент суурьтай байдаг. Тэртээ 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө өнөөгийн нийгмийн суурь тогтолцоонуудыг бид хамтдаа бүтээсэн. Улмаар уг хуульдаа өөрчлөлт оруулж 76 гишүүнээс 126 руу шилжсэн ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийг явууллаа. Ингээд анхны 126 гишүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд 182 хонож байна. Мэдээж олон давуу талыг хэлж болно.

 

Тухайлбал, нэг хүн, нэг намын дангаар ноёрхох эрхийг хүчитгэх биш, эсрэгээрээ монголчуудын хэлдгээр “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал буртаггүй” гэдэг шиг парламентын засаглалаа бэхжүүлж чадсанаараа гол давуу талтай гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

-Яагаад…?

-Монгол Улс дэлхий дээр улс төр, цэрэг арми, эдийн засгийн тоглогч, нөлөө бүхий хоёр улсын дунд оршдог. Хоёр хөршийн засаглалын байдал ч тийм нээлттэй биш. Ийм онцлогтой бүсэд оршиж байгаа учраас монголчуудын хувьд аль болох нэг буюу цөөн хүнээс хамааралтай шийдвэр гаргалт явагдах нь өөрөө маш өндөр эрсдлийг бий болгож байдаг. Тиймээс аль болох олуулаа асуудлаа шийддэг байх нь чухал юм. Энэ бол мэдээж парламентын засаглал. Тэгэхээр парламентын гишүүдийн тоо нэмэгдсэнээрээ хууль тогтоох, хяналт тавих, зөв шийдвэр гаргах чадамж илүү өндөр болох боломжтой. Таны асуусан анхны 126 гишүүнтэй парламент хэрхэн ажиллав гэдэг дээр дүгнэлт хэлэхэд арай эрт байна.

-Та бүхэн анхны төсвөө хэлэлцэж баталлаа. Гэхдээ төсөв батлагдах гэж янз бүрийн шүүмжлэл, маргаан нийгэмд өрнөлөө шүү дээ. Ерөнхийлөгч ч хориг тавьж байж, дараа нь хэлэлцэн баталлаа. Тэгэхээр энэ нь уг парламентын чадамжаас үл хамаарсан асуудал гэж харж байгаа юу?

-Мэдээж парламентын хэлэлцэн батлах ёстой чухал хууль бол жил бүрийн төсөв. Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг УИХ үнэмлэхүй саналаар хүлээж авсан байх. Үүгээр хөрөнгө оруулалтын зардлыг 22 хувиар танаад төсвөө УИХ дахиад баталсан.

-Төсөв хэлэлцэх үед таны байр суурь ер нь ямар байсан юм бэ?

-Миний хувьд анхнаасаа тодорхой байр сууриа илэрхийлж явсан. Төсөв гэдэг маань өөрөө Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрөө дагаж орж ирдэг. Хөгжлийн хөтөлбөр нь нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, бүсчилсэн хөгжил, гуравдугаарт, монгол хүн, дөрөвдүгээрт, монгол хүний эрх чөлөө гэсэн дарааллаар орж ирсэн. Миний хувьд энэхүү хөгжлийн хөтөлбөрийн эрэмбэ өөрөө алдаатай, буруу байна гэдгийг анхнаас нь шүүмжилж, байр сууриа илэрхийлж явсан.

-Яагаад эрэмбэ нь буруу байна гэж…?

-Та харж байгаа бол хөгжлийн хөтөлбөртөө “хүн” гэдэг гол зүйлээ хамгийн сүүлд тавьчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, эхлээд мөнгөтэй болъё, дараа нь хүнээ бодъё гэж байгаа юм. Ийм зарчим байж болохгүй. Эхлээд хүнд ямар асуудал тулгамдаад байна вэ гэдгээ харах шаардлагатай. Энэ эрэмбийг бид нэгдүгээрт тавих ёстой юм. Өнгөрсөн аравдугаар сард УИХ Монгол Улсын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан. Үүнд харин бид тал талаас нь ярьж, ойлголцоод “хүн төвтэй” үзэл баримтлалаа эрэмбийн хувьд нэгдүгээрт нь тавьж чадсан. Тэгэхээр дараа дараагийн жилүүдэд төсвөө батлахдаа хүн төвт шалгуураар төсөв орж ирэх буюу зөв эрэмбээр боловсруулагдан хэлэлцэгдэхээр байгаа. Хүн төв гэдэг бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг зүгээр л тунхаг байхаас илүү шийдвэр гаргалт дээр аливаа зүйл монгол хүндээ чиглэж эхэлж байх ёстой. Хүн төвтэй байх асуудлаар миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх шаардлагатай гэж. Энэхүү үндэслэлээ 15 хуудас бүхий дүгнэлт, тайланг бичиж явуулсан.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг яаж шинэчилье гэж байгаа юм бэ?

-Үндэсний аюулгүй байдал гэдэг бол мөрдөстэй генералуудын нууцын зэрэгтэй хавтсан дотор байдаг, хэн ч үзэж болохгүй асуудал байх нь үеэ өнгөрөөсөн. Монгол хүний эрүүл мэнд, амь нас хаана хохирч байна тэнд үндэсний аюулгүй байдлын бодлого чиглэгдэх ёстой. Өнөөдөр манай улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод, утаан дотор амьдарч байна. Жилдээ олон зуун сая ам.долларын зардал иргэдийн халааснаас гарч байна гэдэг нь өөрөө үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэл болсоор ирлээ. Ер нь монгол хүн байхгүйгээр Монгол Улс байхгүй. Тиймээс л төсөв дээр яах ёстой вэ гэхээр монгол хүнд тулгамдсан асуудал юу байна гэдгийг л эрэмбийн хувьд нэгдүгээрт тавих ёстой учир нь энэ.

-Таны хувьд Хүний эрхийн дэд хороог ахалдаг. Энэ дэд хорооны үйл ажиллагаа яаж явагдаж байна. Нөгөөтэйгүүр хүний эрхийн асуудал манай улсад тулгамдчихаад байгаа шүү дээ. Хаашаа л харна хүний эрх л зөрчигдөж байна. Үүнд та ямар бодолтой байгаа вэ?

-Манай дэд хорооны зүгээс ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх 20 гаруй томоохон ажлыг төлөвлөөд явж байна. Тухайлбал, ирэх оны эхний улирлаас өмнө Өргөдөл, гомдлын тухай хуулийг шинэчлэх гэж байна. Өнөө цагт юм бүхэн цахимжсан. Тиймээс энэхүү хуулиа цахим, дижитал цаг үед нь нийцүүлж шинэчилнэ. Ингэснээр хүний эрхийг хангах том боломж бүрдэнэ гэж харж байгаа. Мөн хүний эрхийн мэдрэмжтэй байх хөтөлбөрийг боловсролын салбарт цахим сургалтуудыг бий болгохоор ажиллаж байна.

-Хүний эрх хаа сайгүй зөрчигдөж байгаа тал дээр ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ. Хүний эрхийн зөрчлийг яаж багасгах вэ?

-Хүний эрх гэдэг зүйлийн эсрэг талд хүнд суртал, авлига байгаа юм. Авлигыг үгүй хийнэ гэдэг хүний эрхийг хамгаална гэсэн үг. Хүний эрхийг дэмжинэ гэдэг бол хууль ёсыг уландаа гишгэдэг, тангаргаа умартсан албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүсийн шунал хүслийг хазаарлана гэсэн үг. Өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд хүмүүсийн хэлдэг нөгөө хонгил угсраад, шүүх, прокурор, АТГ гээд олон газруудад захиалга өгдөг гэдэг хардлага нийгэмд байдаг. Энэ асуудал дээр бодитой дүгнэлт, шалгалтыг хийнэ. Нэмээд шүүхийн тогтолцоо, хууль хэрэгжүүлэх байгууллагууд хэн нэгэн даргын дохио зангаагаас хараат бус байх асуудал дээр тэмцэл өрнүүлж ажиллана. Энэ байр сууриа миний бие УИХ-ын чуулган дээр олон удаа хэлж байгаа. Ингэж байж бид хүний эрхийн нөгөө талд байгаа хүнд суртал, авлигыг бууруулж чадна. Бууруулж, устгаж байж сая хүний эрх бүрэн бүтэн байдлаараа хангагдах учиртай гэж харж байгаа.

-Авлига хамгийн их гардаг газар бол Төрийн өмчит газрууд. Тэгэхээр төрийн өмчийн компаниудад гарч байгаа авлигын асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Үнэхээр энэ бол авлигын үүр, уурхай болсон асуудал. Төрийн өмчит газруудад янз бүрийн шахааны асуудал яригддаг. Энэ утгаараа бид өнгөрсөн наймдугаар сард Эрдэнэт үйлдвэрт очиж ажилласан. Тус үйлдвэр нь 2025 оны нэгдүгээр сараас эхлээд худалдан авах үйл ажиллагаагаа шилэн, ил тод, хиймэл оюун ухаанд суурилж явуулна гэж байна лээ. Энэ утгаараа миний хувьд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу шаардлага хүргүүлсэн. Ямар шаардлага гэхээр, төрийн өмчит 100 гаруй нэгж байна. Эдгээр нэгж, газрууд ирэх оны нэгдүгээр улиралд багтаж мөнгөн урсгалын орсон, гарснаа бүгдийг цахим болго гэдэг шаардлагыг явуулсан. Ингэхгүй л бол аль нэг төрийн өмчит газарт нэг даргын дохиур очдог. Улмаар тэнд хулгай явагддаг, хүнд суртал бий болдог, авлига үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс хэн хохирох вэ гэхээр нөгөө татвар төлөгчид л хохирч үлдэнэ. Татвараа төлж байгаа иргэн хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн үг.

-Таны явуулсан шаардлагын хариу тэгээд ирсэн үү?

-Саяхан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдаар уламжлан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хариу албан бичиг ирсэн. Хариундаа, цахим системийн нэгдсэн журам стандартыг тогтоож, уг үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар ханган ажиллах боломжгүй байна гэсэн. Миний хувьд энэхүү хариултыг нь эрс эсэргүүцэж байгаа юм. Төрийн өмчит газруудын үйл ажиллагаа, функц, зорилго нь өөр өөр байж болно. Гэхдээ орж, гарч байгаа мөнгийг нь ил тод болгох, үүнийг нь нэгдсэн удирдлагаар хангаад цахимжуулж яагаад болохгүй гэж. Цахимжуулчихвал хэнчиг ороод төрийн өмчит газрынхаа нэрийг хийгээд хайхад бүх зардал, орлого нь нээлттэй ил тод байвал авлига, хууль бус зүйлүүд алга болно. Гэтэл яагаад үүнийг хийх боломжгүй гэж. Тиймээс миний хувьд энэхүү шаардлагаа илүү нарийн боловсруулаад явуулах гэж байна.

-Саяхан Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндон 100 сая төгрөгийн урамшуулал, шагнал авлаа гэдэг мэдээлэл нийгмийн шүүмжлэлийг дагуулж байна. Энэ асуудлаар ч та байр сууриа цахимаар илэрхийлсэн харагдсан. Мөн та саяхан тус үйлдвэрт ажилласан гэж байна. Энэ ер нь ямар учиртай урамшуулал юм бэ?

-Ер нь ийм, уул, уурхайн компаниудад, тэр дундаа төрийн өмчит газарт яг тэр хортой, эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байгаа ажилчид өндөр цалин авах хэрэгтэй. Түүнээс илүү, хэт тасарсан өндөр цалинг дарга нар авдаг байж болохгүй. Ер нь бол цалин боломжийн. Ийм хангалттай цалин авч байгаа нөхцөлд 100 сая төгрөгөөр бие, биенээ шагнаж урамшуулах шаардлага угтаа байхгүй л дээ. Тэртэй тэргүй улс даяараа хэмнэх гэж зүтгэж байна. Ер нь эх оронч байна гэдэг бол хэмнэлттэй байхыг л хэлж байгаа. Төсөв, татвар төлөгчийн мөнгөнд л бид хэмнэлттэй хандаж байж, эх оронч гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр дээр болсон 100 сая төгрөгийн урамшуулалтай холбоотой авч, өгч байгаа асуудлыг УИХ-ын гишүүнийхээ хувьд шүүмжилсэн. Үүний дагуу тус үйлдвэрээс надад тодруулга ирсэн байна лээ.

-Ямар тодруулга ирсэн гэж…?

-Өнгөрсөн жил мөн адил 100 сая төгрөг авсан юм билээ. Тиймээс өнгөрсөн жилийнхээ 100 сая төгрөгийг захиран зарцуулсан тайлангаа надад ирүүлсэн. Тайлан дээр нь тэрхүү 100 сая төгрөгөө хүүхэд асрах төв, эмэгтэйчүүд, ахмадууд, залуучуудын байгууллагад хуваарилж өгсөн гэдгээ бичсэн байна лээ. Харин энэ жилийн 100 сая төгрөгөө нийт 7000 орчим ажилчид дундаа сугалаа татуулаад 11 ажилчнаа гадаадад аялуулахаар зарцуулна гэсэн байна. Миний хувьд бодит байдлыг бодитоор нь л хэллээ. Ер нь бол иймэрхүү зүйл төрийн өмчит үйлдвэрүүдэд огт шаардлагагүй юм. Хэрвээ үнэхээр нэгнээ урамшуулах гээд байгаа бол байгууллага дотроо энэ асуудлаа шийдэх хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

One reply on “С.Эрдэнэболд: Төрийн өмчит газруудын удирдлагууд хангалттай цалин авч байж 100 саяар нэгнээ урамшуулдаг, шагнадгаа болих хэрэгтэй DNN.mn”

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хариу албан бичиг ирсэн. Хариундаа, цахим системийн нэгдсэн журам стандартыг тогтоож, уг үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар ханган ажиллах боломжгүй байна гэсэн. Миний хувьд энэхүү хариултыг нь эрс эсэргүүцэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *