Categories
мэдээ цаг-үе

С.Дарамсүрэн: Монгол бөхийн дархан аваргууд маань маргаанд оролцож тэмцэлдэж байгаа нь харамсалтай

Бөх судлаач С.Дарамсүрэнтэй ярилцлаа.


-Та хэдий үеэс үндэсний бөхийг сонирхож эхэлсэн бэ?

-Арван жилийн сурагч байхдаа Баянхонгор аймагт зохиогдсон барилдаануудыг алгасалгүй үздэг байсан. Зурагтаар бол наадмын сорилго барилдаануудыг үзэх дуртай. Бөхчүүдийн бэлтгэл нь жигдэрсэн байдаг учраас өрсөлдөөнтэй гал гарсан барилдаанууд олон гардаг байлаа. Дархан аварга Б.Бат-Эрдэнийн нягт барилдааныг нь биширнэ. Мөн зургаан залуу зааны өрсөлдөөнийг их сонирхож хардаг байлаа.

-Бөхийн спортоор хичээллэж байв уу?

-Өсвөр насандаа барилддаг байсан шүү. Аймгийн аварга шалгаруулах барилдаанд хоёр удаа түрүүлж алтан медаль зүүсэн. Харин 1999 онд хүнд бэртэл аваад хичээллэхээ больсон. Ингэлээ гээд бөхийн спортоос холдолгүй дэмжигч болсон доо. Бөхийн барилдааны тааварт алгасалгүй оролцоно. “Хүмүүс” сониноос зарладаг байсан тааврын ялагчаар тодорч бүтэн улирал үнэгүй захиалж унших эрхээр шагнуулж байсан. Тухайн үед ч бөхийн барилдааныг тааварлах их амархан байжээ. Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ гээд л зургаан залуу заанаас бэлтгэл сайтай байгаа хоёрынх нь нэрийг бичээд өгчихөд таадаг байлаа шүү дээ. 2003 онд хотод оюутан болж ирээд Үндэсний их баяр наадам, Цагаан сар, Улс тунхагласны баярт зориулсан барилдаануудыг алгасалгүй үзэж өнөөдөртэй золгож байна.

-Таны хувьд дан ганц бөх үзээд явалгүй, бөхийн төлөө их зүйл хийжээ. Монгол бөхийн өргөөнд болсон барилдаан дээр хөлийн цэцээр сууж байсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Би өөрөө мэдээлэл технололгийн инженер хүн л дээ. Дараа нь магистрт сурч байхдаа монгол бөхийн дүрэм журам, гол хийдэг мэх зэргийг нь гүнзгий судалсан. Энэ дээрээ тулгуурлаж Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдэд өөрийн санал шүүмжээ хэлнэ. Нэг удаа “Та нар маргаантай барилдааныг буруу шийдэж байна” гээд Р.Нямдорж тэргүүн дээр яваад очтол “Чи өөрөө шүү, хөлийн цэц хий. Бодит байдалтай танилц” гэж хэлээд би 2011 оны арванхоёрдугаар сард Ардчиллын ойн барилдаанд хөлийн цэцээр ажилласан. Тэр өдөр нутгийн арслан Б.Эрдэнэхүү маань түрүүлж намайг баярлуулж байсан даа. Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон цагаас хойш улс аймгийн цолтнуудын барилдаанд Баянхонгорын бөх түрүүлсэн ганц тохиолдол нь тэр.

-Монгол эрчүүдийн шимтэж үздэг үндэсний бөхийн барилдаан бөхийн өргөөний төлөөх тэмцлээс шалтгаалж зохиогдсонгүй. Үндэсний их баяр наадам өдөр хоногоор ойртож буй энэ өдрүүдэд барилдаанууд цуцлагдаж байгаад бөхчүүд гомдолтой байгаа талаараа ярьж байсан. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Үзэгч хүний хувьд харахад гээндээ ч бий гоондоо ч байгаа. Монгол бөхийн төлөө биш “Монгол бөхийн өргөө” гэж барилгын төлөө тэмцэлдээд байгаа юм шиг. Нэг тал шүүхээр яваад гурван шатны шүүхэд ялалт байгуулчихсан. Нөгөө талыг нь масс дэмжээд байдаг. Ингээд л маргалдаж байгаа юм л даа. Үүнд монгол бөхийн ноён оргил болсон дархан аваргууд оролцож өөр хоорондоо тэмцэлдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ бусармаг явдлаараа бөх сонирхогчдыг хохироож байна шүү дээ. Бид бөхөө үзмээр байна.

-Таны харж буйгаар энэ асуудлын гарц гаргалгаа нь юу вэ?

-Талууд хэн хэндээ хүлээцтэй хандаж зөвшилцөх хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шүү дээ. Ид барилдаж байгаа бөхчүүдээ бодох хэрэгтэй. Үндэсний их баяр наадам хаяанд ирээд байхад хэрүүл уруул хийгээд өргөөгөө лацдуулчихаад байж яавч тохирохгүй.

-“Их эе” ирэх сарын 5-нд дахин хуралдахаар тов гарч байна. Энэ “Их эе”-ээс ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнд нэр дэвшиж байгаа хүн маань дөрвөн жилийн хугацаанд хийх мөрийн хөтөлбөрөө таницуулж байвал зүгээр санагдах юм. Юу хийж, яах нь мэдэгдэхгүй хүн Бөхийн холбоог удирдаж болохгүй санагдах юм. Бөхчүүд маань тэргүүнийхээ мөрийн хөтөлбөртэй танилцаад өөрсдийнхөө эрх ашигт тохирсон, нийцсэнийг нь сонгож байх хэрэгтэй.

-Та өнгөрсөн жил баяр наадмын үндэс-ний бөхийн барилдааны допингийн шинжилгээний хөндлөнгийн ажиглагчаар сонгогдож ажилласан. Энэ их хаалттай сэдэв шүү дээ. Мэдээлэл өгөхгүй юу?

-Бөх сонирхогчид допингийн шинжилгээ шударга явагддаг тал дээр их эргэлздэг л дээ. Энэ хардлага, хүмүүсийн эргэлзээг тайлах үүднээс допингийн шинжилгээ авахад хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Улмаар улсын харцага О.Хангай, М.Бадарч, Д.Тамир, Г.Ганжад тэргүүтэй 12 бөхийн допингийн шинжилгээ өгөх үйл явцыг яг хажуунаас нь ажигласан. Ямар нэгэн зөрчил илрээгүй. Харин допингийн шинжилгээ авч буй хоёр эмчийн нэг нь бөхчүүдийн шээхийг харж буй ажиглагчтайгаа садан төрлийн хүмүүс байсан нь сэжигтэй санагдсан. Ийм чухал хариуцлагатай ажилд садан төрлүүд байж болохгүй биз дээ.

Энэ талаар допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Сүхбатад мэдэгдсэн ч “Шалгаж үзнэ” гэж хэлээд л таг болсон.

-Сая баяр наадмын бус үеийн допингийн шинжилгээгээр сумын заанаас хүртэл допинг илэрч байх юм. Энэ нь допинг гэх хортой зүйл монгол бөхөд газар авсныг харуулж байх шиг. Энэ талаар таны бодол?

-Хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол энэ. Шинээр гарч ирж ажиллах бөхийн холбоо энэ тал дээр анхаарч ажиллах болов уу гэж харж байна. Энэ чинь бизнес болчихсон байна л даа. Допингийн төрлийн бодис оруулж ирж зарж борлуулдаг сүлжээ хүртэл байгаад байна. Энэ бусармаг ажилд нэн даруй цэг тавих ёстой. Нөхөн үржихүйн насан дээр яваа хамаг сайхан залуучууд маань биеэ хордуулж дууслаа шүү дээ. Бөхчүүд маань 35 наснаас цааш амьдрал байгаа гэдгийг ухаарч энэ хортой зүйлээс татгалзаасай гэж хүсч байна. Бөхийн удам дагаж хүү нь барилддаг сайхан уламжлал алга болох аюул нүүрлээд байна. Энэ дээр өөр нэг ойлгогдохгүй асуудал байгаа нь сэргээш илэрсэн бөхчүүдийн хүлээх шийтгэл нь харилцан адилгүй байгаа явдал. Зарим нь зургаахан сар эрхээ хасуулаад барилдаж байхад зарим нь цолоо хураалгаж байж болохгүй биз дээ. Хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх ёстой. Нэг бол бүгдийнх нь цолыг хураагаад, үгүй бол нэг удаа өршөөл үзүүлээд энэ асуудлыг цэгцэлчих хэрэгтэй. Хамгийн анх шинжилгээнд бүдэрч байсан дархан аварга А.Сүхбат ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй бол Б.Суманчулуун, Н.Адьяабат, Б.Ганзориг нар цолоо хураалгасан байх жишээтэй.

-Баяр наадмын цол олгох тухай хуульд ганц нэг цоорхой байдаг талаар бөхийн хүрээнийхэн ярилцдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манай үндэсний бөхийн давуу тал нь тусгаар тогтнол эв найрамдлыг бэлгэдэж байдаг учраас өөрийн гэсэн бие даасан хуультай. Энэ хуульд шинэчлэх шаардлагатай хэд хэдэн заалт байгаа. Үндэсний бөхийн дүрэмд баяр наадмын таваас дээш даваа болгон цолтой байх, амжилтаар нь эрэмбэлэх гэж хоёр гол заалт бий. Энэ нь баяр наадамд 1024 бөх барилдахад арслан, аварга цолтнууд дээр зөрчилдөөд байна л даа. Өөрөөр хэлбэл, 1024 бөх барилдахад арслан цолтой бөх ес давахад үнэлэхгүй болчихсон.

Харин арслангаас доош цолтон ес давахад шууд арслан цол авч байгаа юм. Өндөр даваанд очсон арслан цолтон өөрийгөө дайчилж барилдах хөшүүрэггүй болж байгаа учраас найраа хийх магадлалыг өндөрсгөж байна. Улсын арслан цолтой бөх ес давахад давааг нь үнэлэхгүй юм чинь арслан цолны төлөө барилдаж байгаа бага цолтонд бууж өгч болно шүү дээ. Үүн дээр нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Өөр нэг асуудалтай зүйл нь аймгийн засаг дарга нар дур мэдэж тойргийн цол олгож байгаа явдал. Хуулинд зөвхөн баяр наадмаар цол олгох заалт байсаар байхад тусдаа тойргийн барилдаан хийж цол олгож олон наадам будилуулсан. Жишээ нь, бөхийн өргөөнд сумын заан цолтой гардаг бөх аймгийнхаа наадамд аймгийн харцага цолтой барилдаад арслан болчихож байгаа юм. Өнгөрсөн жилээс аймгуудын засаг дарга нар тойргийн цолоор барилдуулахгүй байх шаардлага хүргүүлснээр энэ асуудал гайгүй цэгцэрсэн. Ганц Увс аймаг л тойргийн цолоор барилдуулж дүрэм зөрчсөн. Энэ асуудал дээр МҮБХ-ны удирдлагууд хүлээцтэй хандаж, бөхчүүдийнх нь цолыг олгосон байна лээ.

-Үндэсний бөхийн үзэгчдийг цөөрүүлж байгаа, үнэгүйдүүлж байгаа нэг бусармаг зүйл нь цолны найраа. Өнөөдөр аварга, арслангууд маань аймгийн наадамд очиж найраа хийж байгаа харагдах юм. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ та?

-Миний хамгийн эмзэглэж явдаг зүйл л дээ. Аварга арслангууд манлайлсан аймгийн наадамд залуухан хүүхдүүд түрүүлж үзүүрлэж байгаа тохиолдол олон ажиглагдах болсон. Нөгөө монголчуудын хайртай аварга арслангууд маань амны хүүхдүүддээ өнхрөөд өгдөг. Энэ бусармаг явдлыг зогсоохын тулд аймгууд наадмаа долдугаар сарын 10,11-ний өдрүүдэд нэгэн зэрэг хийж байвал зүгээр санагддаг. Мэдээж улсын том цолтнууд нь үндэсний баяр наадамдаа зодоглох учраас аймгийн наадамд очиж найраа хийхгүй шүү дээ.

Баяр наадмын тухай хуульд ч аймгууд наадмаа долдугаар сарын 10-15-ны хооронд тэмдэглэнэ гэсэн тодорхой заалт байдаг. Үүнийг л мөрдөх хэрэгтэй. Өнөөдөр энэ хуулийг хэрэгжүүлж байгаа аймаг орон нутаг цөөхөн байна. Мөн зарим нэг газар наадмаа хаалттай хийнэ, гадны бөх барилдуулахгүй гэж байгаа нь сонсогдох юм. Ингэж болохгүй шүү дээ. Монгол бөхчүүд Монголдоо хаана ч барилдаж болно. Хүний эрхийг ингэж бүдүүлгээр зөрчиж яавч болохгүй.

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *