Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго Монголын эдийн засгийг аварна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийхээ албанаас бууж бидний хэлдгээр “Ноосоо тушаачихлаа”. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ тал дээр анхаарал хандуулж л байгаа байлгүй дээ. Яг одоо юу хийж байна вэ?

-Ноосоо тушаачихаад “Лааз өшиглөе” гэсэн чинь Улаанбаатарт лааз олдохгүй шахам болчихож. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг ингэж хөгжүүлсэн байна. Хот хөгжинө гэдэг нь хүмүүсийн амьдрал дээшлэхийг хэлдэг. Гэсэн ч хүний амьдралыг хөгжүүлэх дэд бүтцийг нь өнгөрсөн дөрвөн жилд хийчихээд амьжиргааг нь дээшлүүлэх тал дээр анхаарал суларсан нь Ардчилсан намын гол алдаа байлаа.

Монголын улс төр, эдийн засгийг сүүлийн 26 жилд нь дүгнэсэн политэконом талын суурь бүтээл үгүйлэгдэж байсан. Монгол Улсын эдийн засгийг дөрвөн жилийн циклээр боддог биш 26 жилийн эдийн засгийн бодлогын түүхийг судлаад цаашдын хандлагаа тодорхойлон явдаг болох шаардлагатай. Тэр утгаараа судалгааны ном бэлтгээд сууж байна. Манайд дажгүй эдийн засагчид бий. Тэдгээр хүмүүстэйгээ эдийн засгийн “think thank” клуб байгуулдаг юм уу гээд ярилцаж байна. Өөр ч юмгүй шив дээ.

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?

-Гэнэтхэн нэг өдөр тэнгэр дуугарч, аянга бууж, аадар орчихсон юм биш. Ерөнхийдөө эдийн засгийн цаг агаар тааруу байсан нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарч байсан. Монголын эдийн засгийг 2005-2015 он гээд 10 жилээр нь аваад үзэхээр дотоод нийт эрэлт, гадаад эрэлт хоёр ээлжлэн муудсан.

Ялангуяа 2008-2009 оны эдийн засгийн хямралтай жилийн дүр зургийг том утгаар нь харахаар дотоод эрэлтийг нэмж байж бизнесийн амьдралд нөлөөлөн тэр хямралыг даван туулсан. Бид хямралтай байна гээд байгаа. Хямрал гэдэг чинь ДНБ хасах тэмдэгтэй гараад гурваас дээш улирал болсон байх ёстой. Тийм зүйл болоогүй. Гэхдээ төсвийн алдагдал, төлбөрийн балансын ихэр дфицит гурван жилийн өмнөөс төлбөрийн баланс дээр суучихсан байсан. Бид 20 гаруй жил төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадахгүй байна гэж яриа биз дээ. Уялдуулах гол зүйл нь төсвийг алдагдалгүй батлах байлаа. 2005-2015 оны хоорондох 10 жилийн долоод нь төсвийг алдагдалтай баталж ирсэн. Төсөв алдагдалтай баталж байсан жилүүдийг нь аваад үзэхээр дандаа сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилүүд таарч байна. Сонгуулийн бизнесийн циклд ингэж ордог. Үүнийг цааш нь гүнзгийрүүлээд үзэхээр мажоритар байсан уу, жижиг мажоритар байсан уу, холимог байсан уу гээд үзэхээр жижиг мажоритарын үед төсвийн алдагдал улам нэмэгддэг. Учир нь өнөө 76 чинь хөеөгөө зөөдөг хулгана шиг бүгд өөрсдийн тойрог руугаа хөрөнгө оруулалт чирдэг. Төсвийн ажлын хэсгийнхэн Б.Чойжилсүрэн эсвэл Д.Ганхуягийн өрөөнд ч юм уу сууж байгаад лоббигоо хийдэг л байсан шүү дээ. Энэ бол нуугаад байх зүйл биш. Ингээд л төсвийг алдагдалтай баталдаг байхгүй юу. Ноднин төсвөө ядаж хасах нэгтэй, “0” хувийн алдагдалтай баталчихаач гэж их ч хашгирсан даа. Даанч чадаагүй. Үнэнийг хэлэхэд Ардын намаас хашгирсан ганц хүн нь Ч.Хүрэлбаатар. Би тэгэхэд ИЗНН-ын гишүүн байсан. Би эсрэг талд нь сууж байгаад хашгирдаг байлаа. АН-аас хашгирдаг нь А.Бакей. Олонх цөөнхөөс үл хамаараад энэ 76 хулгана чинь хөеөгөө зөөх гэж лоббидсон байхгүй юу. Энэ нь улс төр, эдийн засагт хортой нөлөөлдөг. Тэр дундаа жижиг мажоритараар явуулсан сонгуулийн жилүүдийн төсөв үргэлж муудсан байдаг.

-Сангийн сайдын хэлж байгаагаар маш муу эдийн засаг өвлүүлсэн гээд байгаа юм биш үү?

-Б.Чойжилсүрэн аймаар эдийн засаг өвлүүлчихлээ гээд яриад байна. Эдийн засаг муудаад байхад бүгдээрээ л хамт байсан. 2012 оны супер цикл буураад эхлэхэд бондономикс граффик ид хүчээ авч дээшээ явж байхад өрхийн бодит орлого найман улирал дараалан унасан. АН-ынхан 2014 онд үүнийг хараагүй байж болох ч 2015 онд үүнийг харж, анзаарч болох байлаа. Өрхийн орлого багасч байсан үед хүртээмжтэй санхүүжилтын орчныг бий болгохын тулд 2015 оны эхнээс “Сайн” хөтөлбөрүүдийг явуулсан бол өнөөдөр ард түмэн үр дүнг нь мэдэрчихсэн АН ялагчийн байр сууринд суух байв. Эдийн засгийн гол шалтгаан нь энэ.

Төсвийн алдагдал руугаа эргээд оръё. 2012-2016 оны төсвүүд яаж батлагдаж ирсэн юм. Сангийн яам эхлээд төсвөө оруулж ирдэг. Орж ирсэн төсвийг нь УИХ-ын гишүүд эвдэж, манай суманд тийм ч цэцэрлэг, сургууль алга гээд эхэлдэг. Өнгөрсөн дөрвөн жилийг харж байхад сургууль, цэцэрлэг, батлан хамгаалахын төсвийг хөнддөггүй байсан. Эдийн засаг өөрөө өрхийн, бизнесийн эдийн засаг гэсэн хоёр баганатай. 2014 оны эхний улирлаас хоёр баганын бодит орлого муудаж, компаниуд зомби хэлбэрт орсон. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж буй талаарх тоон мэдээлэл статистикаар гарч байсан ч тоолгүй явж ирсэн. Өрхийн орлогыг нэрлэсэн орлогоор нь бүлэглэхэд 2016 онд Их хурал дээр анх удаа сонсож байгаа юм шиг сүржигнэж, “Монгол Улс нэлэнхүйдээ ядуурсан байна” гэж эдийн засгийн маш муу ойлголттой хүмүүс ярьж эхэлсэн. Сөрөг хүчин үүнийг маш сайн ашигласан. 2012-2016 оны хооронд бид Өрийн удирдлагын тухай хуулиа баталсан. Уг хуулийнхаа дагуу улсын өрийг улиралдаа нэг нийтэд мэдээлж байх ёстой байсан ч тэгээгүй. Монгол Улс гурван жил мөнгөний бодлогоо дэлхийн жишгийн дагуу явуулсан. “Одоо ямар алдаа гарсан юм бэ” гэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан” гэдэг. Үнэ тогтворжуулчихаар алдаа гардаг юм уу. Нийт бизнест боломж олгоогүй тодорхой компаниудыг сонгож авсан, тэр нь ил тод биш байсан ч гэдэг юм уу алдаа бий. Улс төр талаас нь тоглох зүйл байсан ч нийлүүлэлтийн гаралтай инфляцийг нэг хувь болгож өгсөн. Монгол Улсын инфляци нийлүүлэлтийн шокоос хамаардаг. Одоо нийлүүлэлтийн шок болохгүй байгаа биз дээ. Манайд одоо дизинфляци гэдэг процесс явж байна. Энэ нь эдийн засаг өсөлт, инфляцийн өсөлт хоёр зэрэг уруудахыг хэлж байгаа юм. Үүнийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол дифляци руу орох аюултай.

Улс орны Төв банк болгон нөөцийг удирддаг. Валютын нөөц багатай Монгол Улс болон нэлээд олон орнууд “гросс” нөөцөө зарладаг ч “нет” нөөцөө зарладаггүй. Гросс, нет хоёрын болон нийт болон цэвэр нөөц хоёрын хоорондох зөрүү нь үндсэндээ своп юм. Своп гэдэг нь хоёр Төв банкны хооронд хийгдэж буй хэлцэл. Монгол Улс валютын нөөц багатай орон. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх, нөөцтэй байхын зорилго нь валютын ханшийн хэт их хэлбэлзэл гарахаас болгоомжлох болон өрийн төлбөр хийх юм. Эдийн засгийн энгийн зүйлсийг манайхан ярихгүй хамаагүй зүйл ярьцгаадаг. Жижиг эдийн засагтай, зах зээл дээрх оролцогчдод нь сөрөг хүлээлт давамгайлж байдаг оронд валютын ханш, төсвийн алдагдал зэргээ хамаагүй зарлаад байвал хүлээлтийг өдөөчихдөг. Үүнээс улбаалан дамаар буюу чихнээс чихэнд сургаар өдөөгдсөн эрэлт огцом нэмэгддэг. Манайд ийм зүйл болж л байсан. Ерөнхий сайд байсан нэгэн нөхөр ам.доллар 1400 төгрөгт хүрнэ гээд хэлчихсэн чинь л хүлээлт үүсээд ханш нэмэгдээд явсан. Ханш хөөргөдөх ийм зүйлийг хийж болдоггүй юм. УИХ-ын гишүүдийн амнаас гарсан хий бүхэн нийтэд хүрэхдээ хүчтэй хийгээд эмзэг тусдаг. Тухайлбал, би гэхэд чуулганд хожигдож очоод “Угаасаа хожигддог” гээд хэлчихсэн чинь хүмүүст хүчтэй туссан. Жирийн иргэн “Би угаасаа хожигддог” гээд хэлчихсэн бол өөр хэрэг. “Дэмбэрэл стайл” гэж хүртэл бий болоо биз дээ.

-Монгол төгрөг улам хүчгүй болж байна. Яах ёстой юм бэ?

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг унагалаа гэж байна. Монголбанкны тухай хуулинд “Монголбанкны үндсэн зорилго нь үндсэн мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гээд заагаад өгчихсөн. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь төгрөгийн гадаад, дотоод үнэ цэнээр илэрхийлэгддэг. Инфляцийг нам дор түвшинд байлгаж байж дотоод үнэ цэнэ бий болдог. Төгрөгийнхөө худалдан авах чадварыг хадгалж, иргэдэд инфляцийн дарамт бий болгохгүй байх ёстой. Нөгөө талдаа гадаад мөнгөн тэмдэгт дотоодын мөнгөн тэмдэгттэй солигдох харьцаа буюу валютын ханш маш чухал. 1990 оны үед валютын дэглэмтэй улс орнууд зөндөө байсан. Монгол Улс валютын чөлөөтэй хөвөх дэглэмтэй гээд олон улсын валютын сан, манай хуулинд бий. Хүмүүс валютын ханш ямар түвшинд байвал зохилтой вэ гээд асуугаад байна. Заавал нэг тоо хэлэх шаардлагагүй. Харин ганцхан түвшинд л хар. Валютын ханш инфляцийг хөөрөгдөхгүй байх түвшинд байх ёстой. Онолын хувьд боломжгүй гурвалжин гээд нэг зүйл байдаг юм. Ялангуяа валютын ханш, мөнгөний бодлого ярьдаг хүмүүс ганц удаа уншчихад гэмгүй. Ардын намын мөрийн хөтөлбөрт өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн байсан. Үүнийгээ хийх ёстой.

-Мөрийн хөтөлбөр биелэхэд хүнд боллоо шүү гэдгээ л цочир мэдэгдэл хийхдээ хавчуулаад хэлчихсэн юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Мөрийн хөтөлбөр бол мөрийн хөтөлбөр. Ялангуяа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн дарамтыг хөнгөвчилөх тал дээрээ анхаарах ёстой. Өмнөх Их хурлаар Зөвшөөрлийн хууль гэж орж ирээд хэд хэд буцсан даа. Одоо тэр хуулиа бушуухан батлах хэрэгтэй. Мөнгийг нь өгч чаддаггүй юмаа гэхэд хүнд сурталаа багасгачих. Жижиг гуанз нээх гэж байгаа хүмүүс зөвшөөрөл авах гэж маш их явж байна. Явж явж нээчихээр нь бөөн хяналт шалгалтаар дарамталдаг. Уг нь Хяналтын тухай хуулийг батлах гэж байсан ч улс төржсөөр байгаад буцаагаа биз дээ. Одоо энэ мэтчилэн бэлэн хуулиуд байхад батлаад явах хэрэгтэй. Өмнөх парламентын хамгийн сүүлийн чуулган дээр би “Бид татварын орчноо сайжруулж чадсангүй шүү” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хуулийн төслөө Их хурлын даргад өгдөг бол би Ч.Сайханбилэгт Татварын ерөнхий хуулийг бүгдийг нь бэлэн болгочихоод өргөн барьсан. Тэр хууль бэлэн бий. Хуулиа баталчихвал татварын орчин сайжрах боломжтой. Эдийн засгийн өсөлт уруудаж, төсвийн орлого муудаж байгаа үед сууриа нэмэгдүүлье гэвэл бүх татваруудаа жигд буулгах хэрэгтэй. Ардчилсан нам дөрөв арвын бодлого хэрэгжүүлж байсан бол Ардын нам дөрөв наймын бодлого хэрэгжүүл л дээ.

-Одоо 76 гишүүн байгаа юм чинь төсөв бас л эргэлзээтэй, тасрах нь тодорхой болох нь ээ?

-Бид 10 гаруй жил төсвийн тогтвортой байдлаа хадгалж чадсангүй. Одоо дахиад л үргэлжилнэ. Их хуралд 76 гишүүн байна. Нутаг нутаг руугаа юм зөөхийг бодно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруул. Бид Чилийн туршлагаас нэг зүйлийг орхисон юм билээ. Чилийн төсөв орж ирэхдээ хөндлөнгийн экспертүүдийн гараар ордог. Тэдний гараар орсон зүйлийг гишүүд нь хөнддөггүй. Энэ бүхнийг хуульчилж өгөөд шинээр батал. Үүний дараа харин төсөв томоотой болж болно. Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго чинь дараагийн дөрвөн жилд Монголын эдийн засгийг аварна шүү.

Нөгөө талаас төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа үзүүлэлт нь юу байгаа юм. Ингээд тооцоод үзэхээр маш бага байдаг байхгүй юу. Муу сайн ч гэсэн өндөр хүүтэй зээлээрээ л эдийн засгийн өсөлт чинь явж байна. Дараагийн дөрвөн жилд хүртээмжтэй санхүүжилтыг үргэлжлүүлэх шаардлагатай шүү. Ардын намынхан АН-ынхны ажлыг үргэлжлүүлэхгүй гэж байгаа бол нэрийг нь өөрчлөөд явуул. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” гээд явуулж болохгүй байгаа бол “МАНай малчин”, “МАНай оюутан”, “МАНай хашаа” гээд МАН гэдэг үгээ оруулаад яв л даа. Иргэдэд дэм болж байсан юм шүү. Энэ нь төсөвтэй хамааралгүй явж байсан зүйл. АН-ын хэрэгжүүлж байсан сайн зүйлийг нь аваад муу зүйлийг нь зас л даа. Ардын намын мөрийн хөтөлбөр дээр тэтгэврийн зээлийн хүүг багасгана гэсэн байгаа. Өнөөдөр 210 мянган хүн тэтгэврийн, 265 мянган хүн цалингийн зээлтэй гэдгийг сонгуульд өрсөлдсөн бүх хүн мэдэж байгаа. Иргэд чинь тэтгэврийн, цалингийн, бизнесийн, хадгаламж барьцаалсан, хэрэглээний зээлийн өрөнд баригдчихсан. Өрийн дарамт 40-60 хувь.

Бид 2030 он гэхэд ядуурлыг “0” болгоно гээд Тогтвортой хөгжлийн зорилтдоо суулгаад, баталчихсан. 2016-2020 оны хооронд эхний шавыг нь тавих хэрэгтэй. Энэ дөрвөн жилд хэрэлдэлгүй, давуу талаа ашиглах боломж МАН-д бий. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро хийгээд өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг дээр С.Дэмбэрэл гэдэг хүнийг ашиглана гэвэл надаас ирж зөвлөгөө аваарай. Би тоог нь гаргаж ирээд цаашид хийх зүйлийг нь хэлээд өгнө. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гараад ирэнгүүт нь би шүүмжлэхгүй, санаанууд хэлж өгнө.

-Улсын гадаад өрийн хувьд хязгаартаа тулсан гэж нэг хэсэг ярьсан. Шинэ Засгийн газар зээл авах ч юм уу, бонд босгох ямар нэгэн арга хайгаад байх шиг санагдах юм?

-Улсын гадаад өрийн хувьд өрийг өрөөр дарна. Өөр арга байхгүй. Бонд босгож болно. Гэхдээ өмнөх шигээ таатай нөхцөл олдохгүй. Манайхан Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголоор дамжуулсангүй гэж загнадаг. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчтэйгээ хамт сууж байгаад Оюу толгойн удирдлагуудтай уулзаад “Танай борлуулалтын тодорхой хэмжээний орлогыг манай Төв банкинд тусдаа данс нээж байршуулъя. Эхний шаардлагаар чинь гаргаж өгнө” гээд ярих шаардлагатай. Валютын нөөц бага байгаа үед түүнийг нь хэрэглээд явах нь зөв. Таван толгой, Оюу толгой гээд өнгөрсөн дөрвөн жилд гацсан томоохон төслүүд одоо явах байлгүй дээ. Темасек энэ тэр гээд янз бүрийн юм яриад байх шаардлага ч байхгүй. Таван толгойгоо Алунгоо эхийн таван сум гэдэг шиг багцалж байгаад таван консерциумд өгч төр бизнес хийхээ боль. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дотор төр бизнес хийхгүй гэдэг заалтыг нь би гараараа бичиж оруулсан.

Өмнө нь би танай сонинд ярилцлага өгөхдөө алтан хувьцаа гэдэг зүйл ярьж байсан даа. 1980-аад оны үед Теттчер Ерөнхий сайд байхдаа Англид хувьчлалыг амжилттай зохион байгуулсан нь үүнтэй холбоотой. Алтан хувьцаа гэдэг бол хориг тавих хэрэгтэй нэг ширхэг хувьцаа юм. Манайх шиг 34 хувь энэ тэр гэх шаардлагагүй. МАН ирэх дөрвөн жилдээ бидний хийж чадаагүй зүйлсийг хийх хэрэгтэй.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг өнөөдөр мөн үү. Сангийн сайдын мэдээлэл үүнээс өөр зам байхгүй байгааг хэлээд өгсөн л дөө?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг чинь мөнгөний бодлогоо эрс хумьж, хатуу мөнгөний бодлоготой болно. Манай орны хувьд төсвийн сахилга баттай болох нь зөв. Харин хатуу мөнгөний бодлого гэдэг дээр нь би эргэлзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жил дараалан мөнгөний нийлүүлэлт хасах гарлаа. 2009 оны хямралаас мөнгөний нийлүүлэлтийг нэмж гарсан. Эдийн засгийг хэтэрхий их хумьж болохгүй, мөнгө хэрэгтэй байна, цусны эргэлт буурсан байна гэж ярьдаг байсан даа. Тэр хэвээрээ байгаа. Одоо бизнес рүүгээ хандсан зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудыг ашиглах шаардлагатай. Бизнесийн, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул. Мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруул. Гэхдээ хатуу биш. “Стэнд бай” хөтөлбөрөөс гадна хөгжиж байгаа орон болон өндөр зээлтэй орнуудад зориулсан олон хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ бүх хөтөлбөрүүдийн нийтлэг үндэслэл нь “Танай орны мөнгөний бодлогыг чангална” л гэсэн байдаг юм. Бид уламжлалт бус мөнгөний бодлогыг Их хурлаар баталсан. Нэг гараараа кноп дарж баталчихаад нөгөө гараараа үнэ тогтворжуулах хөтөлбөр, моргейжийг нухчих гээд байдаг. Манайхан ярьж байгаа зүйлээ зөв ярих нь чухал.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихаар моргейжээс эхлээд ард түмэнд хэрэгтэй олон төсөл хөтөлбөр зогсох нь гэсэн айдас нийгэмд бий болчихсон байна. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Чи байранд амьдардаг уу. Танай найзууд дотор ипотекийн зээлтэй хэчнээн хүн байна.

-Гэрт амьдарч байгаа. Би урьдчилгаагаа бүрдүүлэх гээд л явж байна. Харин 20 гаруй найз маань ипотект хамрагдсан…

-Та яаж ийж байгаад урьдчилгаагаа бүрдүүлнэ дээ. Залуу хүн тийм байх ёстой. LTV буюу зээлийг байрныхаа үнэ цэнд харьцуулсан харьцаа манайд 30 хувь байгаа. Монгол хүний дундаж наслалт 65. Ипотекийн зээлийг хэн авч байна гээд нас, орлого талаас нь авч үзэхээр 25-44 насны идэр үеийнхэн олонх нь байна. Орлогын хувьд нэг сая төгрөгөөс дээш байх шаардлагатай. Намайг залуу байхад ипотек гэж байсангүй. Аав, ээжээрээ яаж ийж байгаад байр авахуулдаг байсан. Орон сууц гэдэг бол залуучуудын амьдралын хэрэгцээ байхгүй юу. Ийм байхад ипотек яахаараа буруу байдаг юм. Тиймээс ипотекийг үргэлжлүүлэх нь зөв. 5-8 хувь гэхээсээ илүү залуучуудын орлоготой нь уялдуулан янз бүрийн хөшүүргүүдийг нэвтрүүлж болно. Үүнийг МАН-ын Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн хоёр тоон дээр эргэлддэгээ боль. Сонгуулиар явж байхдаа цэргийнхэнтэй уулзсан. Офицеруудын дийлэнх нь байргүй байна. Тэдний орлого бол тогтвортой байдаг. Цол дагаад цалин нэмэгддэг. Тэнд байнгын орлоготой хүмүүс байгаа юм чинь “Армийн ипотек” гэдэг зүйлийг бий болго гэж хэлмээр байна. Үүнийг цэргийнхэн маш сайхан хүлээж авсан. Б.Бат-Эрдэнэ сайд гуай нь өөрөө байртай, бага тушаалын офицерууд нь байргүй байж болохгүй л дээ. Цэргүүдээр хямд үнэтэй барилга бариулж тэндээ ипотек хэрэгжүүлээд яв. Армийн офицеруудын орлого бол хамгийн найдвартай. Ингэж чадвал тэдэнд ямар том дэм болох бол. Үүнийгээ салбарын сайд нь Монголбанк, МИК-тай ярь. Энэ мэтчилэн янз бүрийн ипотек хэрэгжүүл. Моргейж цаашаа үргэлжилэх ёстой. Ард түмэн орон сууцаар цангаж байна.

-Зээлийн хүү буурах ганц боломж нь гадны банк орж ирэх гэж ярих болж. Ялангуяа Bank of China орж ирэх сураг байна?

-Хоёр жилийн өмнө Эдийн засгийн хүндрэлээс гарах УИХ-ын тогтоолын төсөл гаргахад ажлын хэсэгт нь би, Д.Зоригт гэх мэт гишүүд байсан. Яг энэ асуудлыг яриад Монголбанкнаас лавлагаа аваад явсан. Шаардлага дээр нь дэлхийн топ 100 банкны нэг байх ёстой гээд байж л байлаа. Япон, Хятадын гэхчилэн хэд хэдэн банк орж ирэх хүсэлтэй байсны нэг нь Bank of China. Хэрэгтэй зүйл байна гээд ажил хэрэг болгох гэтэл гэнэтхэн л “Bank of China-ийн лоббид орсон байна. Эх орноо худалдах гэж байна” гээд хэвлэлээр эсэргүүцээд унаа биз дээ. Арилжааны банкныхан чинь Их хурлын гишүүдийн өрөө бүхнээр яваа биз дээ. Гэтэл сүүлийн хэд хоног сонин уншаад байсан чинь банкууд өөрсдөө “Bank of China”-тай гэрээ хэлэлцээ хийгээд эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө гадаадын ямар ч банк жижиглэнгийн зээл олгохгүй. Зөвхөн бөөний хэлбэрийн зээлийг хязгаарлагдмал хүрээнд банкны зах зээлд оролцоно. Монголын банкуудад бага хүүтэй зээл өгөөд явна гээд хямд эх үүсвэртэй зээл л гэж бид харж байсан. Одоо л үүнийг ярьж байгаа юм байна. Сингапурт маш олон банк байдаг. Манай орны банкуудын өмчлөлийн бүтцийг аваад үзэхээр ХААН банкийг нэг япон хүн эрхийг нь эзэмшлээ гээд ямар муу юм болсон юм. Манай банкуудын зээлийн хүү буурахгүй байна гэхээр эх үүсвэрийн зээлийн хүү буурахгүй байна гэдэг. Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хүрэхгүй хувь нь 58 хувийг эзэлдэг. Энэ бол манай хуримтлалгүй эдийн засгийн л бүтэц. Төвбанк нь хадгаламжийн хүүг бууруулах замыг захиргааны бус эдийн засгийн аргаар хийх санаачилгыг гаргах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *